Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд суух сандалгүй, бороо цаснаар хамгаалах саравчгүй байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хотын стандарт" нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Энэ үеэр нийтийн тээвэрт мөрдөх стандарт болон үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Нийтийн тээврийн зогсоол болон үйлчилгээний стандарт шинэчлэгдсэн. Уг стандартын дагуу эхний ээлжийн автобуснуудыг оруулж ирсэн. Энэ жилдээ багтаад 234 автобус нэвтрүүлнэ. 

Улсын төсөв нь батлагдсан. Засгийн газрын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг иж бүрэн хийх гэж байгаа. Цаашдаа хотоос баталсан стандартын дагуу үйлчилгээг хүргэнэ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний салшгүй хэсэг болсон зогсоолыг шинэчлэх ажил эхэлсэн. Одоогоор олон улсын стандартад нийцсэн 270 гаруй зогсоол байна. Цаашдаа нэмэлтээр 626 зогсоолыг баталсан стандартын дагуу шинэчилнэ. Ингэснээр иргэд маань тав тухтай орчинд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ" хэмээн хэллээ. 

Мөн үргэлжлүүлэн "Иргэд суух сандалгүй, бороо цаснаар хамгаалах саравчгүй байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Хүмүүсийг аль болох машинаас нь буулгаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгох нь түгжрэлийн эсрэг арга хэмжээ юм.

Түүнчлэн нийтийн тээврийн стандартын салшгүй хэсэг нь жолоочийн соёл, зан харьцаа. Тиймээс жолоочийн үйл ажиллагаанд мөрдөх ёстой стандартууд, хориглох зүйлсийг мөн баталсан байгаа.

Бүх зүйлс нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй. Хүмүүсээ сургах ёстой. Соёлтой, цэвэрч, аюулгүй үйлчилгээнд сургаж, хариуцлагатай байлгах ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, хяналт, хамтын ажиллагаа чухал" гэв.