Япон улс “эзлэн түрэмгийлэгч” шоргоолжтой хийх тэмцлээ эрчимжүүлжээ
Япон улсад саяхан Вьетнамаас Хонконгоор дамжин тээвэрлэгдэж ирсэн чингэлгээс маш аюултай шоргоолжны төрөл зүйл олон мянгаараа илэрсэн нь энэхүү амьтны эсрэг авах арга хэмжээг чангатгахад хүрсэн байна.
Галт шоргоолж гэгддэг Өмнөд Америк тивээс гаралтай энэ шавж Хирошима мужийн Фүкүяма боомтод буусан чингэлгээс 10,000 гаруй тоотой илэрсний хамгийн цөөндөө дөрөв нь хатан шоргоолж байжээ.
Чингэлгийг хөрш Окаяма мужийн Ибара хотод хүргэсний дараа задлах үеэр шоргоолжнууд илэрсэн тул лацдаад боомт руу буцааж, тэндээ устгал явуулсан байна.
Одоогоор галт шоргоолж Японы нутаг дэвсгэрт тарсан, суурьшсан шинж тэмдэг илрээгүйг албаныхан мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор судлаачид галт шоргоолж тус улсад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг эрх баригчдад анхааруулж байна.
“Шоргоолжнууд чингэлгээсээ гарсан бол нэлээд хол зайд тарах боломжтой. Хэрвээ ингэвэл тэд хөдөө орон нутагт маш хурдтай суурьших болно. Одоогоор эрх баригчид шоргоолжнуудыг боомтын бүсэд барьж тогтоосон бололтой” гэж Токиогийн Мэдээлэл Судалгааны их сургуулийн байгаль судлаач профессор Кэвин Шорт ярьжээ.
Анх 2017 онд Кобэ, Нагояа, Осакагийн боомтуудад Хятад, Хонконг, Зүүн Өмнөд Азиас ирсэн ачаанаас галт шоргоолжнууд илэрч байсан юм. Тэр үеэс хойш Японы 18 мужийн боомтуудад галт шоргоолжнууд илэрсэн 92 тохиолдол бүртгэгдэж байжээ. Нэг удаадаа голдуу 100 орчим тоотой илэрч байсан гэнэ.
Хатан шоргоолж өдөрт 1,600 орчим өндөг гаргадаг. 6 мм хүртэл хэмжээтэй өсдөг энэ амьтан хүнийг хазвал ноцтой цочрол үүсгэдэг ба онцгой тохиолдолд бага насны хүүхэд, хөгшчүүлийг үхэлд хүргэдэг байна.
Мөн орон сууц, барилга байгууламжуудад нэвтэрч, модон хийцтэй байгууламжуудад гэмтэл учруулдаг юм. Бас цахилгаан дамжуулах шугамуудыг гэмтээн богино холболт үүсгэснээс гал түймэр гаргах, хөрсөн дор байгуулсан үүр нь үр тариаг гэмтээх зэргээр хор хохирол учруулдаг байна.
Австрали улс жил бүр $275 саяыг галт шоргоолж устгахад зарцуулдаг гэсэн тоо байдаг.
Япон улсын засгийн газар олон жилийн өмнөөс галт шоргоолжийг “хяналтад байх ёстой онцгой түрэмгий төрөл зүйл” хэмээн нэрлэж, АНУ, Австралиас мэдээлэл цуглуулан судалж байжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

