Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Сангийн сайд банк, сан гээд бүгд рүү нь гар дүрж байна VS. Б.Жавхлан: Шударга дүрийн чинь цаана харамсмаар зүйл болж байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын хооронд маргаантай асуудал яригдсаар байна. Тодруулбал, их хэмжээний зээл сангаас авсан, Хөгжлийн Банкийг дампууруулсан гол хүний нэг нь Сангийн сайд гэдгийг гишүүн хэлсэн бол эргэлтийн ₮10 тэрбумын хөрөнгөтэй байгууллагаас яаж ₮900 тэрбумын зээл гарах юм бэ гэсэн хариултыг Сангийн сайд өгөөд буй.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр ч тэд нэгэндээ хандаж, дараах асуудлыг ярив. 

"Сангийн сайд банкуудын захирлыг удирддаг болсон"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис банканд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад өнөөдөр алга болсон. Чи хаана банк, сан байна бүгд рүү нь гар дүрж байна. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан ч ялаагүй.

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог 60 гаруй тэрбум төгрөг төсөвт байгаа. Үүнийг олгоод банкуудын захирлыг удирддаг болсон. Хэнд ямар зээл олгож байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна. Хэрвээ энэ бүхнийг худлаа гэвэл чи намайг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг түр хороо шалгах хэрэгтэй. Ийм ёс зүйгүй зүйл байж болохгүй.

Г.Амартүвшин гишүүн хүртэл Хөгжлийн Банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ ичихгүй төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулна гэсэн чинь яасан юм бэ? Шалгуулаарай. УИХ-д суух эрх чамд байхгүй. Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн оролцох эрхгүй. Иймэрхүү хүмүүс УИХ-д орж ирээд сууж байна. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриа байж болохгүй" гэсэн юм. 

"Арьс шир боловсруулах тоо багасаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн"

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн та сүүлийн үед зөндөө л доромжилж, гүтгэлээ. Их тэвчлээ. Харамсалтай нь парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдог гэдгийг харуулж байгаа. Саяны ярьсан асуудалд би өмнө нь тайлбар хэлсэн. Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд гүйгээд байдаг. Бодит үнэн нь ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд үнэхээр харамсмаар зүйл болж байгаа. Уг нь энд ярих ёсгүй зүйл. Сүүлийн үед юу болж байгаа талаар зарим нэг зүйлийг ярихаас өөр арга алга.

Гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан, улс төр судлаач Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Манай улс жилд 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. 10 сая арьс шир боловсруулж байсан үйлдвэр одоо 4.4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. 

Өмнө нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30 орчим сая ам.доллар, барилга байгууламж, дэд бүтэц нийлээд 60 орчим сая ам.доллар болох байсан. Харин одоо 160 сая евро болсон. Гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилтэй ч гэнэт арьс ширний хүн болоод гадаадад үйлдвэрт очоод зураг даруулаад гүйгээд байсан. Дээрх тооны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гээд хүсэлт ирүүлсэн байгаа. Тун удахгүй бид энэ нь хуулийн хүрээнд боломжгүй гэдэг хариу өгнө. Таны яриад байдаг бодит үнэн, шударга байдал чинь энэ үү? Энэ бүхнийг бүгдийг Ц.Даваасүрэн гишүүн та хийж байгаа. Би зөвхөн нэг хэсгийг нь ярилаа" гэлээ.