Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Германы кибер аюулгүй байдал хариуцсан захирал Оростой холбогдсон шалтгаанаар ажлаасаа халагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Германы засгийн газар өчигдөр тус улсын кибер аюулгүй байдлыг хариуцдаг агентлагийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Холбооны Мэдээллийн Аюулгүй Байдлын Газрын захирлын албан тушаалаас Арне Шёнбомыг чөлөөлөх шийдвэрийг өчигдөр Германы дотоод хэргийн яам зарласан байна.

Өмнө нь Шёнбомыг оросуудтай холбоотой тухай дуулиан дэгдээд байсан юм.

Тухайлбал Германы Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл нэртэй төрийн бус байгууллагаар дамжуулан түүнийг Оросын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлд нийтлэгдэж байжээ.

Хувийн болон төрийн байгууллагын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн дээрх байгууллагыг 2012 онд Шёнбом байгуулалцаж байсан юм.

Зөвлөлийн гишүүн Германы нэг компани КГБ-ын ажилтан асан хүний байгуулсан Оросын компанийн охин компани болохыг энэ мэдээлэлд баталсан байна.

Германы Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл дээрх мэдээллийг няцааж, өөрийгөө улс төрөөс ангид байгууллага болохыг мэдэгдсэн юм.

Одоо 53 настай Шёнбом нь 2016 оноос хойш Германы кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа.

Дотоод хэргийн яам түүнийг хэн залгамжлах тухай мэдээлэл өгөөгүй ч уг шийдвэр нь агентлагийн 1,500 орчим ажилтны ашиг сонирхолд нийцэж, ажил үүргээ саадгүй биелүүлэхэд тустайг мэдэгдэлдээ тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд Германы төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээ Оросын хакеруудын халдлагад өртөх явдал нэмэгдсэн юм.

Украины дайнтай холбоотойгоор энэ онд Орос, Германы сөргөлдөөн улам эрчимжээд байна.

 

Эх сурвалж: Aljazeera