Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт бүдэг бадаг, өргөн хүрээтэй үг хэллэгтэй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийг Хамгаалагчийн Эрх Зүйн Байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 

Энэхүү хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг хүчтэй дэмжих үндэс болсон хэмээн НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг онцоллоо.

Монгол Улс ардчилсан нийгэмд нэн ач холбогдол бүхий хууль дээдлэх эрх зүйн тодорхой зохицуулалтыг бүрдүүлсэн Азийн анхны улс болж буйг ч тус Ажлын хэсэг урьдчилсан дүгнэлтдээ тодотгожээ.

Гэхдээ тус хуулийн зарим зүйл заалтад санаа зовниж байгаагаа мөн илэрхийлэв.

Тодруулбал, заалт 5.1.5 нь хүний эрхийг хамгаалагчид "бусдын нэр төр, алдар хүндийг... хүндэтгэх"-ийг шаарддаг бөгөөд үүний нэгэн адил заалт 8.1 нь хүний эрхийг хамгаалагч бусдын нэр төр, алдар хүнд, "... ажил хэргийн нэр хүндийг гутаах"-аар халдахыг хориглохоор заасан байна.

Гэтэл хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажил нь тухайн цаг үеийнхээ бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай бол эсэргүүцэх явдал байдгийг тооцвол дээрх бүдэг бадаг, өргөн хүрээтэй үг хэллэгийг мушгин хүний эрхийг хамгаалагчдын амыг таглан, улмаар гэмт хэрэгт тооцож ч болзошгүйг тус ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте цохон тэмдэглэсэн.
7 дугаар зүйлд "... үндэсний эв нэгдлийг бусниулах, ... террорист болон экстремист" үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хүн гэх мэт этгээдээс санхүүжүүлэхийг хориглох замаар хүний эрхийг хамгаалагчдын авч болох нөөцийг хязгаарласан. Энэ заалтыг маш өргөн хүрээнд авч үзвэл хүний эрхийг хамгаалагчдын амин чухал үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг хязгаарлахад ашиглагдаж, улмаар хүний эрхийг хамгаалагчдын чиг үүргээ хэрэгжүүлэх чадварыг үндсээр нь сулруулж болохыг урьдчилсан тайланд дурдсан байна.

Хүний эрхийг хамгаалагчийг үйл ажиллагааг нь үндэслэн цагдан хорьж байгаа нь Түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйл, Пактын 26 дугаар зүйлд заасан хуулийн өмнө эрх тэгш байх, хуулиар тэгш хамгаалагдах эрхийг зөрчиж байгааг Ажлын хэсэг анхааруулжээ. Хүний эрхийг хамгаалагчийн статус нь Пактын 26 дугаар зүйлд заасны дагуу хамгаалагдсан статусуудын нэг байдаг аж.

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг манай улсад энэ сарын 3-14-нд ажиллаж, урьдчилсан дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт танилцуулсан.

Томоохон төслүүдийг эсэргүүцсэн хүмүүс заналхийллийн шинжтэй болон эд хөрөнгөд онц ноцтой хохирол учруулаагүй гэмт хэргээр саатуулагдаж байгаа гэх мэдээлэл авсан

Тус ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт дэх Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн талаар өгүүлсэн хэсгийг хүргэж байна. 

Үүнд "Ажлын хэсэг үндэсний хууль тогтоомжийн хэд хэдэн зүйл заалтад хүний эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлаж байгаа нь олон улсын эрх зүйн шаардлагад бүрэн нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасан Хүнийг хүчээр алга болгох бие даасан гэмт хэргийг оруулж өгснийг сайшааж байна. Гэсэн хэдий ч уг гэмт хэргийн тухай ойлголт, тодорхойлолт нь зөвхөн "хууль бусаар саатуулах" гэсэн утгыг агуулж байгаа тул хүний эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлах бүх хэлбэрийг агуулаагүй ба хүчээр алга болгох гэмт хэрэг нь хүний эрх чөлөөг хууль ёсны дагуу хязгаарлаж, улмаар гэмт хэргийн бусад шинж тэмдэг илэрсний улмаас хууль бус болж болно гэдгийг НҮБ-ын Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай хорооноос тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн

  • 19 дүгээр зүйлийн 19.4-т “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах”,
  • 19.6-д “Хорлон сүйтгэх” гэмт хэрэгт ял шийтгэнэ гэж заасан бол,
  • 13 дугаар зүйлийн 13.14-т гүтгэх гэмт хэргийг оруулсан байна.

Ажлын хэсэг эдгээр бүх гэмт хэргийг өргөн утгаар нь тайлбарлаж байгаа бөгөөд тухайлбал, хүний эрх хамгаалагчийн хууль ёсны үйлдлийг, эсвэл хувь хүмүүсийн хууль ёсны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахад ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байна.

Үүнтэй холбогдуулан стратегийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эсэргүүцсэнтэй холбоотой ямар нэгэн заналхийллийн шинжтэй болон эд хөрөнгөд онц ноцтой хохирол учруулаагүй гэмт хэргээр саатуулагдаж байгаа иргэдийн мэдээллийг хүлээн авсан.

Ойлгомжгүй, өргөн утга агуулгатай хуулиуд нь итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, улс төр, олон нийтийн үйл хэрэгт оролцох, ялгаварлан гадуурхахгүй тэгш байдлыг хангах, үндэс угсаа, шашин шүтлэг, хэлний цөөнхөд хамаарах хүмүүсийн эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлах зэрэг хүчирхийлэлд өртөх магадлалтай тул тэднийг хамгаалахад саад учруулж болзошгүйг Ажлын хэсэг сануулж, эдгээр заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардаж байна.

Мөн Ажлын хэсэг Ковид-19-ийн тархалтыг зогсоохын тулд дэлхий даяар саяхан гарсан цар тахлын хүрээнд баталсан хууль эрх зүйн хязгаарлалтуудтай танилцсан. Ажлын хэсэг эдгээр хууль эрх зүйн хязгаарлалтууд үйлчлэхээ больсон ч хууль ёсны үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлахад эдгээр журам, зохицуулалтыг ашиглаж байгаа талаар олон тооны мэдүүлэг хүлээн авсан.

Түүнчлэн Ковид-19-ийн хязгаарлалтыг эсэргүүцсэн хэргээр саатуулагдаж, баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгчдийг дарамталж, зарим тохиолдолд баривчилсан гэх мэдээлэл байна.

Ковид-19-ийн тархалт зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед авч хэрэгжүүлж буй яаралтай хариу арга хэмжээг үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад ашиглах ёсгүйг Ажлын хэсэг онцолж байна.

Мөн 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хуульд бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болно" гэжээ.