Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхцэцэгийн оронд "Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ажлаас нь өчигдөр чөлөөлж, оронд нь “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлэхдээ "Ж.Энхцэцэгийн оронд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилсон бөгөөд "Өргөө" амаржих газрын удирдлагад дэмжлэг зөвлөгөө өгч, хэвийн үйл ажиллагааг нь хангахаар ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнаар ахлуулсан зөвлөх багийг давхар томилоод байгаа" хэмээн хэллээ.

Мөн тэрбээр Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэлийг тайлбарлаж, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо болон ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус тус өнгөрсөн наймдугаар сард шалгалт хийсэн талаар хэллээ.

"Ж.Энхцэцэг нь төрийн захиргааны болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн нийт 12 гаруй заалт зөрчсөн гэх шийдвэр ирсэн"

Тэрбээр "ЭМЯ-наас хийсэн шалгалтаар "Өргөө" амаржих газрын захирал нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц, орон тоо, дүрэм журмыг дур мэдэн өөрчилсөн, сонгон шалгаруулалттай холбоотой заалтуудыг өөрчилсөн, өөрийн харьяаны функцүүдээ өөр дэд захирлууд руугаа шилжүүлсэн, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд гарсан байсан.

Үүнийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлж, наймдугаар сарын 22-ны өдөр зөвлөмж, албан бичгээ хүргүүлсэн. Энэ дагуу нэг сарын хугацаатай зөрчлүүдээ засаж, залруулах чиглэлээр зөвлөмж өгсөн. Дараа нь есдүгээр сард тухайн зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийн талаар танилцахад нэлээд олон зөрчил нь хэвээр байсан буюу өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй үндэслэл бий.

Мөн өргөдөл гаргасан хүмүүсийн дийлэнх нь харилцаа, ёс зүйтэй холбоотой байсан учраас ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо шалгалт хийсэн. Энэ ёс зүйн хороо ЭМЯ-ны дэргэдэх гэж байгаа боловч 15 гишүүнтэй уг хороонд ЭМЯ-наас нэг л мэргэжилтэн оролцдог. Уг хорооныхон албан хаагч нартай уулзаж, асуулга зэргийг авсан бөгөөд гаргасан дүгнэлтийг нь харахад Төрийн захиргааны болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн нэлээд хэдэн заалт, эмнэлгийн мэргэжилтний хэд хэдэн заалт буюу нийт 12 гаруй заалтаар зөрчил гаргасан нь тогтоолоо гэсэн шийдвэр ирсэн.

Өнгөрсөн долоо хоногт мөн Эрүүл мэндийн сайд Ж.Энхцэцэг даргыг дуудаж, энэ тал дээр тайлбар авахад энэ асуудлуудыг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас процессынхоо дагуу аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэг даргад үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх сонсох ажиллагааг зохион байгуулаад өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэлээ.

Түүнчлэн 2021-2022 онд Өргөө амаржих газраас нийт 138 ажилтан чөлөөлөгдсөн. Үүнээс 60 хувь нь өөрсдөө чөлөөлөгдсөн бөгөөд тэд ажлын дарамт шахалт байсан учраас хүсэлтээ гаргаад ажлаасаа гарсан гэж хэлснийг Ц.Эрдэмбилэг дурдлаа.

ВИДЕО: