Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн амьдралыг банк, санхүүгийн үйлчилгээгээр тэтгэгч ХААН Банк

ikon.mn
2022 оны 9 сарын 26
ikon.mn
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Нийт ажилтнууддаа хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг түгээн дэлгэрүүлэх бодлого баримталдаг

зураг
 
A.Анхчимэг харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгч буй байдал Т.Ган-Өлзий эхнэрийн хамт хотын захад ноолуурын үйлдвэр ажиллуулдаг ба А.Анхчимэгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг

Цахим банкаар салбартаа манлайлагч банк

ХААН Банк нь нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд орон даяар салбар нэгжтэй, Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.  Өдгөө ХААН Банк Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 547 салбар, тооцооны төвөөрөө дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд цахим болон биет бүх сувгаараа дамжуулан 24 цагийн турш үйлчилгээгээ хүргэж буй үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм.

31 жилийн түүхийг бүтээхдээ санхүүгийн хүчирхэг, найдвартай үзүүлэлтүүдээр харилцагчдынхаа итгэлийг хүлээж чадсанаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэдийд ч хаанаас ч зайнаас авах боломжтой цахим бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шат дараалан нэвтрүүлж, цахим банкаар салбартаа манлайлж байна. Одоогийн байдлаар нийт 11 арилжааны банк бүртгэлтэй байна.

зураг
 
ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба /Зургийг ХААН Банкнаас авав/

ХААН Банк 15 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна. Энэ хугацаанд байгууллагынхаа хүний нөөцийн бүхий л асуудалд гар бие оролцон ирсэн хүн бол Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба. Тэрбээр байгууллагын дотоод сургалт, хөтөлбөрөөр дамжуулан хуульд заасан ажил олголтын квотыг хангаагүй тохиолдолд ажлын байрны нөхөн төлбөр төлөх ёстойг, ААН байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлах, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нуудаг ажилтнууддаа группт хамрагдахын давуу талыг зөвөөр ойлгуулах тал дээр анхааран ажилласаар иржээ.

ХААН Банк нийт 6000 гаруй ажилтантай. Үүнээс 150 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй ба сонсгол, бие эрхтэн, дотор эрхтний бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын 54 нь Улаанбаатар хотын төв салбарт санхүүгийн өндөр мэдлэгтэй мэргэжилтнээр эрсдэлийн бодлого, үйл ажиллагааны бодлого, картын хэлтэст ажиллаж байна. Харин Улаанбаатар хотын салбар тооцооны төвүүдэд 12 хүн, орон нутгийн салбар нэгжүүдэд нь 89 хүн харилцагчийн үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаа юм. Тэд олон нийтийн цахим сүлжээ, банкны вэб сайт дахь ажлын зарын дагуу эсвэл хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжин сонгон шалгаруулалтад тэнцэн ажилд оржээ. Хамгийн удаан нь 10 гаруй жил ажиллаж байна. Мөн хагас жилийн өмнөөс Хараагүйчүүдийн үндэсний холбооны “Бест массаж” бариа заслын төвүүдэд ажилтнуудаа хамруулан хамтран ажиллаж иржээ. Банкны ажилтнуудын дийлэнх нь суугаа ажил хийдэг учраас хүзүү, нуруу өвдөх нь элбэг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд тус төвийн бариачдыг оффистоо урьж ажиллуулан амралтын өрөөндөө цайны цагаараа массаж, бариа засал хийлгүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Харилцагчдыг дээдлэн хүндэлж, итгэлтэй харилцаа бий болгохыг чухалчилдаг

ХААН Банкны төв оффис, ХААН цамхгийн хоёрдугаар давхарт байрлах Хан-Уул бизнес төвөөр зочилж жижиг, дунд бизнесийн зээл хариуцсан ахлах харилцааны менежер А.Анхчимэгтэй ярилцлаа. Анх харахад л оюунлаг, дайчин эмэгтэй болох нь анзаарагдсан. Тэрбээр Улаанбаатар хот дахь бүсийн найман салбар дундаас санхүүгийн үйлчилгээ болон төвлөрүүлсэн үнийн дүнгээрээ гурван жил дараалан шилдгээр шалгарсан тэргүүний ажилтан ажээ. Хан-Уул бизнес төвийн захирал Э.Пүрэвсанжаа: “Чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажилладаг, баг хамт олноо манлайлан удирдах чадвартай. Ажлын итгэлтэй хамтрагч, баруун гар маань юм шүү” хэмээн А.Анхчимэгийн талаар ярьсан юм.

зураг
 
А.Анхчимэгийн шууд удирдлага, ажлын сайн хамтрагч Хан-Уул бизнес төвийн захирал Э.Пүрэвсанжаа

А.Анхчимэг ахлах харилцааны менежер маш хариуцлагатай, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ санхүүгийн зөвлөгөө өгч, тэдний бизнесийг амжилттай явуулахын төлөө шаргуу ажилладаг. Төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээл буюу түнхний мултралтай. Түүний хувьд өдийг хүртэлх амжилтын зам дардан байсангүй.

Банканд ажиллах мөрөөдөлдөө хөтлөгдөн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Сурлага сайтай оюутан байсан болоод ч тэр үү, төгсөөд ажлын сонгон шалгаруулалтын бичгийн шалгалтад ядах юмгүй тэнцчихдэг байжээ. Харин дараагийн шат буюу ярилцлагын шатанд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар тэнцдэггүй байсан гэнэ. Олон ч байгууллага харагдах байдлаасаа болж ажилд орж чадаагүй түүний хувьд сэтгэлээр унах үе цөөнгүй байжээ.

Мэргэжлийнхээ дагуу банканд ажилд орж чадаагүй ч нягтлан бодогчоор мэргэшүүлэн сургадаг МСҮТ-д багшаар ажилд оржээ. Тухайн үед оршин суудаг Сүхбаатар дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн байсан бөгөөд 2004 онд “ХААН Банкны ажлын ярилцлагад ороод үзээч” хэмээн залгасан гэнэ. Дахиад л харагдах байдлаар маань голох болов уу гэсэн айдастай байсан ч оюутан ахуй цагтаа сурч мэдсэн мэдлэг, багшийн ажлын туршлагаа маш сайн тайлбарлаж, өөртөө итгэлтэй байдлаа харуулж чадсаны ачаар ХААН Банканд ажилд орсон юм.

Ажилд ороод дөрөв дэх жилдээ буюу 2008 онд Хан-Уул бизнес төв рүү томилогджээ. Харилцагч байгууллагууддаа зээлийн болон санхүүгийн зөвлөгөө өгөхөөс гадна шинэ харилцагч олохын тулд олон нийтийн арга хэмжээний үеэр нэрийн хуудсаа бариад л гүйчихдэг гэнэ. “Улс орны хөгжлийн түлхүүр бол жижиг, дунд үйлдвэрлэл дээр тогтдог. Тиймээс харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг цэцэглэн хөгжихийг харах надад үнэхээр сайхан байдаг” хэмээн ажил мэргэжлээрээ бахархан ярих А.Анхчимэг маань өдгөө нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.  Цаг наргүй ажиллах түүнийг хадам ээж нь хамгийн сайн ойлгож, ар гэрийн ажилд нь тусалдаг ажээ. А.Анхчимэг ажил дээрээ хэчнээн завгүй өдрийг өнгөрөөсөн ч гэртээ ороод ажлын талаар огтхон ч ярьдаггүй, ажил амьдралаа ялгаж ханддаг.

зураг
 
Үйлчлүүлэгч Т.Ган-Өлзий ба түүний гэр бүл “Бизнесээ өргөжүүлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа маань Анхчимэгийн ач тус”

А.Анхчимэгт харилцагч байгууллага, үйлчлүүлэгчид нь өндөр итгэл хүлээлгэж, ихэд хүндэлнэ. Тэдний нэг бол 2004 оноос эхлэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бизнес эрхэлж буй Т.Ган-Өлзий. Түүний хувьд Япон улсад боловсрол эзэмшсэн ба өөрийн танилын хүрээ, хэлний мэдлэгээ чадварлагаар ашиглан өдгөө Япон улс руу ноолууран бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байгаа юм.

Тэд анх 2012 онд танилцаж байжээ. Анхчимэгээс 12 жилийн турш буюу одоог хүртэл зээлийн болон санхүүгийн үйлчилгээ авч байна. Аливаа бизнес унаж босох алийг тэр гэхэв. Энэ хугацаанд үргэлж чин сэтгэлээсээ санаа тавин шинэ тоног төхөөрөмж оруулж ирэх бүрийд өөрийн биеэр танилцахаар ирж, бидний бизнесийг амжилттай хөгжихөд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвараа бүрэн зориулсан хүн дээ. А.Анхчимэг маань албан тушаал ахиж, завгүй ажиллах болсон ч бидний бизнесийг дэмжихийг ажилтнууддаа зөвлөдөгт эхнэр бид хоёр баяртай байдаг.  Бид бараг өдөр бүр утсаар холбогдож, сард хэд хэдэн удаа банк эсвэл манай үйлдвэрт уулзаж ажлаа ярилцдаг. Нэг гэр бүл шиг л болсон улс даа” хэмээн ярьцгаав.

Хамт олны сэтгэлийн дэм

зураг
 
Хөл хөдөлгөөн ихтэй Офицеруудын ордон тооцооны төв

ХААН Банк болон хамт олныхоо  дэмээр мэс засал  хийлгүүлсэн ажилтны тухай сонсоод, түүнтэй уулзахаар 5-р сарын эхээр Баянзүрх дүүргийн Офицеруудын ордон тооцооны төвийг зорилоо. Биднийг тус салбарт очсон өдөр сарын хамгийн эхний даваа гараг байсан бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авахаар ирсэн хүмүүсээр заал дүүрсэн байлаа.

Үүдээр ороод хамгийн захын өрөөнд зорьж ирсэн хүн маань биднийг инээмсэглэн угтсан юм. Түүнийг Б.Анхзаяа гэдэг. ХААН Банканд өдгөө найм дахь жилдээ ажиллаж байгаа. Төрөлхийн нуруу нугасны хүнд гэмтэлтэй бөгөөд мөрнөөс доош нуруу хэсгээрээ нэлээн мурий байжээ. Хоёр жилийн өмнө Турк улсад мэс засал хийлгүүлж, айхтар өвдөлтөөсөө салсан төдийгүй нурууны мурийлт нь засагдаж.

зураг
 
Офицеруудын ордон тооцооны төвийн харилцааны менежер Б.Анхзаяа “Хамт олон болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр мэс засал маань амжилттай болсон”

Б.Анхзаяа Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж өссөн. Түүний ээж цэргийн байгууллагад ажилладаг учраас олон аймгаар явж ажилладаг байв. Тиймээс долоон нас хүртлээ өвөө, эмээтэйгээ цуг амьдарчээ. Сургуульд орсноосоо хойш ээжтэйгээ хамт амьдарч ахлах сургуулиа төгсөх хүртлээ зургаан сургууль дамжиж суралцсан гэнэ. Олон сургуульд шилжин суралцсан болохоор найзтай болоогүй ч  хичээл номдоо шамдан суралцдаг байсан гэнэ. Тийм болоод ч тэр үү, Мандах их сургуульд суралцаж байхдаа ХААН Банкны тэтгэлэгт оюутнаар шалгарч байсан сурлага сайтай, шилдэг оюутан байв. Тэрбээр ХААН Банканд ажилд ороод хоёр дахь жилдээ шилдэг ажилтнаар шалгарсан, өндөр дүнтэй зээл хариуцан ажилладаг гээд байгууллага, хамт олныхоо итгэлийг даасан хариуцлагатай ажилтан.

Хүүхэд байхад айхтар анзаарагддаггүй байсан нурууны мурийлт жил ирэх тусам огцом мэдэгдэх болж, тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх болжээ.

Нэг өдөр фэйсбүүкээс өөртэй нь адилхан оноштой хүн Турк улсад мэс засал хийлгүүлэх болсон тухай бичвэр олж уншаад гадагшаа явж мэс засал хийлгүүлэхээр шийдсэн гэнэ. Анх ажиллаж байсан тооцооны төвийн захирал н.Ганзориг, тухайн үед ажиллаж байсан тооцооны төвийн захирал н.Дарьсүрэн нарт мэс засал хийлгүүлэх тухайгаа ярихад тэд хүний нөөцийн албаныхандаа дуулгаж, гурван сарын цалинтай чөлөө, орон сууцны ипотекийн зээлийг зургаан сарын хугацаанд чөлөөлөх зэргээр тусламж үзүүлжээ. Мөн Б.Анхзаяа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандивын аян өрнүүлэхэд дээрх хоёр захирал нь ХААН Банкны нийт ажилтнуудаа хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалсан байна.  ХААН Банкны зүгээс түүнд хандивын мөнгө болон шаардлагатай зардлын гуравны нэгийг цуглуулж өгсөн. н.Ганзориг захирлын хувьд өмнө нь Турк улсад суралцаж байсан учраас мэс засал хийлгүүлэх сайн эмнэлэг, хагалгааны өмнө болон дараа байрлах зочид буудал зэргийг танилын хүрээгээрээ дамжуулан олж өгсөн гэнэ.

зураг
 
Офицеруудын ордон тооцооны төвийн захирал А.Бямбасүрэнгийн хамт

Мэс засал амжилттай болсон ч хэсэг хугацаанд гам барих хэрэгтэй байв. ХААН Банкны зүгээс Б.Анхзаяаг гэртэй нь ойрхон салбар буюу Офицеруудын ордон тооцооны төв рүү шилжүүлэн ажиллуулахаар болжээ. Тус тооцооны төвийн захирал А.Бямбасүрэн болон хамт олон нь түүнийг маш сайн ойлгож дэмжсэн гэнэ. Хүний нөөцийн албаныхантай ярилцаж Б.Анхзаяаг богино цагаар ажиллуулах, амралтын цагаар буйдан дээр хэвтэж нурууг нь амраах зэргээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 

“Нурууны мурийлттай учраас үйлчлүүлэгчдэд харагдах байдал талаасаа таагүй сэтгэгдэл төрүүлчихнэ” гэсэн шалтгаанаар ажилд авдаггүй байсан. Сэтгэлээр унаж, итгэл найдвараа алдах үе ч байлаа. Харин ХААН Банк надад боломж олгож, хөгжлийн бэрхшээлтэй гэж гололгүй сонгон шалгаруулалтын журмын дагуу ажилд авч билээ. Тэр ч бүү хэл хагалгааны хандивын аянд идэвхтэй оролцож, сэтгэл санаа болон санхүүгийн хувьд маш их дэмжсэн. Байгууллага, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж явдаг даа. Харилцагчдынхаа санал хүсэлтийг нэн тэргүүнд тавьж, тэдэнд багахан ч болов тус дэм хүргэхийн тулд хичээнгүйлэн шаргуу ажилладаг. ХААН Банкны зээлийн үйлчилгээнд хамрагдаж, тэдний бизнес цэцэглэн хөгжихийг харах үгээр илэрхийлэмгүй сайхан байдаг даа” хэмээн эзэмшсэн мэргэжил, хийдэг ажлаа тэрбээр бахархан ярив. Б.Анхзаяа өнөөдөр 300 гаруй бизнес эрхлэгчтэй харилцаж, нийт 1.3 тэрбум төгрөг төвлөрүүлж чаджээ.

Бүх салбар, тооцооны төвүүдийн захирлуудад хөгжлийн бэрхшээлийн  талаар зөв хандлага, ойлголт өгөхийн тулд анхаарч ажилладаг

Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямбын ярьж буйгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүндрэл гарч байгаагүй гэнэ.

ХААН Банк нь төв салбар, тооцооны төвүүдийн захирлууд болон нийт ажилтнууддаа зориулан хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулдаг. Сургалтын агуулга, хөтөлбөрөө дараах зургаан амжилтын зан төлөвт суурилан боловсруулдаг. “Харилцагчаа эрхэмлэсэн”, “Мэргэжлийн байх”, “Идэвх оролцоотой”, “Хамтын амжилтад чиглэсэн”, “Хөгжилд тэмүүлсэн”, “Цахим сэтгэлгээтэй байх”.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бид цахимаар түлхүү ажиллах болсон. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудад ажиллахад таатай нөхцөл бүрдсэн юм. Бидний хувьд цаашид илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахын тулд бүхий л боломж, бололцоог судалж байна. Банкны салбар тухайн ажилтнуудаас өндөр мэдлэг, ур чадвар шаарддаг. Салбарын онцлогоос болоод ч тэр үү, ажлын байрны зарын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийлэн ханддаггүй ч дуудлагын төвд тэргэнцэртэй иргэдийг ажиллуулах зорилгоор саяхнаас бэлтгэл ажилдаа орсон. Тэргэнцэртэй иргэдийг орж гарахад хүндрэлгүй байхаар дуудлагын төвд шинээр засвар хийжээ. Ш.Ганбямба: “Манай байгууллага тэргэнцэртэй иргэдийг авч ажиллуулсан туршлагагүй ч тэднийг тохирох хэрэглэгдэхүүн, таатай ажлын байраар хангахын тулд хичээж ажиллах болно. Нэн тэргүүнд хүний нөөцийн ажилтнууд маань хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголттой байх ёстой. Тиймээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх DPUB2” төслийн зүгээс зохион байгуулж буй “ААН байгууллагуудад  зориулсан нөлөөллийн семинар”, “Ажлын байрны дадлагажуулагчийн анхан шатны семинар”-уудад хүний нөөцийн болон холбогдох ажилтнуудаа идэвхтэй хамруулж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй олон олон хүнд ажиллах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа” хэмээн онцолсон юм. Мөн тэргэнцэртэй болон өндөр настай харилцагчиддаа чөлөөтэй орж, гарах боломжийг бүрдүүлэхийн тулд тооцооны төвүүдийг гаднаа налуу замтай болгох, хүртээмжээ сайжруулах тал дээр анхааран ажиллахаар төлөвлөж байна.

  Цаашид Монгол Япон хоёр улсын Засгийн газрын хүрээнд хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх DPUB2” төсөлтэй хамтран олон олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгосноор банкны ажилтнууд, харилцагчид төдийгүй Монголын нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүнийг түгээж буй ХААН Банкны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Байгууллагын мэдээлэл: 

Байгууллагын нэр

ХААН Банк

Үйл ажиллагаа

Арилжааны банк

Нийт ажилтны тоо

Ойролцоогоор 6000 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

Ойролцоогоор 150 хүн (Сонсгол, бие эрхтэн, дотор эрхтний бэрхшээл)

  • Төв салбар: 54 хүн
  • Улаанбаатар хот дахь салбаруудад: 12 хүн
  • Орон нутгийн салбаруудад: 89 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан

  • Ажлын байрны төлбөр нэмэгдэх
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлах
  • "Эрхэмлэдэг зургаан зан төлөв"-ийг хэрэгжүүлэх

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Төв салбар төдийгүй тооцооны төвүүдийн захирлуудад хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх тал дээр анхаарч ажиллах
  • Банкны ажилтнуудад зориулсан сургалт, семинар зохион байгуулах
  • Цаашид дуудлагын төвд тэргэнцэртэй иргэдийг авч ажиллуулахаар төлөвлөж байгаа

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222