Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Базаррагчаа: Сүрьеэ эмчлэгддэг өвчин. Гэтэл сүрьеэгээс үүдэлтэй ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хандлага ажиглагдсаар байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум өнөөдөр боллоо. Уг хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобал сан болон Хүний Эрхийн Үндэсний Комиссын төлөөллүүд оролцов.

Өнгөрсөн онд манай улсыг сүрьеэ, Олон Эмэнд Тэсвэртэй Сүрьеэ (ОЭТС)-ийн дарамт өндөртэй 30 орны нэгээр нэрлэсэн байна. Монголд төдийгүй дэлхий дахинд ОЭТС-ийн эмчилгээг бууруулах баттай нотолгоо, эмнэл зүйн туршилт судалгааны үр дүн гарсан. Ингэснээр өмнө нь хоёр жил гаруй хугацаанд эмчилдэг байсан сүрьеэг есөн сарыг дотор анагаах боломжтой болсон. Түүнчлэн завсарлагаат горимоор тариулдаг байсан хугацаа дөрвөн сар болж, сүрьеэг эмийн эмчилгээгээр эдгээх боломжтой болоод байна гэдгийг Монголын Сүрьеэтэй тэмцэх холбооны эрүүл мэндийн судалгааны удирдагч, Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа хэлэв. 

зураг
 
ХӨСҮТ

Тэрбээр "Сүрьеэ нь эмчлэгддэг өвчин. Гэтэл нийгэмд энэ өвчнөөс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол ажиглагдсаар байгаа нь харамсалтай. Тиймээс олон нийтэд чиглэсэн хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байгаа юм.

Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтын үнэлгээний үр дүнгээс харахад гэр бүл, ажлын орчин төдийгүй өөрийгөө нийгмээс тусгаарлах хандлага ажиглагдаж байна. Ингэснээр цаг тухайд нь эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх нэг шалтгаан болж байна. Судалгааны хүрээнд 614 орчим сүрьеэгээр өвчилсөн хүнтэй ярилцлага хийсэн. Хамгийн ноцтой асуудал нь сүрьеэтэй хүмүүс өөрөө өөрийгөө нийгмээс тусгаарладаг юм байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дорд үзэх асуудал байдаг. Тодруулбал, иргэдийн 48 хувь нь өөрийгөө гадуурхсан байна. Үүнээс болоод эмнэлгийн тусламж авч чадахгүй тохиолдол нэлээд байгаа. Түүнчлэн гэр бүлээс нэг хүн сүрьеэгээр өвдсөн тохиолдолд дам гадуурхалтад өртдөг гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.

Нэг ёсондоо сүрьеэтэй хүнээс халдвар авах вий гэсэн айдсын улмаас санаатай болон санамсаргүй байдлаар ялгаварлан гадуурхал үүсгэдэг байна" гэлээ.

Эмчилгээ хийлгэж, эмээ тогтмол уувал 14 хоногийн дараа сүрьеэгийн халдвар тараах эрсдэлгүй болдог гэдгийг тэрбээр онцлов.

"14 хоног ба түүнээс дээш хугацаанд ханиалгавал сүрьеэ туссан байх магадлалтай байдаг"

Мөн үргэлжлүүлэн "Монгол Улсад жилд дунджаар сүрьеэгийн 4,000 орчим тохиолдол илэрдэг. Энэ дундаа хүүхдийн сүрьеэ нь нэлээд тулгамдаж буй асуудал болж байна. Монгол Улсад хүүхдийн сүрьеэ нь дэлхийн дунджаас их буюу нийт сүрьеэгийн өвчлөлд 12 хувийг эзэлж байна. Ихэнх тохиолдолд 5-аас доош насны хүүхдүүдийг сүрьеэгийн өрхийн хавьтал болсон гэж үздэг. Гэхдээ хүүхдүүдийн онцлог нь сүрьеэг цааш дамжуулдаггүй. Мөн эмийн эмчилгээгээр хурдан хугацаанд эдгэрэх боломжтой байдаг.

Ялангуяа, өвлийн улиралд амьсгалын замын өвчний тархалт нэмэгддэг болохоор ханиалгахыг тэр бүр тоодоггүй. Гэтэл 14 хоног ба түүнээс дээш хугацаанд ханиалгавал сүрьеэ туссан байх магадлалтай учраас заавал эмчид хандаж, зохих шинжилгээг өгөх ёстой" гэж ярилаа.