“Эдузон Эдукэйшн Групп” компанийн дэргэдэх “Эдузон” сургалтын төв нь Монголын хамгийн анхны элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх бүтэн жилийн хөтөлбөртэй сургалтын төв бөгөөд 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
10 жилийн ойтойгоо золгож буй тус сургалтын төвийн сүүлийн үеийн амжилтуудаас, мөн багш, эцэг эхийн төлөөллийн сэтгэгдлийг уншигчидтайгаа хуваалцъя.
“Эдузон” сургалтын төвийн 2021-2022 оны төгсөгч М.Алтанцэцэг Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн баярт мэдээтэй биднийг угтлаа. Тэрбээр сургалтын төвийн багш нарынхаа тусламжтайгаар
- ”Эдузон” сургалтын төвд яагаад суралцах болсон бэ?
- Би нийслэлийн 11-р дунд сургуулийг төгссөн. Өнгөрсөн намар хичээл эхлэх үед “Эдузон” сургалтын төвөөс манай сургууль дээр ирж шалгалт авахад би ангийнхантайгаа шалгалт өгсөн. Хэд хоногийн дараа сургалтын төвөөс залгаад намайг тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсныг дуулгасан. Би маш их баярлаж, шууд маргаашаас нь сургалтдаа сууж эхэлсэн дээ.
- Ямар хичээл сонгон суралцсан бэ?
- Эхлээд би англи хэлний сургалтад сууя гэж бодоод хоёр сар явсан. Харин манай сургалтын төвийн багш Монбушо гээд Японы засгийн газрын тэтгэлэг байдаг талаар танилцуулж, бэлтгэх сургалтад суралцахыг зөвлөсөн. Цаг нь ч боломжийн байсан учраас ангиа сольж суралцсан.
Анх Монбушо гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Хэдий Монбушогийн анги гэж явдаг ч ЭЕШ-ын бүх хичээлийг эхнээс нь шахаж үздэг байсан.
- Шалгалтаа ямар амжилттай өгсөн бэ?
- Математикийн ЭЕШ-аа 100% гүйцэтгэж, 800 оноо авсан. Сая Монбушогийн эцсийн шатны ярилцлагад Буян-Өлзий багшийнхаа зөвлөсний дагуу өөрийгөө бүрэн илэрхийлж чадсанаар “тэнцсэн” гэсэн хариу аваад сууж байна.
- Таныг энэ амжилт гаргахад “Эдузон” сургалтын төв ямар нөлөөтэй байсан бэ?
- Сургалт үнэхээр үр дүнтэй байсан. Монбушогийн шалгалт 60 минут үргэлжилдэг. Хурдан хугацаанд зөв бодохгүй бол амждаггүй гээд сургалтын төвийн багш маань яг тэр дагуу бэлтгэсэн. 60 минутын дотор бодлогыг хурдан, зөв бодох дасгал тогтмол хийлгэж, хэвшүүлсэн нь их тус болсон.
- ”Эдузон”-ы сургалт, багш нарын заах арга барил ямар санагдсан бэ? Онцлог зүйл юу байсан бэ?
- Сургалтын онцлог гэвэл долоо хоног бүр нэг сэдэв үзэж, тухайн сэдвийн хүрээнд мэдэхгүй юм үлдэхгүй болтол зааж, ойлгуулдаг. Хэрэв ойлгомжгүй юм гарч ирвэл тэр долоо хоногтоо багтаад багшаасаа чөлөөтэй асуух боломжтой учраас үр дүнтэй бэлтгэл болж чадсан гэж боддог. Хагас сайн өдөр ч багш нар маань цаг гаргаж өгдөг болохоор ойлгоогүй зүйлсээ асууж, тайлбарлуулах боломжтой байдаг нь сургуулиас маань ялгаатай байсан.
Манай сургууль олон хүүхэдтэй. Хүүхэд бүрд хүртээлтэй байлгахын тулд бүх сэдвийг агуулсан тест ихээр бодуулдаг байсан. Харин сургалтын төвд ирэхээр зөвхөн нэг сэдэв дээр л төвлөрнө. Тэр сэдвээ тултал нь ойлгочихоор цаашдаа 10, 20 тест хийсэн ч алзахгүй болдог. Үүгээрээ давуу талтай.
- Энэ жил төгсөх ангидаа орж байгаа, ахлах ангид суралцаж байгаа үе тэнгийнхэндээ хандаж юу захимаар байна вэ?
- Хамгийн гол нь өөрийгөө хуурахгүйгээр, өөрийнхөө төлөө хичээгээрэй. Ер нь бидний үеийнхэн: “ӨЧИГДӨР хичээлээ хийчихсэн шүү дээ, гайгүй биз гээд ӨНӨӨДӨР нь өөртөө амралт өгөөд, өөрийгөө хуураад яваад байдаг”. Тэгэхгүйгээр өөрийнхөө төлөө үргэлж хичээж байгаарай.
“Эдузон” сургалтын төвийн багш С.Буян-Өлзийтэй ярилцлаа.
Инженер-математикч мэргэжилтэй тэрбээр сургалтын төв байгуулагдсан цагаас эхлэн багшилж, хүүхдүүдийг амжилт гаргахад хувь нэмрээ оруулсаар явна.
- Таныхаар “Эдузон” сургалтын төвийн гол давуу тал юу вэ?
- Сурагчид сургалтын төвийн хуваарьт хичээлдээ суухаас гадна үргэлжлүүлэн хичээлээ давтах, хичээлийн бусад цагаар багшаасаа сэдвээ гүнзгийрүүлэн асуух, ойлгоогүй зүйлээ лавлах, суугаагүй хичээлийнхээ агуулгыг нөхөх бүрэн боломжтой. Бид хичээлийн бус цагаар давтлагын цагийг олноор нь тавьж өгдөг. Тэр цагуудыг маш сайн ашигласан хүүхдүүд өндөр амжилт гаргадаг. Миний бодлоор хичээлийн цагт баригддаггүй, уян хатан байдал нь манай нэг давуу тал юм.
Мөн Монголын хамгийн анхны бүтэн жилийн сургалттай сургалтын төв юм. Хоцрогдолтой, хоцрогдолгүй янз бүрийн түвшний хүүхдүүд биднийг зорин ирдэг. Бүтэн жилийн хугацаанд 5-6 дугаарын ангийн агуулгаас эхлээд төгсөх анги хүртэлх бүх сэдвийг эхнээс нь сэргээн зааж, бататгадаг даа. Тиймээс хоцрогдолтой хүүхэд ч бусад хүүхдээс муу байх вий гэсэн айдасгүй суралцах боломжтой. Бид хоёр, гурван сараар богино хугацааны сургалт явуулж болно л доо. Гэхдээ ийм богино хугацаанд бүх агуулгыг заана гэдэг боломжгүй, зарим сэдвүүд орхигдож таардаг. Энэ тохиолдолд хоцрогдолтой хүүхэд хичээлээ гүйцэж авна гэдэг маш хэцүү. Тиймээс бид жилд нэг л удаа элсэлт авч, бүтэн жилийн хөтөлбөрөөр сурагчдад хичээлээ заадаг.
- Сүүлийн 10 жилд гарсан томоохон өөрчлөлт нь юу байв?
- Манайх дунд болон ахлах ангийн сурагчдад чиглэсэн сургалт явуулдаг. 2017 онд ЭЕШ-д бэлдэж байсан төгсөгч маань Монбушод бэлдэж байгаа гээд тэтгэлэгт шалгалтын өмнөх онуудын бодлогуудыг асууж эхэлсэн. Тухайн үед ерөнхийд нь чиглүүлж, бодлогуудыг тайлбарлаж, хамтдаа бэлдсээр сурагч маань Японы засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн. Тэр шавь маань энэ жил төгсөж байгаа. Түүнээс хойш хүүхдүүдэд гадаад улсын шалгалтад бэлдэх хэрэгцээ шаардлага гарч байгаад нийцүүлэн 2017 оноос тэтгэлэгт шалгалтуудад сурагчдыг бэлтгэх Монбушогийн хөтөлбөрөө эхлүүлсэн. Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалтад тэнцэх хамгийн хэцүү учраас энэ шалгалтад бэлдсэн байхад бусад орны шалгалтыг төвөггүй давчихдаг. Энэ сургалтын үр дүнд олон хүүхэд гадаадын улс оронд тэтгэлгээр суралцаж байна.
Бид ЭЕШ-д бэлдэхээс гадна дунд ангийн хоцрогдол арилгах, хувийн болон улсын Кембриджийн хөтөлбөртэй сургуулиудын элсэлтийн шалгалтуудад бэлтгэх сургалт явуулдаг. Мөн Дархан-Уул аймагт манай салбар нээгдээд удаж байна.
- Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаасаа дурдвал?
- Бид 10 жилийн ойгоо угтаж хот, хөдөө, алслагдсан сум дүүргийн, сургалтад суух боломжгүй хүүхдүүдэд зориулан “Ийзи” боловсролын аппликэйшнийг хөгжүүлж байна. Ийзи аппликэйшнд туршлагатай, чадварлаг багш нарын заасан 6-12 дугаар ангийн байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлүүдийг байршаад байна. Тухайн мультимедиа хичээлүүдийг дүрс, видео бичлэг, инфографикаар баяжуулан маш энгийн ойлгомжтой, сонирхолтойгоор мэргэжлийн студид бэлтгэн хүргэдэг. Улаанбаатар хот, 21 аймаг 330 сумдын хичээлээ нөхөж үзэх, давтах эсвэл гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүүхдүүдэд цаг хугацаа орон зайгаас үл хамааран суралцах боломжийг олгохын төлөө бид ажиллаж байна.
Сониноос, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк манай төслийг өндрөөр үнэлж, Боловсролын тэгш хүртээмжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Боловсролын салбарын шилдэг төслөөр шалгаруулан “Дижитал Оскар” шагналыг олгосон.
Жил ирэх тусам манай суралцагчдын тоо ихсэж байна. Манай ЭЕШ-д бэлтгэх сургалтын төгсөгчдийн 40-50 хувь 700-800 оноо авдаг. Японы засгийн газрын 100%-ийн тэтгэлэгт 9 суралцагчийг бэлтгэж тэнцүүлсэн бөгөөд манай төгсөгчид АНУ, Япон, Герман, Итали, Солонгос, ОХУ, БНХАУ, БНТУ, Австрали гэх мэт олон улсын шилдэг их дээд сургуулиудад амжилттай суралцаж байна.
- Цаашид сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, өөрчлөх төлөвлөгөө бий юу?
- Сүүлийн гурван жилд бид хүүхдүүдийн мэргэжил сонголт дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Цар тахлын өмнөх жилд энэ чиглэл рүү орж ажиллаж эхэлсэн ч КОВИД-оос болоод түр завсарласан.
Мэргэжил сонголтын тухайд хүүхдүүдээс хоёр төрлийн тест авч чиглүүлдэг. Нэг нь хялбар, нөгөө нь бичиглэл ихтэй. Тестийн дараа хүүхэд энэ мэргэжлийг сонгож болох юм гэсэн үндэслэл дээр хичээлээ сонгоно. Тэгэхгүй бол хүүхэд хэн нэгний зөвлөгөөгөөр математик, эсвэл физик сонгоод ороод ирдэг. Чадахгүй эсвэл сонирхолгүй болохоор дундаас нь өөр хичээл рүү орох тохиолдол их гардаг байлаа. Тэрнээс болоод хангалттай хэмжээний мэдлэг эзэмшиж амжихгүй байх асуудал тулгардаг байсан учраас мэргэжил сонголт дээр чиглүүлэх замаар сургавал илүү үр дүнтэй юм байна гэж бид үзсэн. Сүүлийн жилүүдэд үүнд түлхүү анхаарч байна.
- Ахлах, төгсөх ангийн сурагчдад хандаж та юу зөвлөх вэ?
- Сургалтын төвийг маань янз бүрийн түвшний хүүхдүүд зорьж ирдэг. Сэдвийн хоцрогдолтой хүүхэд, суурь сайтай хүүхэд аль аль нь адилхан түвшинд хүрэх боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Гол нь тууштай байдал. Яг цаг тухайд нь юмыг хийгээд явдаг хүүхэд хэчнээн сэдвийн хоцрогдолтой орж ирсэн ч сайн хүүхэдтэйгээ зэрэгцээд гараад ирэх боломжтой. Харин сайн хүүхэд дундуур нь ямар нэг шалтгаанаар сэдэв хоцроход бас л ялгаагүй сул хүүхдээс доогуур түвшинд ч очиж болно.
Зорьсон л бол тууштай, цаг тухайд нь юмаа хийгээд, өөрийгөө муу гэж голохгүй, сайн гэж бардамнахгүй явж байхад ямар ч хүүхэд амжилт гаргах бүрэн боломжтой.
“Эдузон” сургалтын төвд сурагчдын эцэг эхийн төлөөлөл болох Ж.Удвал сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүний охин нийслэлийн 75 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг бөгөөд “Эдузон” сургалтын төвд хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа юм байна.
“Ерөнхийдөө охин маань нэлээд хоцрогдолтой, тааруу байсан. Харин одоо бол түвшин нэлээд ахисан. Энэ жил ЭЕШ-д дээгүүр оноо авна гэсэн зорилготой байгаа” гэж Ж.Удвал хэллээ.
Тэрбээр сургалтын төвүүдийг нэлээд судалжээ. КОВИД-ын хөл хорионоос хойш маш олон сургалтын төв нээгдсэн байна. Харин нэг найз нь хүүхдээ “Эдузон” сургалтын төвд явуулаад ЭЕШ-д 800 оноо авсан талаар ярьжээ. “Үнэхээр чадварлаг багштай. Хүүхдийг маш сайн бэлтгэдэг. Тэнд л хүүхдээ явуул” гэж надад зөвлөсөн хэмээн тэрбээр ярилаа.
Ингээд аравдугаар сараас сургалтад явж эхэлсэн хүүхдэд нь 3-4 сарын дараа үр дүн гарч, өөрчлөгдөж эхэлжээ. “Эднийх нэг сэдэв үзээд, тэр сэдвээрээ шалгалт авч, үнэлгээг нь эцэг эхэд танилцуулдаг, ээж аавтай нь эргэх холбоо сайтай ажилладаг. Хүүхэд нэлээд сул байна шүү гэдгийг анх надад хэлсэн л дээ. Тэгээд охиныг маань шахаж эхэлсэн, би ч шахсан. Багш нар нь маш сайн тулж ажилладаг юм билээ. Энэ жил бол сургуулийнх нь багш их ам сайтай байгаа” хэмээн Ж.Удвал ярилаа.
Хүүхэд нь өөрөө сайжраад зогсохгүй ангийнхаа хүүхдүүдэд тусалж, илт сайжирсныг харсан хоёр ч найз нь энэ жил “Эдузон” сургалтын төвд сурахаар зорин иржээ.
“Бусад эцэг эхчүүдэд зөвлөхөд сургалтын төвийг сайн судалж хүүхдээ өгөөрэй гэж хэлмээр байна. Миний хувьд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, багш нарын чадвар, гаргасан үр дүнг чухалчилсан. Сургалт муутай газарт хүүхэд хохирох эрсдэлтэй тул үүнийг зөвлөх хэрэгтэй байх гэж бодлоо” хэмээн тэрбээр зөвлөж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!