Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль(ХҮИС)-ийг Монгол Улсын Их Сургууль(МУИС)-тай нэгтгэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн сард гарсан.
Энэхүү шийдвэр ба түүнтэй холбоотойгоор гаргасан БШУ-ы сайдын тушаалын үндэслэл тодорхой бус байна гэж үзэн ХҮИС шүүхэд хандаж байгаагаа энэ сарын 7-нд мэдэгдэж байв.
Харин өнөөдөр тус сургуулийн оюутнууд хэвлэлийн хурал хийн, эрх ашиг нь зөрчигдөж байгааг илэрхийллээ.
Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд ХҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан н.Энхцэцэг "ХҮИС-ийг сонгож элссэн байхад МУИС-д нэгтгэх шийдвэр гарсан нь миний сонгох эрхэд нөлөөлж, шийдвэрийг маань үл хүндэтгэсэн гэж үзэж байна. Мөн нэгтгэх шийдвэрийн дараагаар цахим орчинд ялгаварлан гадуурхалт их гарч байна" гэлээ.
Оюутны дотуур байрны асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Энэ талаар ХҮИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Д.Сундуйбадам "МУИС 3, 4 дүгээр курсийн оюутныг дотуур байрандаа авдаггүй. Харин ХҮИС 1-4 дүгээр курсийн оюутнуудаа дотуур байранд байлгадаг. Гэтэл өчигдрөөс дотуур байрныхан хөдөлгөөнд орж эхэлсэн. Учир нь МУИС-аас шалгалт ирж, 3-4 дүгээр курсийн оюутнуудын гэрээг цуцалж, гаргана гэсэн байна. Адилхан суралцах гэж орон нутгаас ирсэн оюутнуудын эрх ашгийг хөндөж, манай сургуулийг булаан авах үйлдэл хийж байна.
99 жилийн түүхтэй сургуулийг маань МУИС-тай нэгтгэж, түүхээс авч хаяж байгаад харамсаж байна" гэлээ.
Түүнчлэн оюутнууд их, дээд сургуулийг нэгтгэснээр боловсролын чанар сайжирна гэх нь өрөөсгөл гэж бодож байгаагаа илэрхийлж байв.
2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр сургуулийн тамга тэмдгийг хурааж, дансыг нь хаасан. Иймд хичээлийн бус цагаар аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|