Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, Эгийн голын УЦС зэрэг асуудлыг ярилцана

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болсон.

Уг чуулга уулзалт нь жилд хоёр удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцсоор ирснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр онцлов.

Тэрбээр "Эргэн тойрондоо болж буй эдийн засгийн харилцааны гадна үлдэж болохгүй. Аль болох оролцоогоо нэмэгдүүлж, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон төслүүдээ урагшлуулж байх нь манай улсын эрх ашигт нийцнэ. 

Швейцарын Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум, БНХАУ-ын Баод болдог Азийн чуулга уулзалтад ч мөн адил өндөр түвшинд оролцдог. Ингэхдээ чуулга уулзалтуудын бүх боломжийг дээд хэмжээнд ашиглах зорилт тавьж, сайтар бэлддэг" гэлээ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох гэж буй Ерөнхий сайдын зорилго нь томоохон төслүүд болох Эгийн голын усан цахилгаан станц, баруун босоо, зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, төмөр замын төв коридорын асуудлуудаар ярилцах юм.

Мөн эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Засгийн газрын гишүүд, ОХУ-ын төрийн өмчит томоохон компаниудын удирдлагуудтай уулзахаар тохирчээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг манай гадаад бодлогыг гуравдагч хөршүүд маань сайн ойлгодог. Гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг хоёр хөрш маань ойлгодог гэж дүгнэж болно. 

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүс нутгийн аливаа санаачилга, эргэн тойронд болж буй үйл явцад тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлоготой гэдгийг дэлхий нийтэд харуулах чухал хүчин зүйл гэдгийг онцлон хэлмээр байна" гэсэн юм.
ВИДЕО: 
https://fb.watch/fliC6B5EZp/