Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэгийг хоёр ба түүнээс дээш авсан хүмүүсийн тоо 98 байгаа, бүртгүүлсэн утасны дугаар давхардсан 55 орчим тохиолдол байгаа зэрэг нь албан тушаалтны хариуцлагагүй байдал, мөн холбоо хамаарал бүхий талуудад санхүүгийн дэмжлэг олгосон байх магадлалтай хэмээн Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасан талаар өмнө мэдээлсэн.
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн сэдэвт, 2016-2021 оныг хамарсан уг гүйцэтгэлийн аудитын тайлангаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилтийн асуудлыг мөн хөнджээ.
Энэ талаарх зарим зөрчил, дүгнэлтийг авч үзлээ.
Сүүлийн гурван жилд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан(ХЭДС)-ийн нийт төсвийн 32-64 хувийг ажлын байрыг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд буюу дэд сангуудад хуваарилж, зарцуулсан байна. Тус сангийн 2019-2021 оны зарлагын бүтцийг авч үзвэл Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хуваарилах сурагчдын тэтгэлэгт 33.9-66.8 хувийг зарцуулжээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих үндэсний зөвлөлөөс Мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжин сан(МБСДС)-ийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг батлаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж Үндэсний аудитын газар тайландаа дүгнэсэн байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу МБСДС-аас 2016-2021 онд төсвийн гүйцэтгэлээр 170 тэрбум төгрөг зарцуулжээ. Манай улсад 2021 оны байдлаар нийт 76 МСҮТ, политехникийн коллеж үйл ажиллагаа явуулж байгаагаас 43 нь төрийн өмчийн, 33 нь төрийн бус өмчийн буюу хувийн сургалтын байгууллага байна.
МБСҮЗ нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангах, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага бөгөөд мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцооны дээд удирдлага хэдий ч чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Нэг суралцагчид мэргэжлийн болон техникийн боловсрол олгох зардал нэмэгдсэн хэдий ч МБС-ын чанар сайжирч буй эсэх, төгсөгчид нь тогтвортой ажлын байртай болж чадаж байгаа эсэх нь тодорхой бус хэмээн ҮАГ дүгнэжээ.
Тэтгэлэг олголтоос шалтгаалан энэ төрлийн байгууллагад суралцагчдын тоо нэмэгдсэн сайн тал байгаа ч ажлын байртай болсон төгсөгчдийн хувь хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй буюу чадварлаг мэргэжлийн ажилтан бэлтгэх эцсийн зорилт хангагдаагүй байна.
МБС-ын байгууллагад олгож буй санхүүжилтийн үр нөлөөг илэрхийлэх гол хүчин зүйл нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь бөгөөд ХНХЯ-аас хөдөлмөр эрхлэлтийн хувийг тооцохдоо төгсөөд шууд ажлын байртай болсон суралцагчийн тоог нийт төгсөгчдийн тоонд харьцуулан гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Тухайн суралцагч нь төгсөж гарсны дараа 1-2 сар, 3-6 сар, 1 жилийн дараа хөдөлмөр эрхлэх тохиолдолд ажлын байртай болсон төгсөгчийн тоонд нөлөөлөхгүй байна хэмээн үзжээ.
Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл нь дүрэмд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!