АУДИТ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг хоёр ба түүнээс дээш удаа авсан 98 иргэн байна
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлан гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийн салбарын 2016-2021 оны үйл ажиллагааг хамруулсан байна.
Тус тайлангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан(ХЭДС)-тай холбоотой зарим мэдээлэл, зөрчил, дутагдлыг танилцуулъя. ХЭДС нь ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нэн хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг, зээл зэрэг 13 чиглэлээр санхүүжилт олгодог юм.
ХЭДС-ийн сангийн 2016-2021 оны орлогын гүйцэтгэлийг бүхэлд нь авч үзвэл
- өмнөх оны үлдэгдэл 42.9
- гадаад иргэдийн ажлын байрны төлбөрийн орлого 35
- улсын төсөв 5.3, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөр 4
- бусад орлого 12.8 хувийг тус тус эзэлж байна.
Хүснэгт. ХЭДС-ийн орлогын гүйцэтгэл 2016-2021 он(сая төгрөг)
| № | Орлогын төрөл | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Гадаадын иргэний ажлын байрны төлбөрийн орлого | 30,812.8 | 29,704.5 | 38,615.5 | 54,348.7 | 26,266.4 | 40,707.3 |
| 2 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрөөс орох орлого | 393.2 | 1,012.2 | 1,128 | 3,683 | 8,325.1 | 10,447.2 |
| 3 | Улсын төсөв | 3,850 | 9,100 | 20,330.2 | |||
| 4 | Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламж | 7,415 | 1,217.2 | ||||
| 5 | Жижиг зээлийн эргэн төлөлт | 17,000 | 4,350 | 15,900 | |||
| 6 | Жижиг зээлийн хүү, алданги | 187.3 | 156.6 | 67.2 | 256.9 | 340.5 | |
| 7 | Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт | 1,570.4 | 3,691.3 | 7,275.2 | 12,148.3 | ||
| 8 | Санхүүжилтийн буцаалт | 8,169.3 | |||||
| 9 | Бусад | 264.1 | 12.1 | 167.4 | 29.6 | 14.1 | 7.7 |
| 10 | Өмнөх оны үлдэгдэл | 39,244 | 44,113.30 | 93,550.8 | 93,114.6 | ||
| Дүн | 33,040.5 | 51,607.4 | 94,786.7 | 111,341.80 | 156,158.5 | 182,052.1 |
Хүснэгт 2. ХЭДС-ийн зарцуулалт, зориулалтаар (сая төгрөг)
| № | ХЭДС-ийн зарлагын ангилал | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | Нийт дүн |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Дэд сангуудад хуваарилсан санхүүжилт | 22,718.6 | 27,509.5 | 36,376.4 | 35,063.8 | 21,920.5 | 32,181.8 | 175,770.5 |
| 2 | Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хуваарилах сурагчдын тэтгэлэг | 10,149.3 | 0 | 0 | 18,588.3 | 45,700.9 | 56,984.8 | 131,423.3 |
| 3 | ХЭҮЗ-ийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийн санхүүжилт | 0 | 90.4 | 0 | 38.9 | 0 | 6,792.5 | 6,921.8 |
| 4 | Засгийн газар, ХЭҮЗ, бусад шийдвэрээр тодорхойлсон хөтөлбөр, төслийн санхүүжилт | 3,064.8 | 54.2 | 0 | 26.7 | 42 | 0 | 3,187.6 |
| 5 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр | 114.9 | 599.8 | 592.8 | 169.7 | 0 | 0 | 1,477.2 |
| 6 | Ажлын байрны төлбөрийн буцаалт | 0 | 333.7 | 1107.8 | 0 | 0 | 0 | 1,441.5 |
| 7 | Сурталчилгаа, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах | 163.1 | 104.2 | 358 | 198.8 | 98.2 | 62.6 | 984.8 |
| 8 | Бүртгэл мэдээллийн сүлжээ ажиллуулах | 8.7 | 263.6 | 138.8 | 115.7 | 203.5 | 40.6 | 771 |
| 9 | Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээ хангах үйлчилгээ | 0 | 150.6 | 76 | 146 | 95.8 | 162.8 | 631.2 |
| 10 | Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр | 0 | 231.6 | 223 | 91.2 | 0 | 0 | 545.8 |
| 11 | Ажилд зуучлах үйлчилгээ | 11.1 | 55.5 | 53.7 | 110 | 92.7 | 87.7 | 410.6 |
| 12 | Гарын авлага, хэвлэмэл материал | 114.2 | 94.1 | 51.8 | 42.7 | 31.6 | 45.9 | 380.4 |
| 13 | Хөдөлмөрийн салбарын ажилтнууд, ХНЗ-ийн 3-н талт хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийгдэх чадавх бэхжүүлэх сургалт | 0 | 53.9 | 109.2 | 41.5 | 12.5 | 108.5 | 325.6 |
| 14 | Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл | 65.9 | 57 | 66.5 | 62.3 | 45.7 | 15.9 | 313.4 |
| 15 | Хөтөлбөр, төслийн хяналт үнэлгээ | 3.9 | 28.9 | 18.7 | 30.2 | 20.3 | 58 | 160 |
| 16 | Бусад төсөл, хөтөлбөр, зардал | 148.6 | 158.4 | 206.2 | 52.6 | 105.5 | 148.3 | 819.5 |
| Сангийн нийт зардал | 36,563.1 | 29,785.4 | 39,378.9 | 54,778.4 | 68,369.20 | 96,689.4 | 325,564.2 |
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг хуваарилсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 24.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн батлагдсан төсвийг аймаг, нийслэл, дүүрэгт хуваарилахдаа хүн амын тоо, ажилгүйдэл, ядуурлын түвшин, хамрагдах хүний тоо зэргийг үндэслэнэ" гэж заасныг зөрчсөн хэмээн дүгнэжээ.
Батлагдсан төсвийн бүтэц, хуваарийг 2016-2021 оны байдлаар өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулан судлахад ХЭДС-д жил бүрийн эцэст мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг харгалзан үзэлгүй өмнөх оны хуваариас хэт өндрөөр нэмэгдүүлэн баталж ирсэн аж.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь ХЭДС-ийн батлагдсан төсвийн хуваарьт жил бүр 2-4 удаа тодотгол, өөрчлөлт хийж, орлогын хэмжээ төлөвлөснөөс 150%, зарим жилүүдэд үүнээс ч өндөр хувиар биелэгдсэн байхад дараа оны төсөвт эдгээрийг харгалзан үзэлгүй баталж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг бодит тооцоололд үндэслэхгүй байгаагийн илрэл хэмээн дүгнэжээ.
Тодруулбал, аймаг, дүүргүүдэд 2016-2021 олгосон санхүүгийн дэмжлэгээс хугацаа хэтэрсэн
- хамгийн бага үлдэгдэлтэй нь Говьсүмбэр 10.9 сая төгрөг байгаа бол
- хамгийн их нь БЗД 1.1 тэрбум, Хөвсгөл 1.6 тэрбум төгрөг байна.
БЗД-ийн хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэл нийслэлийн хэмжээний авлагын 30%-ийг дангаараа эзэлж буй аж.
Гүйцэтгэлийн аудитын хүрээнд ХЭДС-ийн хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийн мэдээллийг Heds.axplorer.net цахим системээс хөрвүүлэн авч шалгахад дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
- Санхүүгийн дэмжлэгийн 3,504 гэрээний мэдээллийг цахим системд оруулахдаа утасны дугаарыг бүртгээгүй
- Санхүүгийн дэмжлэгийн 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа давтагдсан
- Регистрийн дугаар давтагдсан буюу санхүүгийн дэмжлэгийг хоёр ба түүнээс дээш удаа авсан 98 иргэн байна
- Регистрийн дугаарыг бүртгээгүй 8 харилцагц иргэн, ААН, байгууллага байна.
Иймд өмнө нь авсан дэмжлэг бүрэн төлөгдөөгүй байхад дахин нэмж дэмжлэг өгдөг, регистрийн дугаарыг бүртгэдэггүй бөгөөд регистр болон утасны дугаар олон удаа давхацсан байгаа нь албан тушаалтны хариуцлагагүй байдал, мөн холбоо хамаарал бүхий талуудад санхүүгийн дэмжлэг олгосон байх магадлалтай хэмээн дүгнэжээ.
Төрийн байгууллагуудын чиг үүрэг уялдаагүй талаар Үндэсний Аудитын газраас гаргасан тайлан болгон дээр шахам дурдаж байгаа. Энэ удаагийн тайланд ч мөн энэ талаар тэмдэглэжээ. Зарим зөрчлөөс дурдвал:
- Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн зорилт тавьсан ч бодлогын баримт бичгүүдийг боловсруулахдаа бүх талын оролцоог хангаагүйгээс зарим шалгуур үзүүлэлтүүд нь зөрүүтэй байна.
- "Алсын хараа 2050", Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Төсвийн тухай хуулийн хавсралтад 2020, 2050 онд ажилгүйдлийн түвшнийг тооцохдоо харилцан адилгүй тодорхойлжээ.
- Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдүгээр үе шатны төлөвлөгөөг батлуулаагүй, төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөөгүй байна.
- Мөн санхүүжилтийг эдийн засгийн суурь судалгаагүйгээр, өмнөх онуудад хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тооцохгүйгээр төлөвлөн баталсан байна.
- Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолын хавсралтад "Ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг дээшлүүлэх" гэсэн зорилт дэвшүүлсэн боловч бодлогын хэрэгжилтийг үнэлж, үр нөлөөг тооцоогүй байна.
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээнд 491,059 хүнийг хамруулж, 3.6 тэрбум төгрөг, хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн, цаашид хэрхэн сайжруулж, боловсронгуй болгох талаар судалгаа, тооцоо, тайлан мэдээллийг ХНХЯ гаргаагүй тул уг арга хэмжээний бодит үр нөлөөг дүгнэх боломжгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

