НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 2% бус 5, 10 хувь болгож нэмэх санал иргэдийн дунд ихээр яригддаг. Тэгвэл буцаан олголтын хувь хэмжээг нэмснээр үзүүлэх нөлөөний талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа.
"Юуны өмнө НӨАТ бол татварыг тэгш, шударга болгоход зориулагдсан бөгөөд төсөв бүрдүүлэх зорилготой татвар. Үүний тулд бүртгэж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. НӨАТ-ын 10% бол өндөр биш, багадаа ордог. НӨАТ авдаг 120 гаруй улс байгаа бол 21 улс сугалаат урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлдэг ба дийлэнх нь хурдтай хөгжиж байгаа улс юм. Сугалаагүй улсуудын хувьд татвараас зайлсхийх боломжгүй орнууд байна.
Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлснөөс гадна эрүүл мэнд, боловсролын зэрэг байгууллагууд буцаан олголт өгдөггүй. Энэ утгаараа дундаж орлоготой өрхийн НӨАТ-тай хэрэглээ харьцангуй бага байдаг. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрэв буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлбэл нэг өрхөд очих мөнгө дунджаар 20,000 төгрөг болно.
Гэтэл НӨАТ-ын буцаан олгож байгаа жилийн нийт үнийн дүнгийн 60% нь өндөр орлоготой иргэдэд ногдож байгаа юм. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх нь дундаж орлоготой бус, өндөр орлоготой өрхүүдийг л дэмжсэн бодлого болно" гэлээ.
Өөрөөр хэлбэл, жилд буцаан олгож байгаа нийт 200 гаруй тэрбум төгрөгийн 120 гаруй тэрбум төгрөгийг авч байгаа, өндөр орлоготой цөөн өрхийн буцаан авалтын дүн улам өсөх бол дундаж орлоготой өрхүүдийн буцаан олголтын мөнгө төдийлөн өсөхгүй ба төсвөөс гарах зардал ихсэн тул энэ бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсаас бага татвартай улс цөөхөн байдаг талаар тэрбээр нэмж хэлсэн юм. Тухайлбал, манай ААНОАТ 10 байдаг бол үүнээс бага татвартай таван улс, ХХОАТ 10%-аас доогуур найман улс байгаа юм. Бусад нь манайхаас өндөр татвартай байна. Иймд татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр орлогоо нэмэх боломжийг НӨАТ болон сугалааны урамшуулал бүрдүүлж байгаа хэмээн үзэж байна.
Тухайлбал, НӨАТ-ын сугалааг сэргээж, хонжворын дүн бүр дээр азтан тодруулдаг болсноор жилд 550,000 орчим хүн 24.9 тэрбум төгрөгийн хонжвор аван боломж бүрдэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!