Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц МАН-ын хэлтэс, тасаг шиг ажиллаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын 4/11 ээлжит мэдээлэл боллоо. Үндсэн хууль дахь “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан юм. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-тэй гишүүдийн тоог хязгаарласан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ.

Уг дүгнэлттэй холбогдуулан АН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага МАН-ын хэлтэс, тасаг шиг ажиллаж, Үндсэн хуулиар дэндүү их тоглож байна. Өмнө нь ч маш олон асуудал дээр зарчимгүй шийдвэр гаргаж байсан. Цэцийн гишүүд Үндсэн хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад сууж байна.

Цэцийн гишүүд зөөлөн суудалдаа үлдэхийн тулд эрх баригчдын захиалгыг биелүүлж байгаа нь харамсалтай. Одоо цэцийн гишүүд Үндсэн хуулийн талаар, хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо. Энэ хүмүүсийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэмжээний ёс зүйгүй шийдвэр гаргасан.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандад МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ боль гэж хэлье. Ардын намаас мэдээлэл хийдэг ажилтан нь болж хувирлаа чи. Ичихгүй байна уу. Саяхан намын үзэл баримтлалаа өөрчиллөө гэж зарлаж байсан. Гэвч МАН-ын халаасны нам гэдгээ баталчихлаа.

Мөн нэг жижиг намын дарга А.Отгонбаатарт битгий Ардын намын цагаан хоолойчны ажил хийгээд бай. Чи эхлээд эрх чөлөөний төлөө дуугарч байсан залуусыг өмөөрч дуугарвал зөв харагдана. Та нар эрх чөлөө нь зөрчигдөж байгаа иргэдийнхээ төлөө дуугарахгүй байж Ардын намын цагаан хоолойны ажил хийгээд яваад байгаа чинь харамсалтай байна.

Үүнээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд, Батлах хамгаалах яам болон ЗХЖШ иргэддээ мэдээлэл өгдөг баймаар байна. Оросын цэрэг Монголд орж ирж, хээрийн сургуулилт хийгээд хэтэрхий удлаа. Наймдугаар сарын 15-нд гарна гэж байсан ч өнөөдрийг хүртэл байгаа юм байна. Дээрээс нь өөр улсуудын цэрэг орж ирэх гэж байгаа мэдээлэл байна. Монгол Улс дурны хонгио болсон хэдэн улсын полигон болчихсон юм уу. Ингэж болохгүй шүү дээ” гэв.