Дэлхийн хамгийн том баялгийн сан болох Норвегийн сан энэ оны эхний хагаст 1.68 их наяд кроны ($174 тэрбум) алдагдал хүлээсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Тус сангийн хөрөнгө оруулалтын өгөөж эхний зургаан сарын байдлаар хасах 14.4 хувьд хүрсэн байна.
Алдагдлын ихэнх хэсгийг энэ хугацаанд 28 хувиар унасан технологийн салбарын хувьцаанууд эзэлжээ. Гэхдээ долоо, наймдугаар саруудад хөрөнгийн зах зээл сэргэж, зарим алдагдал нь нөхөгдсөн тухай 26 жилийн түүхтэй Норвегийн баялгийн сан мэдээлсэн байна.
“Бодлогын хүүгийн өсөлт, өндөр инфляц, Европт дэгдсэн дайн зэрэг хүчин зүйлүүд хөрөнгийн зах зээлд нөлөөллөө” гэж сангийн гүйцэтгэх захирал Николай Танген мэдэгджээ.
Гэхдээ алдагдал нь төсөөлж байсан хэмжээнээс хэтрээгүйг тэр онцолсон байна.
Тус сангийн хамгийн их алдагдал дагуулсан хөрөнгө оруулалт нь Фэйсбүүкийг эзэмшигч Мета (38 тэрбум крон), Амазон (35 тэрбум крон), Apple (30 тэрбум крон) гэсэн технологийн аварга компаниуд байжээ.
1996 онд байгуулагдсан Норвегийн баялгийн сан тус улсын газрын тос, байгалийн хийн орлогоор хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлж байв. Одоо тус сан дэлхийн 9,300 гаруй компанийн хувьцааг эзэмшдэг нь нийт хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын 1.3 хувь болдог байна.
Норвегийн баялгийн сангийн нийт хөрөнгийн хэмжээ $1.3 их наяд хүрдэг ба энэ нь дэлхийн улс орнуудтай жишвэл 16 дугаарт эрэмбэлэгдэх хэмжээ юм.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!