Украинаас салан тусгаарласан Донецкийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн энэ долоо хоногийн Даваа гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд захидал илгээжээ.
Салан тусгаарлагчдын тэргүүн Денис Пушилин талууд харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа уг захидалд илэрхийлсэн тухай Солонгосын Мэдээний Төв Агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
Тэрбээр захидлаа Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний ойн өдрийг тохиолдуулан бичжээ.
“Донбассын бүс нутгийн ард иргэд 77 жилийн өмнөх Солонгосын ард түмэн шиг эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж байна” гэж бичсэн Пушилин дайны дараах сэргээн босголтод хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн сард Умард Солонгосын засгийн газар Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон юм.
Эдгээр улсуудыг одоогоор Умард Солонгосоос гадна ОХУ болон Сири улс хүлээн зөвшөөрөөд байгаа. Пёньяны дэглэм Донбассын сэргээн босголтод ажиллах хүч илгээх боломжийг судалж байгаа гэсэн мэдээлэл бий.
Долдугаар сарын 29-ний өдөр Донецкийн Бүгд Найрамдах Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ольга Макеева эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Москва хотноо Умард Солонгосын элчин сайд Шин Хон Чолтой уулзсан байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!