Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 10 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдийг шагнадаг болох зарлигт гарын үсэг зурсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
“Баатар Эх” нэртэй уг шагналыг Дэлхийн Хоёрдугаар дайны сүүлээр буюу 1944 онд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин анх санаачилж байсан юм.
Энэ нь дайнд 26 сая орчим хүнээ алдсан Зөвлөлт Холбоот Улсын хувьд хүн амаа өсгөх зорилготой байжээ.
Дахин сэргээсэн “Баатар Эх” шагналын эзэн 10 хүүхэд төрүүлсэн, 10 дахь хүүхэд нь нэг нас хүрсэн байх ёстой ба нэг сая рублийн ($16,000 орчим) нэг удаагийн тэтгэмж хүртэх юм байна.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын хүн амын тоо тогтмол буурч, Украинд явуулсан дайнд олон мянган эрчүүдээ алдсан нь ийм шагнал бий болгож, хүн амынхаа өсөлтийг дэмжих шаардлагыг бий болгосон гэж ажиглагчид дүгнэжээ.
Зөвхөн энэ оны эхний таван сарын хугацаанд тус улсын хүн ам сар бүр 86,000-аар буурсан тухай Росстат статистикийн байгууллага мэдээлсэн байна.
2020 оны аравдугаар сараас 2021 оны есдүгээр сарын хооронд ОХУ-ын хүн ам 997,000-аар хорогджээ. Үүнд коронавирусийн цар тахал голлон нөлөөлсөн байна.
Энэ бол тайван цагт хүн амын тоо хамгийн ихээр буурсан түүхэн үзүүлэлт болохыг хүн ам зүйч Алексей Ракша баталжээ.
Зөвлөлт Холбоот Улс задарсан 1991 онд Оросын хүн ам 148.3 сая орчим байсныг Дэлхийн Банкны тоо баримт харуулж байна.
2022 онд энэ тоо 145.1 сая болж буурчээ.
Украины дайнд амиа алдсан буюу шархадсан Оросын цэргийн тоо 80,000 орчимд хүрснийг Пентагон энэ сарын эхээр мэдээлж байв.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!