Төрийн аудитын байгууллагатай гэрээний үндсэн дээр аудит хийдэг байгууллагуудын нэг болох “Мишээл-Од-Аудит” компанийн захирал Т.Одончимэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд төрийн аудитын үйл ажиллагаа таны харж байгаагаар хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?
-Сүүлийн 10 гаруй жилд төрийн аудитын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт орж, эрх зүйн орчин ч сайжирсан гэж бодож байна. Олон улсын аудитын стандартуудыг мөрдөхийн зэрэгцээ төрийн аудит өөрийн стандартаа тогтмол сайжруулж, аудитын үйл ажиллагааг улам чанартай болгох чиглэлээр маш их ажил хийгдэж байна. 2021 оноос өмнө бид СТАУС гэдэг программ дээр 4-5 жил ажилласан.
Аудитын эрсдэлийг хэрхэн тооцох, ямар горимыг яаж үндэслэх, үндэслэхдээ ямар хууль, дүрэм, журмыг баримтлах, эрсдэл гарвал ямар хууль, дүрмийг зөрчиж байна вэ зэргийг, цаашлаад илүү гүнзгийрүүлэн сурахад аудитын энэ программ маш их нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хувийн аудитын компанид ажиллаж байгаа аудиторуудын мэдлэг чадвар дээшлэх, аудит хийх арга зүй, практикаар хангагдах нөхцөл боломжийг төрийн аудитын байгууллага маш сайн хангаж өгсөн.
Өнгөрсөн жилээс Үндэсний аудитын газар санхүүгийн тайлангийн аудит хийхэд шинэ программ зохиож, аудит хийх явцдаа бид маш их туршлага хуримтлуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын систем (FAS)-ийг шинээр хийж, аудитын үе шатны бүртгэлийг олон улсын стандартын дагуу хийхээр системийг сайжруулж байгаагаас гадна Төрийн аудитын байгууллага цахим сургалтууддаа хамтран ажилладаг хувийн аудитын компаниудаа тогтмол хамруулдаг болсон.
Цахим сургалтууд кредит цагтай, үнэлгээтэй тул манай аудиторууд тогтмол өөрсдийгөө хөгжүүлж, шинэ гарч буй стандарт, дүрэм журмуудыг байнга уншиж судалж байна. Энэ бол бид үйл ажиллагаагаа сайжруулахад төдийгүй залуу аудиторуудыг мэргэшүүлэхэд маш түлхэц болж байгаа. Биднийг туршлагажих, дадлагажих, мэдлэг олох бүхий л боломж нөхцөлийг хангахад Төрийн аудитын байгууллагын үүрэг оролцоо маш өндөр байгаа.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа аудитын салбарт сайн байна гэж ойлгох уу?
-Монголд аудитын 160 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд 10 гаруй жил Үндэсний аудитын газартай хамтарч ажиллаад хангалттай туршлагатай болсон байна. Төрийн аудитын байгууллагаас төрийн аудитыг гэрээний үндсэн гүйцэтгэхэд шалгуур тавиад, хуулийн дагуу тендер зарладаг. Тэр шалгуурыг хангаж байгаа 70 орчим компани бий. Тэд маань төрийн үүргийг давхар гүйцэтгэж өгч байна гэсэн үг.
Тэгэхээр бид төрийн аудитын нэр нүүрийг барьж ажил хийж байгаа учир яг л төрийн аудиторуудын хэмжээнд, тэр шаардлагыг хангахуйц ажиллах ёстой. Үүний тулд аудиторуудаа мэргэжил арга зүйгээр хангах, хүнийхээ тоог нэмэх гээд чанартай гүйцэтгэлийг бүх талаар хангах хэрэгтэй. Энэ тал дээр сүүлийн жилүүдэд Төрийн аудитын байгууллагын оролцоо өндөр байгаа. Төрийн ажлыг гүйцэтгэснээрээ манай компанийн аудиторууд өсөж дэвжиж, төрийн аудитын зах зухаас суралцаж, цаашлаад шинээр гарч байгаа хууль, дүрэм журмуудыг тухайн цаг үед нь тогтмол сурч мэдэж байна.
Хэрэв Төрийн аудитын байгууллагатай хамтран ажиллаагүй бол төрөөс гарч байгаа шийдвэрийг тухайн бүр тэгж нарийн судлаад байхгүй, аж ахуйн нэгжийн ажлуудтайгаа л зууралдана шүү дээ. Үүгээрээ их давуу талтай.
Хоёрдугаарт, ажлаа чанартай гүйцэтгэснээр компанийн нэр хүнд өсөх, олонд танигдах, санхүүгийн хувьд бэхжих гээд олон талын ач холбогдолтой. Бид ажлаа чанартай хийснээр нөгөө байгууллагын үйл ажиллагаа сайжирч, эргээд төрийн хяналт тогтворжиход бид хувь нэмрээ оруулж байна гэж бодож ажилладаг.
-Төрийн байгууллагуудад аудит хийгээд зөвлөмж өгөөд явахад үр дүн хэр гарч байна гэж анзаарагддаг вэ. Ямар өөрчлөлтүүд харагдаж байна вэ?
-Төрийн аудитын тухай хууль шинэчлэгдсэн. Хуулийн шинэчлэлийг дагаад төрийн аудитын дүрэм журмууд гарсан. Энэ журмуудад акт, албан шаардлага, заавар зөвлөмж, түүний хэрэгжилтийг хэрхэн хангах талаар бүгдийг нарийвчлан журамлаад бидэнд гарын авлага болгоод өгчихсөн. Энэ дагуу ажиллаад явж байгаа. Сүүлийн жилүүдэд хяналтын тогтолцоог сайн хөгжихөд бид маш их хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог.
Хяналт өндөр түвшинд хүрснээр үр дүн сайжирч байгаа. Хэдэн тэрбум, их наядаар тоологдох акт, албан шаардлагын биелэлт хангагдаж байна гэдэг бол тэр хэмжээний эрсдэлийг ил болгож, буцаагаад нөхөн төлбөрийг гаргуулж байгаа нь үр дүн сайн байгаагийн илрэл.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд хариуцлагын механизм сайжирсан тул Төрийн аудитын байгууллагын ажлын үр дүн сайн байгаа гэж хардаг. Харилцаж байгаа байгууллагууд дээрээ жишээ татахад, анх очиход алдаа зөндөө байдаг.
Нягтланд мэдэхгүй, сонсоогүй юм их. Гурван жилийн дараа харахад нягтлан бодогчийн мэдлэг боловсрол маш их дээшилсэн, байгууллага өөр болсон байна. Яагаад гэвэл гаргаж байгаа алдаа нь аль хуулийг зөрчөөд байгааг, зөрчихгүйн тулд яаж ажиллах ёстой зөвлөмжийг бид өгчхөж, эргээд ирэх жилүүдэд нь өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг шалгачхаж байгаа болохоор сайжрахаас аргагүй. Тэгэхээр аудитын байгууллага Монгол Улсын санхүүгийн үйл ажиллагаа сайжирч, өсөн дэвжихэд хамгийн их нөлөө үзүүлж байгаа.
Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн ч гэсэн маш их зөвлөгөө авдаг болсон. Групп компаниуд алдаа бага гаргах, бүр гаргахгүй байх, татварын эрсдэлд орохгүй байх, санхүүгийн тайлангаа үнэн зөв алдаагүй илэрхийлэхийн тулд аудитын зөвлөгөө авдаг болсон. Тэр компаниудыг эрсдэлгүй болгохын тулд бид бас хууль журам, стандартаа унших, мэдлэг боловсролоо дээшлүүлнэ. Энэ мэт байдлаар хөгжих үйлдэл тасралтгүй өрнөж байдаг салбар гэж хараад байгаа. Монгол Улсад аудит маш хэрэгтэй салбар. Гол нь цаашид ч сайн авч явах нь чухал.
-Аудитыг өмнө нь хяналт шалгалт гэдэг талаас нь түлхүү хардаг байсан бол сүүлийн жилүүдэд таны хэлсэнчлэн заавар зөвлөгөө өгдөг, байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөв зүйлд нь чиглүүлдэг гэдгээр нь үнэлэх хандлага нэмэгдэж байна гэж ойлголоо.
-Тийм ээ. Ер нь сүүлийн жилүүдэд зөвлөгөө л авах гээд байдаг болсон. Энэ нь эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах талаасаа ч бизнесийн зөв л процесс. Хувийнхан бол бүх юмаа шалгуулаад, алдаа дутагдлыг нь заагаад өгөхөөр эрсдэлийг бууруулахын тулд жилд нэг биш улиралдаа зөвлөгөө аваад хамтарч ажиллах сонирхолтой болж байна.
-Сүүлийн 2 жилд цар тахлаас үүдэлтэйгээр Төрийн аудитын байгууллага хувийн аудитын байгууллагатай хамтраад цахимаар аудит хийж гүйцэтгээд явлаа. Энэ нь та бүхний үйл ажиллагаанд ямар өөрчлөлт дагуулав?
-Цар тахал бидэнд цахимаар ажиллах боломжид сургасан. 2020 онд яг гэр гэртээ сууж, цахимаар маш сайн ажиллаж сурсан. Өнөөдөр л гэхэд гадуур ажиллаж байгаа аудиторуудаа хянах боломжтой сууж байна. Үндэсний аудитын газрын нэвтрүүлсэн программын хүрээнд бүх ажлаа драйв дээрээ хийдэг болсон. Тэр явцыг би ч, ахлах аудиторууд ч хянах боломжтой.
КОВИД-оос өмнө бид Үндэсний аудитын газарт тайлангаа өгөхийн тулд оочирлож хамаг цагаа бардаг байсан. Тэгээд тайлан дотор засвар хийх шаардлагатай болбол буцаад ажил руугаа түгжирч ирнэ. Ирээд гурав, дөрөвхөн үг засаад буцаж очиж оочирлоно. Маш их цаг авдаг байсан. Одоо бол цахимаар бүх үйл ажиллагаа явж байгаа болохоор маш амар болсон. Хэвлэх түвшинд эцсийн байдлаар бэлэн болох хүртэл чанарын хяналтыг 6 түвшинд хийж байгаа.
Эхний хяналтыг манайх дотроо хийж байна. Ахлах аудитор, чанарын хяналт шалгасны дараа би хянаад ҮАГ-ын манай байгууллагыг хариуцсан аудитор руу явуулна. Аудитор хяначхаад аудитын менежертээ өгнө. Менежер хянаад газрын захиралдаа өгнө. Ингээд 6 хүн хянаж байж бидний ажлын үр дүн хэрэглэгчид очиж байгаа юм. Алдаа гарахгүй байх, бага гарах нөхцөл ингэж бүрдэж байгаа. Энэ нь тухайн байгууллагын эрсдэлээс гадна манай компанийг эрсдэлээс хамгаалж байгаа юм.
Хэрэв бид эрсдэлтэй ажил хийвэл манай тусгай зөвшөөрөлтэй ярих нөхцөл үүснэ. Тэгэхээр олон шат дамжлагаар хяналтыг цахимаар хийж байгаа нь тухайн байгууллага даа ч, манайд ч маш их үр дүн өгч байгаа.
-Төрийн аудитын байгууллага 2022 онд “Чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах” гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Яг үүнд хувийн аудитын компаниудын оролцоо маш өндөр байгаа. Танай компанийн хувьд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байна вэ?
-Манай компани төрийн аудитын 5 ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, Эрдэнэт, Булганы болон Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ буюу Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг хангаж байгаа байгууллагуудыг хянаж байна. Энэ 2 том компанид эрсдэл гарч байгаа юм чинь бусад цахилгаан түгээх дээр тэр эрсдэл байж л байгаа. Тиймээс энэ эрсдэлийг засаж залруулахын тулд системээр нь хяналт тавивал яасан юм бэ гэдэг саналаа ҮАГ-т явцын дунд тавина. Яаманд саналуудаа оруулъя гэдэг саналаа мөн тавина.
Хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн асуудал зөндөө гардаг тул тэр асуудлуудыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавих саналаа мөн уламжилна. Ингэж цааш нь том дүгнэлт гарахад нөлөөлөх хэмжээний саналуудыг гаргаж тавьж өгч байна. Яагаад гэвэл бид хамгийн анхны цэг дээр нь ажиллаж байгаа учраас. Тиймээс аудитын ажил чанартай байхад бидний оролцоо их байна л гэж харж байгаа.
-Энэ жил Монгол Улсад төрийн хяналтын байгууллага үүссэний 100 жил тохиож байна. Ирэх 100 жилийн төрийн болон хувийн аудитын компанийн хамтын ажиллагааг ямар түвшинд гарна гэж харж байна вэ. Хөгжлийн хандлагыг юу гэж үзэж байгаа вэ?
-Миний бодлоор цаг үеэсээ хоцроод байгаа “аудит”-ын асуудлууд ч байна, компаниуд ч зөндөө байна. Тэгэхээр төрийн аудитын байгууллага аудитынхаа чиглэлийн хөгжил дэвшлийг илүүтэй харж, энэ чиглэлд үйл ажиллагаагаа тэлээсэй гэж боддог. Жишээ нь, Сангийн яам тусгай зөвшөөрөл л өгч байгаагаас биш тэр болгон бидний ажил буюу аудитын ажил руу орохгүй.
Мэргэшсэн нягтлан бодогчдын институт тодорхой том стандартуудаа бариулж, өөрчлөлт гарвал мөрдүүлнэ үү гэхээс биш ҮАГ шиг бидний ажлын гүн рүү ордоггүй. Гэтэл бид төрийн аудитын байгууллагатай хамтарч ажиллаж байгаагаараа бүх зүйл рүү гүнзгий орж, махчилсан ажил хийж байгаа. Хянаж байгаа нь ҮАГ. Энэ утгаараа аудитын салбарын хувийн хэвшлийг зангидвал зүгээр юм уу гэж боддог.
Одоо бол төрийн аудитын байгууллагатай хамтарч ажил гүйцэтгэж байгаа 70 орчим байгууллага нь сураад, хөгжөөд яваагаас биш цаана нь зөндөө олон байгууллага үлдээд байгаа юм. Тэднийг бидэнтэй адилхан түвшинд сургахгүй болохоор мэдлэг чадвар, чанарыг ялгаа зааг гардаг. Чанар муутай ажил хийхээр аудитын компаниудыг бүхэлд нь чадавхгүй гэж харах сөрөг талтай.
Бусад маань суралцаад, хөгжөөд орчин үеийн шаардлагад нийцсэн аудитыг хийдэг болоосой, программ дээр ажилладаг болоосой, төрийн аудитын байгууллага энэ чиглэлд өргөжөөсэй гэж боддог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!