Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар иргэдийнхээ согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, залуу үеийнхний согтууруулах ундааны хэрэглээ багассан нь Япон улсын төсөвт сөргөөг нөлөөлж эхэлжээ.

Тиймээс тус улсын Үндэсний Татварын Алба 20-39 насны иргэдийн дунд “Sake Viva!” нэртэй уралдаан зарласан байна. Уралдааны зорилго нь согтууруулах ундааг хүмүүсийн дунд хэрхэн түгээмэл хэрэглээ болгох хамгийн шилдэг санааг тодруулах гэнэ.

Есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх уралдаанд залуус шинэ бүтээгдэхүүн, шинэ дизайны санаанаас гадна ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг хэрхэн үр дүнтэй дэлгэрүүлэх санаагаа илгээх юм байна.

Мөн согтууруулах ундааны борлуулалтыг метаверс зэрэг шинэлэг арга замаар хэрхэн нэмэгдүүлэх санааг хүлээж авах ажээ.

Японы Үндэсний Татварын Албанаас гаргасан тоо баримтаас үзвэл тус улсын согтууруулах ундааны хэрэглээ 1995 онд нэг хүнд дунджаар жилд 100 литр байсан бол 2020 онд 75 литр болж буурчээ.

Энэ нь Япон улсын төсвийн алдагдалд бас нөлөөлсөн байна.

2020 онд тус улсын татварын орлогын 1.7 хувийг согтууруулах ундаа бүрдүүлжээ. 2011 онд энэ хэмжээ 3 хувь, 1980 онд 5 хувь байсан юм байна.

Зөвхөн 2020 оны санхүүгийн жилд хатуу ундааны татварын хэмжээ өмнөх оноосоо 110 гаруй тэрбум иенээр буурсныг тоо баримт харуулжээ.

Энэ нь сүүлийн 31 жилийн хугацаанд гарсан хамгийн том уналт юм байна. Ялангуяа шар айргийн хэрэглээ цар тахлын үеэр хамгийн их унажээ.

Тухайлбал Kirin шар айргийн үйлдвэрийн мэдээлснээр 2020 онд Японы нэг хүнд оногдох хэмжээ 55 лонх хүрсэн нь өмнөх оныхоос 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Уралдаанд түрүүлсэн оролцогчдыг арван нэгдүгээр сарын 10-ны өдөр Токио хотод болох ёслолын арга хэмжээнд урьж, гаргасан санааг нь ирэх өвлөөс нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian