Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын шүүх Твиттер хэрэглэдэг эмэгтэйд 34 жилийн хорих ял оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын шүүх саяхан Твиттер сошиал платформыг идэвхтэй хэрэглэдэг эмэгтэйд 34 жилийн хорих ял оноосныг хэвлэлүүд өчигдөр олж мэдээлжээ.

Тэрс үзэлтнүүдийг дэмжиж, нийгмийн дэг журмыг алдагдуулах үйлдэл гаргасныхаа төлөө Салма Аль Шехаб гэдэг эмэгтэй ийм шийтгэл хүлээсэн тухай шүүхийн баримт бичигт өгүүлсэн байна.

Тэрбээр Их Британийн Лидсийн их сургуулийн докторантур, хоёр хүүхдийн эх бөгөөд амралтаараа эх орондоо ирээд ийнхүү шийтгүүлжээ.

Твиттер платформд 2,600 орчим дагагчтай Салма Аль Шехаб улс орныхоо эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг байнга хөнддөг байсан юм байна.

34 настай тэрбээр эхлээд Саудын Арабын шүүхээс 6 жилийн хорих ял сонсжээ. Харин энэ сарын эхээр болсон дараагийн шатны шүүх хурлаас түүний ялыг чангатгаж, 34 жилийн хорих шийтгэл, 34 жилийн хилийн хориг оноосон байна.

Одоо тэр 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ажээ. Лондонд төвтэй ALQST хүний эрхийн байгууллага энэ шийдвэрийг “Саудын Арабын шүүхээс тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн хүнд оноосон хамгийн урт ял” гэж тодорхойлсон байна.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман улс орноо шашны хуучинсаг ёсноос салгах шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа хэмээн магтуулдаг. Гэвч Салма Аль Шехабын шийтгэл энэхүү өөрчлөлт үр дүнд хүрэхэд хол байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: AFP