УЛААНБААТАР, Монгол Улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 8-р сарын 17-ны өдөр “Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдаж буй асуудлуудыг талаар” хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтад Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С. Клечески үг хэлж, АНУ-ын Төрийн Департамент-аас гаргасан “2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, цаашид анхаарвал зохих асуудлуудыг хөндлөө.
Тэрээр хэлэхдээ “АНУ-ын Элчин сайдын яам 2022 оны Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлохын тулд гадаад, дотоодын бизнес эрхлэгчид болон оролцогч талуудыг саналыг тусгасан. Монголын байгалийн баялаг, хүний нөөцийн чадавх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байгааг онцолж байна. Гэхдээ илүү тогтвортой, нээлттэй, ил тод хууль, эрх зүйн орчин ба урьдчилан таамаглах нөхцөл бүхий бодлогын зохицуулалт нь цаашид Монгол Улсад хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд тусална” гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд-сайд Б. Солонгоо ‘Хөрөнгө оруулалтын тухай хуулийн’ төслийн явц, агуулга болон үзэл баримтлалын чиглэлийн талаар илтгэл тавьж, оролцогчдын асуултуудад хариулав. Тэрээр онцлохдоо “Монгол Улсын хөрөнгө оруулалт нь нэр бүхий томоохон төсөлтэй салшгүй уялдаатай, нэг салбарт хэт төвлөрөлтэй гэж харж болно. Эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч нарын итгэл, үнэмшлийг бататгах тал дээр хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн. Нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил бол хөрөнгө оруулалт шинээр татах мөн боловч юуны түрүүнд одоо байгаа хөрөнгө оруулагч нарын зүгээс тавьсан хүсэлт, гомдлыг шилжилтийн үеийн зохицуулалт дээр тусгахаар ажиллаж байгаа. Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажлыг илүү үр дүнтэй болгохын төлөө хичээж байгааг” тэмдэглэв.
Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга нь ‘тодорхой байдлыг’ чухалчилж, үзэмжээр бус, хуулийн заалтын дагуу, оролцогч талуудын харилцааг цэгцтэй болгоход анхаарч байгааг тайлбарлаж, аль нэг төрийн байгууллага, агентлагт бус бизнес эрхлэгч нарт зориулан шинэчилж байна. Түүнчлэн ‘шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын талаар ирсэн гомдол, маргаан шийдвэрлэх явц дээр манай яам анхааран ажиллаж байгаа’ гэв.
Хурлын панел хэлэлцүүлэгт АмЧам Монголын дэд тэргүүн, Монполимет группийн ТУЗ-ын тэргүүн Н. Мөнхнасан, PWC аудитийн фирмийн Орон хариуцсан захирал Шаукат Тапиа, СЭЗИС-ийн дэд профессор, Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан оролцож, АНУ-ын Элчин сайдын яамны Худалдааны ахлах зөвлөх ноён Майкл Ричмонд хэлэлцүүлгийн модератороор ажиллаж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Шаукат Тапиа хэлэхдээ “Монгол Улс нь хөрөнгө оруулалт татах потенциал ихтэй гэж харж байгаа ба ГХО-ын орчинг улам сайжруулах шаардлагатай”-г онцлов. Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан “Зөвхөн цаасан дээрх хуулиас гадна хуулийн засаглал, хуулийн хэрэгжилт, шударга шүүхийн тогтолцоо зэрэг нь хөрөнгө оруулалтын тогтолцоог цогцоор харж, хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
АмЧам Монголын дэд тэргүүн, Монполимет группийн ТУЗ-ын тэргүүн, Н. Мөнхнасан “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь өмнөх хууль, эрх зүйн зохицуулалтын тэгш бус байдал дээр анхаарч, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, хуулийн бодит хэрэгжилтийг хангана гэдэгт итгэж байна” гэж тэмдэглэв.
Модератор Майкл Ричмонд хурлын төгсгөлд дүгнэхдээ Засгийн газар, хууль санаачлагч нар хуулийн төслүүд, тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа оролцогч талуудын санааг бүрэн дүүрэн тусгах шаардлагатай гэж үзэж байгааг хэлэв. АмЧам Монголын зүгээс хөрөнгө оруулалтын эко тогтолцоог сайжруулахад Засгийн газар болон хууль тогтоогчидтой үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.
Өнөөдрийн уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, болон хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 80 гаруй зочид оролцов.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!