Дэлхийн Банкны харьяа хандивлагчдын итгэлцлийн сан “Олборлох салбарын дэлхийн хөтөлбөрийн дэмжлэг” (EGPS) нь COVID-19 цар тахлын нөлөөлөлд өртсөн бичил уурхай эрхлэгчдийг дэмжих зорилгоор яаралтай тусламжийн санг байгуулж бичил уурхай эрхлэгчдийг чадавхжуулах, амьжиргааны эх үүсвэрүүдийг дэмжихээс гадна бизнес хөгжүүлэлтийн сургалт явуулах, жендерийн үзэл баримтлалыг сурталчлах зорилготой ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд 2022 оны 3-4 дүгээр сард Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо (МБУНДХ) харьяа орон нутгийн бичил уурхайн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаандаа жендерийн эрх тэгш байдлыг хангаж байгаа эсэх, байгууллагын чадавхын түвшнийг тогтоох зорилгоор анх удаа “байгууллагын түргэвчилсэн жендерийн үнэлгээ”-г хийжээ.
Уг үнэлгээний дүнгээс үзэхэд эдгээр байгууллагууд нь гишүүддээ жендерийн анхан болон ахисан шатны сургалтыг явуулж, мөн өөрийн байгууллагын дүрэмд жендерийн үзэл баримтлал, жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар тусгаж өгсөн нь харагдаж байна. Түүнчлэн МБУНДХ-ны ажилтан, орон нутгийн бичил уурхайн ТББ-ын гишүүн бичил уурхайчид хүйсийн ялгаварлалгүйгээр эдийн засгийн харилцаа, нийгмийн амьдралд тэгш эрхтэй оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх талаар тодорхой мэдлэг, ойлголттой байв.
Дэлхийн улс орнууд, түүний дотор Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ бүх түвшний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцад жендерийн тэгш байдлыг хангахыг зорин ажилладаг.
"Жендер" гэдэг нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага юм. "Жендерийн эрх тэгш байдал" нь эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг ойлгоно.
Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс ялгаагүй, эсвэл яг адил байх ёстой гэсэн үг биш харин нийгэм, хамт олон, удирдлагын зүгээс тэдний ялгаатай хэрэгцээ, ур чадвар, нөөц боломжийг нь адил тэгш хүлээн зөвшөөрч, үнэлж дэмжинэ гэсэн үг юм.
НҮБ-ийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 5 дахь хэсэгт Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай заасан байдаг. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг батлан гаргаж, холбогдох баримт бичгүүдэд жендерийн тэгш эрхийн болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчмыг тодорхой тусгасан. Харин эдгээрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж үр дүнг баталгаажуулах ажил хангалтгүй байгааг “Монгол Улсын жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” тайланд[1] дурдсан байдаг.
Тиймээс жендерийн эрх тэгш байдлыг хангахад байгууллага бүр бодлого, үйл ажиллагаандаа энэ талаар тусгаж ажиллах нь жендерийн эрх тэгш байдлыг хангах баталгаа, боломжийг бүрдүүлж, цаашлаад Монгол улсын “Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилго”-д хүрэхэд тодорхой хувь нэмэр оруулна.
Жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого, төлөвлөлтөд тусгаж, үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлснээр байгууллагын соёлд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь ажлын үр дүн, чанар сайжрах, ажиллагсдын сэтгэл ханамж дээшлэх, олон нийтийн дунд байгууллагын нэр хүнд өсөх зэргээр илэрнэ.
Энэхүү судалгааны төсөлд хамтран ажиллагсдын зүгээс Дэлхийн Банкны харьяа хандивлагчдын итгэлцлийн сан “Олборлох салбарын дэлхийн хөтөлбөрийн дэмжлэг”-д талархал илэрхийлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!