ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс АНУ-ын спикерийн болзошгүй айлчлалыг угтуулан Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт зохион байгууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси ирэх долоо хоногт Тайваньд айлчилж болзошгүй байгаа билээ.

Энэ асуудал Америк-Хятадын харилцааг хурцатгаж байгаа. Өнгөрсөн Пүрэв гарагт хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярих үеэр Ши Жиньпин “галаар тоглохгүй” байхыг Жо Байденд анхааруулсан юм.

Тэгвэл Хятадын батлан хамгаалах яам Пелосигийн айлчлалыг цуцлахыг Вашингтонд анхааруулсныхаа дараа Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт зохион байгуулжээ.

Бямба гарагийн өглөөний 8:00 цагаас оройн 9:00 цаг хүртэл үргэлжилсэн сургуулилалт Тайвань арлаас хоолойгоор тусгаарлагддаг Хятадын Фужянь мужийн эргээс холгүй орших Пиньтан аралд зохион байгуулагдсан байна.

Хэрвээ Тайваньд Нэнси Пелоси айлчилбал 1997 оноос хойш тус аралд хөл тавьсан АНУ-ын төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Тэрбээр Ази тивд хийх айлчлалынхаа хүрээнд Япон, Индонез, Сингапур улсуудад саатах ба Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн үед Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд Тайвань арлын орчимд нислэг үйлдэх нь улам бүр нэмэгдэж, цэргийн ажиллагаа нь идэвхжиж байгаа.

Хятадын иргэний дайны дараа 1949 онд Тайвань арал тусгаар тогтнолоо зарлаж байв. Харин Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр нэгтгэх санааг илэрхийлдэг.

АНУ-ын хувьд “нэг Хятад” бодлогыг баримталдаг ч 1979 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж буй “Taiwan Relations Act” хуулийн хүрээнд Тайвань аралтай харилцах харилцаагаа зохицуулдаг юм.

 

Эх сурвалж: The Guardian