Үндэсний их баяр наадмын нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Наадмын үйл ажиллагаанд төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид оролцсон юм.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зорин ирсэн гадаад, дотоодын наадамчдын сэтгэгдлээс хүргэж байна.
Иргэн Д.Түмэнжаргал "Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэж чадаагүй. Тиймээс ч энэ жилийн наадмыг бүх нийтээр хүсэн хүлээсэн болов уу. Наадмын талбай бараг л зайгүй дүүрсэн харагдаж байна.
Энэ жилийн наадмын үеэр 100 гаруй метрийн өндөрт олсон дээр алхсан үзүүлбэр хамгийн сонирхолтой байлаа. Энэ үеэр үзэгчид бүгд чив чимээгүй болсон. Түүнчлэн циркийн үзүүлбэр үнэхээр гайхалтай байлаа. Монгол дээлээ өмссөн жаахан охин хамгийн түрүүнд морьтойгоо давхиж орж ирэхэд самсаа шархирах шиг л болсон. Үнэхээр сайхан санагдсан.
Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж буй баяр наадмыг Монгол туургатанд зориулсан наадам болгож хиймээр юм байна. Буриад, Өвөр Монгол, Тува, Халимаг үндэстнүүдийг оролцуулбал илүү сонирхолтой. Урьд жилүүдийн үндэсний наадамд гадаад бөх барилдуулдаггүй байсан. Тэгвэл энэ жил Монгол туургатнуудаас маань 25 бөх барилдахаар иржээ. Би хувьдаа үүнийг дэмжиж байна. Үндэсний их баяр наадмын үеэр Монгол туургатнууд маань өөр өөрсдийн онцлогийг харуулбал сонирхолтой шүү дээ" хэмээн хэлэв.
Иргэн Ж.Оюунжаргал "Наадмын сэтгэгдэл маш өндөр байна. Би наадмын нээлтийг үзэхээр өглөө 11:00 цагт энд ирсэн. Бага байхдаа наадам үзэхээр гэр бүлийнхэнтэйгээ ирдэг байсан ч төдийлөн утга агуулгыг нь ойлгодоггүй байж. Одоо үзэхэд илүү ихийг ойлгож, үндэснийхээ өв соёлоор бахархаж байна. Наадамдаа зориулаад сарын өмнөөс дээлээ худалдаж авсан (инээв)" гэлээ.
Швейцар улсын иргэн Diane "Монголын уламжлалт баярыг үзэж байгаадаа таатай байна. Миний хувьд Бямба гарагт энд ирсэн. Монголын говь нутаг болон бусад байгалийн үзэсгэлэнт газрыг харахаар зорьж ирлээ.
Наадмын нээлт үнэхээр сонирхолтой байна. Удахгүй бөхийн барилдааныг үзэхээр сэтгэл догдлон хүлээж байна. Түүнчлэн морин уралдаан, нум сум, шагайн харваа гэх мэтчилэн олон төрлийн уламжлалт спортыг үзэж сонирхоно.
Монгол загварын хувцас өнгөлөг, загварлаг, чамин юм байна. Тиймээс өмсөж үзэх төлөвлөгөөтэй байгаа" гэж ярив.
Испани улсын иргэн Иван Aгaсти Bила "Монголын уламжлалт наадмыг үзэхээр анх удаа ирж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаа үнэхээр сайхан боллоо. Өөрийн гэсэн өвөрмөц түүх, соёлоо харуулсан учраас үнэхээр таалагдсан.
Удахгүй бөхийн барилдааныг үзэж сонирхоно. Маргааш морин уралдаан үзэхээр төлөвлөсөн. Монголын соёл нь байгаль орчинтойгоо нийцсэн санагдлаа. Тиймээс ч сайхан сэтгэгдэл үлдээж байна. Монголын уламжлалт дээл маш чамин хувцас. Тиймээс өөртөө монгол загварын цамц авсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!