Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ээс өнгөрсөн онд 1,300 орчим хүнд элэгний хавдрын үеийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Амьдралын буруу хэвшил, хооллолт зэрэг нь өвчний гол эх үүсвэр болж байна. Эрүүл амьдаръя гэвэл аливаа зүйлийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Энэ бол хамгийн анхны алтан дүрэм гэдгийг тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Н.Тайван хэллээ. Энэ талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Монгол Улсад хавдрын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Тэр тусмаа дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад элэгний хавдраар дээгүүрт бичигдэж байна. Чухам ямар шалтгааны улмаас монголчуудын дийлэнх нь хавдраар өвчилж байна вэ?
-Манай улс дэлхийд элэгний өвчлөлөөр нэгдүгээрт жагсаж байна. Египет улс хоёрдугаарт ордог. Манайд элэгний хавдраар өвчилж буй иргэдийн тоо Египетээс гурав дахин их байна. Түүнчлэн улсын хэмжээнд нийт хорт хавдрын хамгийн эхэнд элэгний хавдар ордог. Цус өтгөрч, элэг өөхөлснөөс шалтгаалж энэ өвчин даамжрах эрсдэл бий. Манайд ихэнхдээ элэгний B, C вирусийн гаралтайгаар хавдар хүндэрч байна. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа идэж байгаа хүнс, ууж буй унд зэргээс шалтгаалж элэгний архаг өвчин үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс ч хоол хүнсэндээ анхаарч, архи тамхины хэрэглээндээ хяналт тавих нь зүйтэй. Хүн идэж буй зүйлийнхээ тунг нь тааруулдаг байх нь чухал. Ямар нэгэн зүйлийг их хэмжээгээр хэрэглэж, биеэ хэт стресст оруулж болохгүй.
Хүн идсэн зүйлээ энерги болгож зарцуулдаг ч ихэдсэн тохиолдолд хоол болохгүй.
-Элэгний өвчний үед хэвлийн хөндийд шингэн хуралдсан бол ямар эмчилгээ хийвэл тохиромжтой байдаг бол?
-Элэгний дутагдлаас үүдэн хэвлийд их хэмжээний ус хуримтлагддаг. Ихэнх тохиолдолд хэвлий хоёр шалтгааны улмаас их хэмжээгээр усжиж байна. Нэгдүгээрт, хэвлийн хөндийн хавдар нь бусад эрхтэн рүү тархсан тохиолдолд усжилттай болно. Заримдаа хавдар компьютероор ч оношлогдохгүй байх магадлал бий. Энэ үед уснаас нь хатгалт авч, хавдрын эсийг хайж оношилдог. Хоёрдугаарт, элэгний дутагдалд орсон бол хэвлийд ус үүсдэг. Элэгний архаг өвчний төгсгөлийн шат нь элэгний дутагдал юм. Нэгэнт сорвижоод хатуурсан элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх нь маш хэцүү.
Бөөрний өвчний үед диализ эмчилгээнд орлуулдаг бол элгийг сэргээхдээ альбумин уургийг тарих шаардлагатай болдог. Элэгний ялгаруулж, нийлэгжүүлж чадахгүй байгаа уургийг хийснээр биеийн байдлыг дээрдүүлдэг. Тухайн уургийг тогтмол хэмжээгээр авч байж сайжирсан үр дүн хадгалагдана гэсэн үг.
-Хэвлийд үүссэн усыг хэрхэн гадагшлуулдаг вэ?
- Хэвлийн тус газарт үүссэн усыг шээс хөөх эмчилгээгээр эмчилж болно. Гэхдээ шээс хөөх эмчилгээгээр хөөгдөхгүй байвал биед үзүүлэх үр дүн бага. Амьсгал давчдах, хэт их цардайх, зүрх дэлсэх, дотор давчдах шинж тэмдэг ажиглагдвал дээр дурдсан хатгалтаар зовуурийг багасгадаг. Хэвлийн ус нь уургийн бүрдэл ихтэй байдаг учраас хатгуулсны дараа даралт унадаг. Гэхдээ өдөрт тодорхой заасан хэмжээнээс илүү ус авч болдоггүй. Үүнийг заавал эмнэлгийн байгууллагад хандаж, мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстой.
-Элэгний өвчний анхан шатны шинж тэмдгийг тодруулбал?
-Арьс салст загатнах, нүдний салст болон гарын өндөг шарлах, ядрах, сульдах, унтамхай болох шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Энэ өвчний тохиолдлыг бууруулахын тулд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
-Элэгний хавдрыг рентген, эхо, компьютер зэргээр оношилж, илрүүлэх боломж ямар байдаг вэ?
-Шинжилгээ хийхдээ хоёр талаас нь үздэг. Нэгдүгээрт, эрхтэн бүтэн ажиллагаатай байгаа эсэхийг үзнэ. Дараагаар нь бүтцийн шинжилгээ буюу компьютер, рентген, эхо зэрэг нь тухайн эрхтний хэлбэр хэмжээ, ямар нэгэн хавдар байна уу, үгүй юу гэдгийг хардаг. Тэгэхээр хоёр төрлийн шинжилгээг хийлгэснээр бодит дүгнэлт гарна гэсэн үг. Ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, хэвлийн эхо, цээжний рентген, дотор эрхтний үйл ажиллагааны цусны шинжилгээ гэдэг нь өөрөө анхан шатны шинжилгээ юм.
Хүн болгоны хавдрын үйл явц эсийн төрлөөс хамаараад, тэр хүний хавдрыг эсэргүүцэх чадвараас хамаараад харилцан адилгүй. Мэдээж аль болох хурдан хугацаанд эмчилгээ үйлчилгээ авах ёстой гэдэг нь тодорхой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!