- Цар тахал, дайны нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн бус байгаа. Та эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Дэлхий нийтээр КОВИД-19 цар тахалтай нүүр тулаад 3 дахь жилээ өнгөрөөж байна. Цар тахлын эхэн үе дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоож, тархалтыг хумих, аль болох эрт вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байсан. Манай улсын хувьд вакцинжуулалтад харьцангуй эрт хамрагдаж, дотоодын хөл хориог эртнээс сулруулж эдийн засгаа нээсэн.
Манай улсын эдийн засаг цар тахлаас өмнөх гурван жилд дунджаар 6.3 хувиар өсөж байсан бол 2020 онд 4.6 хувиар агшсан. Хэд хэдэн удаагийн хатуу хөл хорионы улмаас ажиллагсдын тоо 2020, 2021 онуудад эрс буурсан. Харин 2021 онд Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүн амаа вакцинжуулалтад хурдтай хамруулсны үр дүнд дотоодын хөл хориог сулруулснаар эдийн засгийн үйл ажиллагаа харьцангуй идэвхжиж, ДНБ 1.4 хувиар өссөн. Эдийн засаг эргэж сэргэсэн хэдий ч дотоод гадаадын шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. 2021 оны бодит ДНБ нь 2019 оны түвшинд хүрээгүй хэвээр байна.
Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт -3.8 хувьтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-д цар тахлын тархалт идэвхтэй байгаатай холбоотойгоор хилийн боомтуудын үйл ажиллагаа саатаж, түүхий эдийн экспорт буурсан байна. Харин өмнөх оны мөн үед дотоодын эдийн засагт хатуу хөл хориотой байсны улмаас өрхүүдийн хэрэглээ хумигдаж байсан бол энэ он гарсаар өрхүүдийн хэрэглээ сэргэсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн дотоод эрэлт эргэж сэргэх хандлагатай байна.
Гэтэл цар тахлын эрсдэл, өмнөд хөршийн хатуу дэглэмээс гадна ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон зарим үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт саатаж байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын инфляцын түвшин өндөр болсон байна. Түүхий эдүүдийн экспорт буурч, газрын тосны үнэ нэмэгдсэн нь манай улсын валютын нөөцийг бууруулж, төгрөгийн ханш сулрахад дарамт үзүүлж байна.
- Өмнө нь манай улс төдийгүй дэлхий дахинд хэд хэдэн удаа эдийн засгийн томоохон хямрал нүүрлэж байсан. Цар тахлаас үүдэлтэй энэ хямрал нь өмнөх хямралуудаас юугаараа ялгаатай байна вэ?
Энэ удаагийн эдийн засгийн хямрал нь 2008 болон 2016 оны хямралаас илүү гүнзгий буюу эдийн засгийн илүү олон төрлийн нөлөөнд өртөж байна. Дэлхий нийтээр логистикийн саатал бий болж, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Инфляцын түвшин өндөр, хөдөлмөрийн зах зээлийн идэвх сул байгаа нь энэхүү хямралын орлого багатай иргэдэд очих хүндрэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Иймд Засгийн газар богино, дунд хугацаанд иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ядуурлаас сэргийлэх зорилгоор инфляцыг хязгаарлахад илүү анхаарч ажиллах шаардлага тулгараад байна. Монголбанк нь бодлогын хүүгээ он гарснаас хойш хоёр ч удаа нэмэгдүүлж 9 хувь хүргэсэн. Харин Засгийн газар нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр илүү түлхүү, олон нийтэд нээлттэй, төв банктай ойлголцож ажиллахыг хичээж байна.
- Засгийн газраас инфляцыг бууруулахад ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
Засгийн газар тээвэр, логистикийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үнийн өсөлтийн хязгаарлахын тулд тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн нийлүүлэлтийн гаралтай инфляцыг дунд, урт хугацаанд тогтвортой бууруулах, хязгаарлахын тулд хоёр үндсэн нөхцөлийг яаралтай бүрдүүлэх нь илүү чухал байна. Нэгдүгээрт, хүнс болон өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах; хоёрдугаарт, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хүрээнд нийлүүлэлт, нөөцийн нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, аюулгүй байдлын стандарт мөрдүүлэх, нийлүүлэлтийн логистик сүлжээг тогтвортой зохион байгуулах юм.
Манай улсын өрхийн өргөн хэрэглээний 45 орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нь бусад улсуудтай харьцуулахад өндөр байна. Цар тахлаас өмнө импортын барааны үнийн өсөлт манай улсын нийт инфляцын 1/3 -ийг бүрдүүлдэг байсан бол одоо ½ -ийг бүрдүүлж байна. Импортоос өндөр хамааралтай байх нь, ялангуяа анхдагч хэрэглээний, стратегийн бүтээгдэхүүнүүд дээр өндөр хамааралтай байх нь гадаад шокт өртөх эрсдэлтэйг энэ удаагийн хямрал тодоор харуулж байна.
Иймд, дотоодод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх нь чухал байна. Тухайлбал, богино дунд хугацаанд сүү, хүнсний ногоо, нарийн ногоо, тахиа, гахайн мах, ургамлын тос, бяслаг, масло зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр эцсийн хэрэглээ дэх дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглээний жинг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн инфляцын дарамтыг бууруулах боломжтой байна. Мөн урт дунд урт хугацаанд авто бензин, дизель түлшний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь чухал.
- Нийлүүлэлтийн инфляцын дарамтыг бууруулахын тулд богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж болох тогтолцоо байна вэ?
Цар тахал болон геополитикийн хямралын үеийн тодорхой бус байдлыг далимдуулсан үнийн өндөр өсөлт бий болсон нь манай яамны анализ, судалгаанаас харагдаж байна. Үүнтэй уялдуулж олон жил яригдаж шийдлээ хүлээсэн асуудлын нэг болох хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн зохистой шийдэл бий болгох, далимдуулсан үнийн өндөр өсөлтийг бий болгож буй ченжийн үр ашиггүй байдлыг хязгаарлах шаардлагатай юм.
Будаа, элсэн сахар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хувьд манай улсын хэрэглээ импортоос бүрэн хамаарч байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай улс цаг агаарын нөхцөл байдлын улмаас нэгэнт үйлдвэрлэх боломжгүй учир цаашид үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахын тулд нийлүүлэлтийг нь тогтвортой хангах зохион байгуулалт, тарифын бодлого чухал ач холбогдолтой.
Үүний шийдэл нь стратегийн хүнс болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлж, аюулгүй, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Ийм төрлийн хууль эрх зүйн орчныг Солонгос, Япон, Сингапур зэрэг дэлхийн олон улс оронд бүрдүүлсэн байдаг.
- Таны хэлж байгаа нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн тогтолцоо хэрхэн ажиллах вэ? Уг системийг амжилттай нэвтрүүлбэл ченжүүдийн гар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой гэж ойлгох нь зөв үү?
Нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системийг гаалийн байгууллага дээр хэрэгжиж буй Бараа, бүртгэлийн систем, татварын байгууллага дээр хөгжүүлж буй татварын удирдлагын нэгдсэн систем, цахим тайлангийн систем, и-баримтын систем дэх мэдээллүүдийг нэгтгэх замаар бүрдүүлэх боломжтой.
Тухайлбал, будаа импортлогч нь гаалийн бүрдүүлэлт хийхэд холбогдох мэдээлэл нь нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системд давхар хадгалагдана. Тухайн импортлогч нь уг системээр жижиг худалдаачид, дэлгүүр, супермаркетуудад болон эцсийн хэрэглэгчид борлуулалт хийнэ. Эцсийн борлуулалт и-баримтын системд бүртгэгдэх тул Засгийн газар нь стратегийн бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлт ямар түвшинд байгаа талаар бүрэн мэдээлэлтэй болно. Ингэснээр далимдуулж үнэ нэмэх (ченж) үйл хөдлөлийг хязгаарлах боломж үүсэж эцсийн хэрэглэгчид очих үнийг зохистой түвшинд тодорхойлох, орлого багатай иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах, төрөөс үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгох ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь зарим чухал стратегийн бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн сүлжээг удирдах, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэнэ гэсэн үг.
- Тэгвэл цаашид нийлүүлэлтийн шалтгаант үнийн хөөрөгдөлт гарах нөхцөл буурах нь ээ?
Яг тийм.
Түүнчлэн, валютын ханшийг өөрчлөлт болон гадаад зах зээл дээрх үнийн өсөлт, импортын бүтээгдэхүүний хэт өндөр хэрэглээг дагасан дотоодын үнийн өсөлт намжина. Мөн дотоодод үйлдвэрлэх боломжгүй стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцийн мэдээллийг нэг системд оруулснаар Засгийн газраас далимдуулж үнэ нэмэх (ченж), хэт ашигч үйл хөдлөлийг халах, сэргийлэх, бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх боломжтой болно. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын тогтвортой байдлыг хангаснаар цаашид нийт инфляцыг төв банк мөнгөний бодлогоороо дамжуулан үр ашигтай удирдах боломжтой болно. Энэ тохиолдолд бид Монголбанкийг цаашид илүү хариуцлагатай болгож, инфляцыг тогтворжуулах үр дүнг нэхэх боломжтой болно.
- Уг системийн хүрээнд дотоодод үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үр ашигтай зохион байгуулах боломжтой юу? Тухайлбал, мах сүүний хувьд?
Өнгөрсөн хугацаанд И-баримтын системийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг удирдах технологийн дэд бүтцийг бий болгосон. Уг системийн хүрээнд малчид сүүгээ ченжүүдэд биш дотоодын үйлдвэрлэгч нарт шууд нийлүүлснээр тодорхой хэмжээний урамшуулал хүртдэг. Дотоодын үйлдвэрлэгчид нь малчдаас сүүг шууд худалдан авснаар эцсийн хэрэглэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэх боломж үүснэ.
Уг системийг өргөтгөн хөгжүүлэх замаар мах болон бусад дотоодод үйлдвэрлэгдсэн стратегийн бараа бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн тогтвортой, үр ашигтай тогтолцоог бий болгох боломжтой юм. Ингэснээр эрэлт нийлүүлэлтийн зөв тогтолцоо бүрдэж цаашид зах зээл дээрх үнэ илүү үйлдвэрлэлийн өртөгт суурилсан шинжтэй болж, далимдуулж нэмдэг үнийн өсөлтөөс сэргийлнэ.
- Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын талаарх асуудал хөндөгддөг. Уг системийн хүрээнд хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах боломж байна вэ?
Одоогоор бидний ярилцаж, хөгжүүлж байгаа системүүдийн хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах харилцааг бүхэлд нь цахим болгох дэд систем хөгжүүлэгдэж байгаа. Уг системийн хүрээнд тусгай зөвшөөрөл авсан этгээдийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг байнга хянаж байх шалгуур үзүүлэлтүүд байна. Тухайлбал, татвараа төлж байгаа эсэх, борлуулалт хийж байгаа эсэх зэргээс хянах боломжтой болно. Энэ төрлийн хяналт нь үйлдвэрлэл худалдаа, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нэг чухал хэсэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!