Н.Тавинбэх: Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 10МВт ногоон эх үүсвэрээр нэмэгдлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийснээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний чиглэлээр 5 зорилт бүхий 23 төсөл хэрэгжүүлэхээр тусгаснаас дийлэнх нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эх үүсвэрүүдийн төсөл байгаа.
Өнгөрсөн хугацаанд холбогдох бэлтгэл ажлыг хангасны үр дүнд эдгээрээс томоохон төсөл хөтөлбөрүүдийн барилга угсралтын ажил эхэлжээ. Н.Тавинбэх сайдын танилцуулснаар
- 10 аймгийн дулааны станцын барилга угсралтын ажлыг 7 аймагт өнгөрсөн сард амжилттай эхлүүллээ.
- Сэргээгдэх эрчим хүчний дунд, бага чадлын 5 эх үүсвэрийг баруун бүсэд барьж, ашиглалтад оруулахаар тусгасны бүгдийнх нь барилга угсралтын ажил эхэлсэн.
- Ховдод нарны 10МВт хүчин чадал бүхий эх үүсвэрийн барилга угсралт дуусаж, ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 10МВт ногоон эх үүсвэрээр нэмэгдэв.
- Амгалангийн дулааны станцын өргөтгөлийг энэ долоо хоногт эхлүүлнэ. Маргааш нээлтээ хийхээр төлөвлөсөн.
- Улаанбаатар хот дахь Сонгино гэдэг 220 вольтын дэд станцыг түшиглэн 200 МВт/цагийн багтаамжтай батерейн цэнэгт хураагуурыг барих ёстой. Энэ ажлын барилга угсралтыг зургаадугаар сард эхлүүлэхээр бэлтгэл бүрэн хангагдаад байна.
- Тавантолгой ДЦС-ын хувьд хоёр дахь удаа тендер зарласан. Хоёр дахь зарлагдсан тендерийн хугацаа зургаадугаар сарын 16-нд дуусна. Хоёр компани тендерийн материал худалдан авсан байна. Тендер нээгдээд үнэлгээний ажил эхэлнэ.
- Багануурын дулааны станцын хувьд төр хувийн түншлэлээр хийгдэж байгаа. Концесс эзэмшигчдээс хамгийн сүүлд өгсөн мэдээллээр энэ онд багтаан барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа.
- Бөөрөлжүүтийн уурхайг түшиглээд 300МВт хүчин чадалтай нүүрсний ДЦС-ыг хувийн хэвшилтэй хамтран барьж, ашиглалтад оруулахаар тусгасан. Долдугаар сарын 15-нд барилга угсралтыг нээхээр ярьж тохироод байна.
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд Монголын талаас авах арга хэмжээ, нүүлгэн шилжүүлэх ажил бүрэн хангагдсан. Хятадын талд зээлийн тусгайлсан хэлэлцээр хийх хэлцэл эд хийгдэж байна. 250 сая ам.доллароос дээш олгож байгаа Хятадын зээл Төрийн зөвлөлөөр орох журамтай учраас Төрийн зөвлөлийн хуралд оруулахаар бэлтгэж байгаа юм байна.
- Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөх, 11 засаг захиргааны нэгжийн цахилгаан хангамжийн суурь сүлжээг ухаалаг болгох төслүүдийн гүйцэтгэл 70-90 хувьтай байна.
Санхүүжилт дээр гарч байгаа хүндрэлүүдийг Засгийн газарт танилцуулаад шийдээд явж байна гэлээ.
Эрчим хүчний салбар том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, засвар шинэчлэлтийн хүрээнд 2.7 их наядын зээл авсан байна. Үүнээс гэрээний дагуу төлсөөр 1.7 их наяд төгрөгийн үлдэгдэл байна. Авсан зээл, зээлийн хүүгээ дотооддоо төлөх боломжтой. Зарим нэг том зээл дээр эргэн төлөхөд гарч байгаа хүндрэл нь өртгөөс нь доогуур үнээр эцсийн бүтээгдэхүүнийг борлуулснаас үүдэлтэй. Ер нь цаашдаа хэрэглэгчийн цахилгаан дулааны үнийг өртөгт нь нийцүүлээд баталбал эрчим хүчний салбар шаардлагатай төсөл хөтөлбөрт авсан зээл, зээлийн хүүгээ бие даагаад төлөөд явах боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
