“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан 18 дахь удаагийн сургууль Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургуулийг нээж үг хэлэв.
Тэрбээр Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээн идэвхтэй оролцсоор байгааг тэмдэглэсэн юм.
Монгол цэрэг энхийг эрхэмлэгч улс гүрнүүд, түүний дотор хоёр хөрш болон АНУ, ХБНГУ, БНСУ, Япон, Энэтхэг, Турк, Катар зэрэг улстай хамтран сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулдгийн нэг нь “Хааны эрэлд” сургууль гэдгийг хэлэв.
Энэ удаагийн сургуулийг хамтран зохион байгуулж байгаа АНУ болон оролцогч бусад улс орон, тэдгээрийн Зэвсэгт хүчний удирдлага, нийт энхийг сахиулагчдад талархал дэвшүүллээ.
Монгол Улс цаашид ч энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, даян дэлхийн шударга улс түмэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцлов.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал хамтран “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын хамтарсан сургууль болгосон юм.
Энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх сургуульд 15 улсын 1,000 орчим цэргийн алба хаагч оролцож, команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургалт, дадлагад хамрагдана. Салааны түвшний сургууль гэхэд л эргүүл, цувааны хамгаалалт, хүмүүнлэгийн тусламж, энгийн иргэдийн хамгаалалт зэрэг чиглэлээр болно.
Энэ удаагийн сургуулийн үеэр анх удаа “Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулах бөгөөд энэ нь Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!