Сая хол давсан хүн амтай их хотыг маань хэн нэгний бүтээл гэж бодвол энэ бүтээлийг “туурвидаг” хүмүүс нь барилгын салбарынхан.
Энэ салбарт арав гаруй жил ажиллаж, өвөрмөц өнгө төрх, хийцтэй, хүний амьдралын тав тухыг эрхэмлэсэн барилгуудыг барихыг зорьж яваа залуу бизнесмен, “Оршил констракшн” компанийн Гүйцэтгэх захирал Н.Амаржаргалыг бид өнөөдрийн ярилцлагынхаа зочноор урилаа. Ирээдүйн барилгажилт, салбарын хөгжлийн чиг хандлага, залуу хүний хүсэл тэмүүллийн тухай бид ярилцсан юм.
- Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Барилгын салбар бол эдийн засагт багагүй нөлөө үзүүлдэг, өрсөлдөөн ихтэй салбар. Энэ салбарт ажиллаж байгаа том жижиг олон компаниудаас Оршил констракшн юугаараа онцлог, ямар давуу талтай компани юм бэ?
Манай компанийн 20 жилийн ой ирэх жил тохионо. Барилгын салбарт ажиллаж 2009 оноос хойш ажиллаж эхэлсэн. Онцлог, давуу талын тухайд гэвэл бид хэрэгжүүлсэн төслүүдээ голдуу ярих байх. Компани маань бол гэр бүлийн, хийж бүтээх гэсэн хүслээр л авч яваа үндэсний компани. Бидний баримталдаг зарчим үнэт зүйл маань харин ялгарал байж болох юм. Манай гэр бүлийн зарчим ч гэх үү, хэрэгжүүлэхийг хүсэж явдаг зүйл маань шударга, хүнд худлаа амладаггүй, за гэсэн бол ёогүй байх, бас хийсэн зүйл маань биднийг тодорхойлох учраас хүнд хэрэгтэй, ээлтэй талаас нь бодож хийдэг байх гэдэг зарчмыг бизнестээ барьж явдаг. Олон барилга, өндөр барилга гэхээсээ илүү орц гарц, зохион байгуулалтаасаа эхлээд хүн амьдрахад бүх талаасаа тав тухтай, хүний үйлдлийг хөнгөвчилсөн, бодож хийсэн төслүүдтэй байхыг хичээдэг.
Хувь хүн талаасаа бол ямар нэгэн зүйл хийхдээ төлөвлөлтөө маш сайн хийх ёстой, эхлээд тархиндаа зураглаад дараа нь ерөнхий зургаа гаргадаг. Төлөвлөсөн ажил л цаашаа явах боломжтой, эхэндээ төгс байх албагүй, төлөвлөлтөөс төлөвлөлт бүрд сайжирсаар бодсон үр дүндээ хүрнэ гэсэн зарчмаар явдаг.
Ер нь бол Монголд анх барилгын салбар хөгжиж байсан үеэс зах зээл нөхцөл байдал огт өөр болсон шүү дээ. Тухайн үед бол эрэлт ч их байсан барилга сууриасаа дээшээ гарч эхэлж байхад л шахам борлуулалт идэвхэждэг байсан.
- Салбарынхаа хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ, үүнд танай компани ямар хувь нэмэртэй явж ирсэн бол?
Нэг хэсэг энэ салбар луу мөнгөтэй, газартай болгон л орж завсар зай болгонд барьж байсан. Өнөөдөр бид үр дүнг нь харж л байгаа байх, бараг хоорондоо 10 метр шахам зайтай өөр, өөр хэлбэр хийцтэй барилгууд боссон. Одоо бол нэлээд шигшигдээд илүү цогцоор нь, хотхон хорооллоор нь төлөвлөдөг болсон байна. Худалдан авагчид ч өндөр шаардлагатай болж. Ер нь бол тухайн газрынхаа даац ачаалал, орц гарцыг бодолцохгүйгээр ширэнгэ шиг барилгууд боссоор л байгаад шүүмжлэлтэй ханддаг ч ямар ч байсан салбар маань хамгийн эрчтэй хөгжиж байгаа салбар болов уу.
Өнөөдөр шинээр баригдах барилгууд технологийн шинэ үе буюу хүний үйлдлийг хөнгөвчилсөн илүү ухаалаг болж байна. Өөрөөр хэлбэл наад зах нь гэрэлтүүлгээс авхуулаад, босоод унтраах биш унтахдаа утаснаасаа гэрлээ унтраачихдаг, гал усны эрсдэлд санаа зовдоггүй, бүрэн хяналтдаа байлгах боломжийг бүрдүүлдэг байх хэрэгтэй болсон.
Орчин үе бол ерөөсөө л хүн амар тайван байх, стресстэй байсан бол гэрийнхээ хаалгаар орж ирээд мартдаг тийм л орчныг бүрдүүлэхийг шаардаж байна. Тэр хэрэгцээг нь бид биелүүлэх ёстой. Тэгж байж л өрсөлдөөнд тэсэж үлдэх байх.
Тэрнээс биш захын хороололд амьдарч байгаа хүнийг ийш нь авчирч оруулах гэж байна гэдэг сэтгэхүйгээр барилга барих үе өнгөрсөн.
- Сайн мэргэжилтэнтэй байж л сайн барилга барих байх. Гэтэл салбар өөрөө хүний нөөцийн хувьд нэлээд асуудалтай. Үүнийг хэрхэн шийдэж ирсэн бэ?
Компани болгон ажилтан байгаа учраас ажил нь явдаг, өөрөөр хэлбэл ажилчид л компанийн үнэ цэнийг тодорхойлж байдаг. Тиймээс би ажилчдадаа хамтдаа өсөж хөгжөөд, амьдрал ахуйгаа дээшлүүлээд явъя гэж хэлдэг юм. Ер нь бол би барилга дээр системтэйгээр ажиллахыг оролддог, бүх үе шат болгоноо төлөвлөөд явмаар байвч хүний нөөц талаасаа асуудалтай тулгардаг. Манай салбарт чадалтай боловсон хүч их цөөхөн, нөөц муутай. Ихэнх залуучууд, гадаадад сураад ирж байгаа хүмүүс бүгдээрээ л компани байгуулж, хувийн орон зай, эрх чөлөөгөө хүсэж байна.
Бидний хувьд салбарынхаа онцлог бас давуу талаа ашиглаад бүтээмжтэй, тодорхой ажилласан жилийн шалгуур хангасан ажилчдадаа орон сууцны төлбөрийг 30 хүртэл хувиар хөнгөлдөг. Эдийн засгийн ийм цаг үед ажилтнууд цалингаасаа хуримтлал үүсгээд зээлээр орон сууц авах нь хүндрэлтэй шүү дээ. Бид анх барилгын салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа л ажилтнуудаа хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах бодлогыг барьж ирсэн. Улмаар 5,10,15 ажил ажилласан ажилтнууд орон сууцаа хөнгөлөлттэй авсан бол дулаан зогсоол, автомашин гэх мэт ажилтныхаа амьдралд бодитой тусламжийг хөрөнгө хэлбэрээр өгч байна. Энэ бол бидний, манай компанийн үр шимээ хамтдаа хүртэцгээе гэдэг зарчим л явж байгаа юм. Цаашдаа бид ажилчдын орон сууц барихаар төлөвлөсөн.
- Орон сууц гэдэг хүний нэг насанд цөөхөн хийдэг том сонголтуудын нэг учраас хүн болгон чанартай, сайн байр авах юм сан гэж хичээдэг. Таны бодлоор орон сууц авах хүн юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?
Манайхан сайн барилга гэдгээ 8 баллд тэсвэртэй, бүрэн цутгамал, нүдэнд ил харагдах засал, тоноглолыг давуу тал болгоод байдаг. Угтаа эдгээр нь стандартаараа тийм л байх ёстой зүйл шүү дээ. Харин барилгын хамгийн чухал судас шөрмөс болсон зүйл нь сантехник, цахилгааны шугам сүлжээ буюу хүний нүдэнд ил бус далд ажлууд чанартай хийгдэх, насжилт удаан байх шаардлагатай.
Тийм болохоор Оршил констракшны барьсан барилга сантехник асуудалгүй байдаг, цахилгаанаа сайн хийсэн гэж үнэлэгддэг байгаасай гэж боддог. Мөн ажилчдадаа үргэлж сануулдаг. Чи энэ байранд өөрөө амьдарна гэж бодоод, хаана унтраалга байвал тохиромжтой, хаана залгуур байвал хэрэгцээтэй, өндөр нам нь ямар байвал тухтай байна тэр талаасаа бодож хийгээрэй гэж хэлдэг. За мэдээж амьдарч буй орчин ая тухыг хангасан, төлөвлөлт нь оновчтой байх нь бас л чухал. Жишээ нь ариун цэврийн өрөөнд тод гэрэл хэрэгтэй юу гэвэл тийм, гэхдээ шөнө оройн цагаар хүн ороход гэнэт хурц гэрэл тусахад таагүй шүү дээ. Тиймээс оройн цагаар тусаж байдаг бүдэгхэн гэрэл давхар шийдэх, жижиг гэлтгүй зүйлийг ч орхигдуулахгүй хэрэглэгчийн тав тухыг бүх талаас нь бодолцсон байвал тэр үнэ цэнтэй, зөв хөрөнгө оруулалт болно. Бас нэг чухал асуудлыг орхигдуулж болохгүй. Энэ нь барилгын ашиглалт, арчилгаа. Үүнийг сүүлийн үед иргэд чухал гэдгийг ойлгож, худалдан авалт хийхдээ анхаарч үздэг болсон. Бид 2012 оноос хойш өөрсдийн барьсан барилгын ашиглалтыг хариуцан ажилладаг харьяа компанийг байгуулж, хөрөнгийн менежментийн үйлчилгээг аль болох цогцоор үзүүлэхийг хичээж байна.
- Та ярианы эхэнд хотын өнгө төрхийг тодорхойлох барилгуудыг барихыг зорьж байгаагаа хэлсэн. Тэгвэл одоо хэрэгжүүлж байгаа төсөл болоод ирээдүйд төлөвлөж байгаа төслүүдийнхээ онцлогоос танилцуулж болох уу.
Сүүлийн жилүүдэд бид металл хийцтэй, шилэн фасадтай барилгууд нэлээд барьж байна. Угаасаа ч одоо хөөсөн барилга гэдэг зүйл хоцрогдож байна. Шилэн фасадтай барилгууд өнгө үзэмж сайтай, орон зайн хувьд уужим, саруулхан гээд олон давуу талтай. Гэхдээ гаднаас орж ирж байгаа материалын чанар, стандартаас их хамаарч байна. Тухайлбал эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд цонх нь хөлөрдөг, зохион байгуулалт, дуу, дулаан тусгаарлагч гээд ажиллагаа ихтэй, улирлаас хамаарч айл бүрд агааржуулалт шаардлагатай гэх мэт асуудлууд гарч ирдэг. Тэр бүрд зөв, сайн шийдлийг эрж хайх, туршлагажих үе зөндөө.
Манай сүүлд хэрэгжүүлсэн “Токио резидэнс” төсөл гэхэд хотын төвийн, тансаг зэрэглэлийн орон сууц учраас ашиглалтад орсны дараах засвар үйлчилгээг нь бид өөрсдөө хариуцдаг. Хотын төвд амьдрах хүсэлтэй, завгүй, тав тухыг эрхэмлэдэг хүмүүст зориулсан тул орчныг нь тансаг, цэвэрхэн байлгаж цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн байх ёстой болж байгаа юм. Гэх мэтчилэн бид яг хэрэглэгч юу хүсэж байна, чиг хандлага хаашаа явж байна тэрэнд нийцсэн төсөл хийхийг зорьдог. Нөгөө талдаа манай барилгууд тухайн орчныхоо өнгө төрхийг тодорхойлдог, тэр барилгаар тэр хавийг нэрлэдэг, тухайн газрынхаа бэлгэ тэмдэг болсон барилгууд барихаар зорьж байгаа. Дунд голын эрэг дээр баригдаж буй Parko riviera цогцолбор бол яг ийм төсөл.
- Худалдаа үйлчилгээний цогцолбор уу?
Parko riviera цогцолбор маань 142 айлын өндөр зэрэглэлийн ухаалаг орон сууц, технологийн дэвшлийг илтгэх худалдаа үйлчилгээ бүхий энтертайнмент төв бүхий бүтээн байгуулалт яг ид явагдаж байна. Дунд гол бол энэ алтан тэвшийн хөндий, Улаанбаатар хот дундуур урсаж, аж үйлдвэрийн райондоо ногоон орчин бий болгож байгаа ганц гол шүү дээ. Нөгөө талаасаа энэ хэсэг хотын төвтэй хамгийн ойрхон барилгажиж буй бүс. Тиймээс бид энэ орчныг илүү тодруулж, өнгө үзэмжийг нь нэмэх, голын эрэг дагуу тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, орчин үеийн шийдэл бүхий цогцолбор бариад явж байна. Орон сууц маань хүний амьдрах тав тухыг бүрэн хангасан, түрүүнд миний хэлсэн гадна талаасаа, дотроо ч хүний хөдөлгөөн бүрийг хэмнэх, бодож хийсэн зохион байгуулалттай, уужим саруул орон зайтай, ухаалаг тоноглолтой орон сууц байна. Оршин суугчид маань орон сууцнаасаа шууд, худалдаа үйлчилгээнийхээ төв рүү ороод чөлөөт цагаа өнгөрөөчихдөг, амттай хоол идээд, дэлгүүр хэсэх боломжтой. Манайх шиг өвөлдөө -30 хүрдэг, түгжрэл ихтэй, завгүй хотод гэрээсээ гараад хүссэн үйлчилгээгээ шууд авчихна гэдэг өөрөө маш их тав тух. Ийм төсөл манай хотод цөөхөн.
Өнөөдөр манай улс технологийн дэвшлээс огтхон ч хоцрохгүй, маш хурдтай явж байгаа учраас энтертайнмент төв маань шинжлэх ухааны музей, кино театр, wellness SPA, тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүд гээд тэр орчмын 150,000 орчим мянган хүний хэрэгцээг хангах, хотын бусад дүүргүүдээс ч хүмүүс ирж чөлөөт цагаа өнгөрөөдөг тийм газар байх юм.
Бид энэ цогцолбороо Улаанбаатар хотод шинэ өнгө төрх, амьдралын шинэ хэмнэл, тав тух нэмсэн, энэ дунд голын зүрх нь болсон барилга байна гэж төсөөлж байгаа. Дээр нь Дунд гол дагуу цэцэрлэгт хүрээлэн тохижуулж гүүрэн гарц барих зэргээр тухайн орчны тохижилтод багагүй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ба энэ ажил нь өөрөө хотын төлөвлөлтөд тусгагдсан байдаг.
- Дунд гол хотын төвтэй хамгийн ойрхон, маш олон төрлийн мод, бургастай бүхэл бүтэн эко систем, байгалийн бүтээсэн том хэмжээний ногоон байгууламж шүү дээ. Хэрэв ийм хэмжээний байгууламж хүний гараар бүтээнэ гэвэл маш их зардал орох байсан болов уу. Тэгэхээр үүнийгээ тохижуулна гэдэг санаа маш зөв, таатай сонсогдож байна. Гэхдээ багагүй зардал шүү дээ?
Юуны түрүүнд тэр хэсгийн замын ачааллыг харгалзаад Дунд гол дээгүүр гүүрэн гарц нэмж төлөвлөх хэрэгцээтэй, үүнийг холбогдох төрийн байгууллагад санал тавьж, хамтран хэрэгжүүлэх, түүнийгээ дагаад голын эргийн ногоон байгууламжийг түшиглэсэн цэцэрлэгт хүрээлэн тохижуулахаар төлөвлөсөн. Үүнийг бид дангаараа хийх үү, хотын удирдлагад хандах уу эсвэл хувийн хэвшлүүд хамтрах уу, эсвэл бүр иргэдийн санаачилга, оролцоотой байх уу гэдэг шийдлээ олж ямар ч байсан хийх ёстой. Нийлээд Дунд голоо аврах хөдөлгөөн өрнүүлээд зөвхөн манай төлөвлөсөн хэсэгт биш тэр чигт нь бүтээн байгуулалт тохижилтын ажил ч хийж болно шүү дээ.
Санаачилга хаанаас гарах нь чухал биш хэрэгжүүлэх, ажил болгох өөрсдийн амьдрах орчноо гоё сайхан байлгахын төлөө бүгд хичээдэг байхад л болно.
Өнөөдөр барилгын салбар ч эрчимтэй хөгжиж, энгийн нэг барилга бариад борлуулаад мартагддаг биш хороолол хотхоноор нь төлөвлөдөг, нийт талбайн 30-70 хувь хүртэл ногоон байгууламж төлөвлөөд хийж байгаа компаниуд байна шүү дээ. Энэ мэт сайн жишгүүдийг дэмжээд, үргэлжлүүлээд явах хэрэгтэй болов уу. Ялангуяа өнөөдөр манайд хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуу хүмүүс их байна. Тэднийг бүх талаараа дэмждэг байгаасай гэж хүсдэг. Бид ч бас бүтээн байгуулалтаа цогцоор нь төлөвлөдөг, хийдэг шинэ жишиг салбартаа тогтоохын төлөө хичээж явна.
- За баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Parko riviera цогцолборын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!