Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулиа төгсөлгүй 32 жил суралцсан Боливийн оюутны холбооны ерөнхийлөгчийг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Боливи улсын оюутны холбооны ерөнхийлөгчийг Даваа гарагт баривчилжээ.

Баривчлагдсан Макс Мендоза нь сүүлийн 32 жил тус улсын оюутны холбоонд ажиллахдаа олон удаа хууль зөрчсөнийг прокурорын байгууллага сүүлийн зургаан сарын хугацаанд мөрдөн шалгаж илрүүлсэн юм байна.

Сонирхолтой нь одоо 52 настай Мендоза анх 1990 онд их сургуульд элсэж байсан ч огт төгсөөгүй өнөөдрийг хүргэжээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд оюутны байгууллагын хэд хэдэн сонгуульт албан тушаалыг хашиж, 2018 оноос өнөөдрийг хүртэл Боливийн Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр ажилласан байна.

Энэ байгууллагын удирдах албан тушаалтнуудыг засгийн газраас цалинжуулдаг. Тухайлбал оюутны холбооны ерөнхийлөгч сарын $3,000-тай тэнцэх цалин авдаг нь Боливийн албан ёсны цалингийн доод хэмжээнээс 10 дахин өндөр юм.

Мендоза өндөр цалинтай ажлын байрандаа үлдэхийн тулд 32 жилийн турш инженер, агрономи, хууль зэрэг олон мэргэжлээр дахин дахин элсэж, ганцыг нь ч дуусгаагүй байна.

Сүүлийн үед оюутны холбоог тойрсон хэл ам, шүүмжлэл нэмэгдсэн нь Макс Мендозаг шалгаж эхлэх шалтгаан болжээ. Мендозагаас гадна оюутны холбооны бусад удирдлагуудыг шалгаж байгааг Боливийн прокурорын газар мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press