Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Далайн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх 2022 оны тавдугаар сарын 16-нд НҮБ-ын төрөлжсөн байгууллага Олон Улсын Далайн байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд гардуулав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимтай уулзах үеэр Элчин сайд Б.Энхсүх Монгол Улс далайн эрх зүйн салбарын 30 гаруй олон улсын конвенцод нэгдэн орсон бөгөөд үндэсний хууль, тогтоомжийг далайн эрх зүйн олон улсын конвенцын зохицуулалттай нийцүүлэх чиглэлээр Засгийн газар тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгааг танилцуулж, Монгол Улсын “Далай ашиглах тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгааг онцоллоо.

Уулзалтын явцад Элчин сайд Б.Энхсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим нар Монгол Улсын далайн тухай хууль, тогтоомжийг шинэчлэх, энэ салбарт хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, тус байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Байнгын төлөөлөгчөөр ажиллах болсонд нь Элчин сайд Б.Энхсүхэд баяр хүргэж, Монгол Улсад техникийн дэмжлэг үзүүлэх боломжит талбаруудын талаар санал солилцов.

зураг
 
Их Британи дахь Элчин сайдын яам

 

Эх сурвалж: Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам