Татварын мөнгийг таны саналаар зарцуулдаг Орон нутгийн хөгжлийн санд саналаа өгөөрэй
Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ саналыг нь асууж зарцуулдаг тогтолцоо бол “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС) юм. Өөрөөр хэлбэл орчин тойронд нь тулгамддаг асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж саналаа өгдөг, түүнийх нь дагуу саналыг нь хэрэгжүүлдэг.
ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг.
ОНХС-д жил бүр 1-6 дугаар сард иргэдээс санал авахдаа уламжлалт буюу санал асуулгын хуудас бөглүүлэх, бүлгийн ярилцлага хийх, цахим гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Нийслэл Улаанбаатар хотод 2018 оноос эхлэн үе шаттайгаар цахимаар санал асуулга авч байсан бол энэ жилээс эхлэн ОНХС-ийн санал асуулгыг улс орон даяар цахимаар авах гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтэрлээ.
Иргэд “Орон нутгийн хөгжлийн сан”, E-Mongolia гар утасны аппликейшн болон www.onhs.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан амьдарч буй баг, хороо, сум, дүүрэгтээ хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалтын саналаа өгөх боломжтой.
Санал асуулга зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Энэхүү цахим хуудас, аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг нийслэл, сум дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар батлагдсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь, хөрөнгө оруулалтын өмнөх, явцын болон дараах гэрэл зургууд, хууль эрх зүйн мэдээлэл, ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын дата, мэдээллүүдийг гар утас болон цахим хуудсаар нэвтрэн авах боломжтой.
Түүнчлэн иргэнийг харьяаллын дагуу, давхардалгүй саналыг нь авах, төрийн үйлчилгээг нэг дороос хялбар, чирэгдэлгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, Засгийн Газрын системүүд хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн системийг E-Mongolia систем болон танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбосон байна.
ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж болох, хэрэгжүүлж болохгүй ажлууд гэж бий. Товчоор хэлбэл иргэд бүгдээрээ үр ашгийг нь хүртэх боломжтой, олон нийтэд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд ОНХС-ийн санхүүжилтийг зарцуулдаг. Тэгвэл ОНХС-аар ямар саналуудыг санхүүжүүлж хэрэгжүүлдэг вэ?
Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөх боломжтой:
- Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, инновац, шинжлэх ухаан, цахим технологи;
- Дэд бүтцийг сайжруулах, зам гүүр, далан шуудуу, цахилгаан, дулааны шугам сүлжээ;
- Орчны тохижилт, ногоон байгууламж, байгаль орчныг хамгаалах;
- Ундны усны хангамж, эрүүл ахуйг сайжруулах;
- Аймаг, хотын хөгжлийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөв боловсруулах;
- Аймгийн бэлчээрийн менежмент болон мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх
- Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр иргэдийг чадавхжуулах сургалт
- Ажлын байр бий болгох.
Сум, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөх боломжтой:
- Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, инновац, шинжлэх ухаан, цахим технологи;
- Дэд бүтцийг сайжруулах, зам гүүр, далан шуудуу, цахилгаан, дулааны шугам сүлжээ;
- Орчны тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах;
- Ундны усны хангамж, эрүүл ахуйг сайжруулах;
- Сум, дүүргийн хөгжлийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах;
- Мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах;
- Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр иргэдийг чадавхжуулах сургалт;
- Ажлын байр бий болгох;
- Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа.
ОНХС-ийн бас нэгэн эх үүсвэр нь “Малын тоо толгойн албан татвар” юм. Тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр малын тоо толгойн албан татварын хэмжээг 0-2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан байдаг. Тэгвэл энэ цугласан татварыг зөвхөн иргэдийн саналаар дараах чиглэлийн хөрөнгө оруулалт, төсөлд зарцуулах боломжтой.
Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөх боломжтой:
- Бэлчээрийн менежментийг сайжруулах;
- Бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх;/хөдөөгийн хүн, малын усан хангамжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, далан байгуулах, булгийн эхийг хашиж хамгаалах/
- Малын эрүүл мэндийг хамгаалах;
- Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
- Малын чанарыг сайжруулах;
- Гэмт халдлага, гамшгаас хамгаалах;
- Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх;
- Малын тэжээлийн ургамал тариалах;
- Тэжээлийн нөөц бүрдүүлэх;
- Байгаль орчныг хамгаалах;
- Хортон мэрэгчидтэй тэмцэх/байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглах/;
- Малчдад зориулсан сургалт, сурталчилгаа.
ОНХС-ийн төсвөөр дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглоно:
- Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.
- Улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
- Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал; (Үндэсний их баяр наадмын зардал 5 сая төгрөгөөс илүүгүй байх);
- Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
- Зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
- Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.
АППЛИКЕЙШН АШИГЛАХ ЗААВАР
Нүүр хэсэг
Аппликейшний “Нүүр” хэсэгт 2022 онд ОНХС-д батлагдсан нийт төсвийг зарцуулалтын салбараар нь ангилж харуулдаг. Мөн та төсвийн жил буюу оноо сольсноор өмнөх жилүүдийн мэдээллийг үзэх боломжтой.
Төлөвлөлт
Төлөвлөлт хэсгээс иргэдийн анх өгсөн саналууд, түүнийг ИНХ-аар хэрхэн баталсан, цаашлаад “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн эрэмбэлсэн, хамгийн сүүлд ИТХ-аар хэрхэн баталсан зэрэг төлөвлөлтийн үе шатуудыг өөрийн сум, дүүрэг, баг, хороогоор сонгон харах боломжтой.
Хэрэгжилт
Хэрэгжилт хэсгээс энэ ажилд хэдэн иргэн саналаа өгсөн, ямар хугацаанд хэрэгжих, гэрээний дүн, тендер шалгаруулсан журам, шалгарсан гүйцэтгэгч компани, тухайн ажлын явц хэдэн хувьтай, ямар шатандаа хэрэгжиж байгаа зэргийг гэрэл зургийн хамт харах боломжтой.
ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажилд иргэдээс хэрхэн санал авах вэ?
Иргэдийн санал авах хэсгээр дараа онд ОНХС-ийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэний саналыг авдаг. Та гурван төрлийн санал өгөх боломжтой.
- Үүнд, танай сум, дүүргийн ЗДТГ-аас дараа онд хэрэгжүүлэхээр санал болгож буй ажлыг дэмжиж буй эсэх,
- Хоёрдугаарт, танд өөрт дараа оны ОНХС-аар хэрэгжүүлэхэд санал болгох ажил байгаа эсэх,
- Гуравдугаарт, “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг зарцуулахад өгөх санал буюу ОНХС-д цугласан “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг мал аж ахуй, бэлчээрийн менежменттэй холбоотой ажлуудад зарцуулахад иргэдээс санал авдаг.
Иргэн аппликэйшнээр зөвхөн нэг удаа саналаа өгөх боломжтойг анхаарна уу.
Туслах цэс
Туслах цэсээс ОНХС-тай холбоотой мэдээ мэдээлэл үзэх, хууль эрх зүйн ойлголт авах, мөн баг, хороондоо хандсан өргөдөл, гомдол илгээж, ОНХС-ийн талаар гарын авлагыг ашиглаж болно.
Саналаа хэрхэн өгөх вэ?
- Play Store болон App Store-оос “Орон нутгийн хөгжлийн сан” гэж хайх, эсвэл QR код уншуулан аппликейшнээ татаж авах.
- Аппликейшн рүү нэвтрэхэд “ОНХС-ийн мэдээлэл”, “Санал өгөх” гэсэн хэсгүүд гарч ирэх бөгөөд “Санал өгөх” хэсэг рүү дарж нэвтэрнэ.
- Санал өгөх хэсэгт дарахад E-Mongolia систем рүү шилжиж ДАН системээр нэвтэрнэ.
- Нэвтэрсний дараа ОНХС аппликейшнээс таны иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэлд хандах хүсэлт гарч ирэх ба “зөвшөөрөх” товчийг дарснаар санал өгөх боломжтой болно. Энэ нь та зөвхөн орон нутгийнхаа харьяаллаар саналаа өгөх боломжийг бий болгож байгаа болно.
- Аппликейшний санал өгөх хэсгийн “санал асуулга” талбарт гурван сонголт байрлана. Сонголт бүр дээр саналаа өгнө.
- Санал нэмж дууссаны дараа илгээх товчийг дарснаар таны саналыг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. Цахим саналыг зөвхөн нэг удаа өгөх боломжтойг анхаарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
