ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дизайны алдааны улмаас Украин дахь Оросын танкууд “толгой”-гоо амархан алдаж байгааг мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украины дайнд оролцож буй Оросын танкууд дизайны алдааны улмаас амархан устгагдаж байгааг зэвсгийн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш буутай цамхаг нь (толгой хэсэг) тасарсан Оросын танкуудын зураг сошиал орчинд түгээмэл үзэгдэх болсон юм.

Өрнөдийн танкуудаас ялгаатай нь Оросын танк сумнуудаа цамхаг хэсэгтээ хадгалдаг юм байна. Энэ хэсэгт 40 хүртэл тооны сум хадгалагддаг. Тиймээс цамхагт ямар нэг хэмжээний цохилт өгөхөд амархан дэлбэрч, эх биеэсээ тасарч байгааг мэдээлжээ.

“Оросын танкуудад тохиолдож буй зүйл бол дизайны алдаатай холбоотой. Ямар нэг байдлаар оновчтой цохилт өгөхөд нөөц сумнууд хүчтэй дэлбэрч, цамхаг хэсэг нь тасран шидэгдэж байна” гэж зэвсэг судлаач Сэм Бендетт ярьж байна.

Сошиал сүлжээнд нийтлэгдсэн нэгэн дүрс бичлэгт Мариуполь хотын орон сууцны таван давхарт Оросын танкийн цамхаг шидэгдэж орсныг харуулжээ.

Үүнтэй ижил дүрс бичлэгийг Чернихов хотоос бас нийтэлсэн байна.

Ийм асуудал Оросын Т-72, T-80 загварын танкуудад түгээмэл тохиолдож байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Учир нь эдгээр загварууд цамхаг хэсэгтээ 20 ээлжийн гал нээх сумыг автоматаар цэнэглэдэг механизмтай байдаг гэнэ.

Үүнээс гадна Оросын танкуудын дотоод багтаамж өрнөдийнхтэй харьцуулахад маш бага болохыг Орос, Зөвлөлтийн зэвсгийн судлаач Стивен Залога ярьжээ.

Энэ нь танкийг жолоодож яваа алба хаагчдын амь насанд маш өндөр эрсдэл учруулдаг гэнэ.

Хэдийгээр T-80, T-90 зэрэг шинэ загварууд үйлдвэрлэгдсэн ч сум цэнэглэх систем нь өмнөхтэйгөө ижил механизмтай тул эрсдэл өндөр хэвээр байгаа ажээ.

1991-2003 оны үед Персийн булангийн дайнд Иракийн арми Оросын танкуудыг ашиглаж байхад бас ийм асуудал учирч байсан гэнэ.

Оросууд өмнөх алдаанаасаа суралцаагүй нь эндээс харагдаж байгааг Их Британийн армийн офицер асан, батлан хамгаалахын шинжээч Николас Драммонд ярьжээ.

Танкуудаас гадна БМД-4 зэрэг Оросын хуягт тэрэгнүүдэд ижил асуудал тулгарч байгаа гэнэ. Уг хуягт нь гурван хүнтэй багаас гадна таван цэрэг тээвэрлэх багтаамжтай байдаг.

Цохилтод өртмөгцөө амархан дэлбэрдэг энэ хуягт тэргийг мэргэжилтнүүд “явдаг авс” гэж нэрлэдэг тухай Драммонд ярьжээ.

Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос нийтдээ Оросын 580 танк жагсаалаас гарсан гэж тооцоолж байгаагаа өнгөрсөн Даваа гарагт мэдээлсэн юм.

Харин сүүлд Украины зэвсэгт хүчнээс гаргасан статистик тоо баримтад Оросын 873 танк, 2,238 хуягт тэрэг устгагдсан тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider, CNN