“Бизнес ба хүний эрх” төсөл албан ёсоор хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Энэ хугацаанд төслийн судалгааны багийнхан бизнесийн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг судалж тодорхойлохоор 1000 орчим хүнтэй уулзаж, ярилцлаа. Үүнд бизнес эрхлэгч, ажилтан, иргэний нийгэм, төрийн албаны төлөөлөл багтана.
Бизнесийн салбар дахь хүний эрх гэх нэр томьёо Монголд битгий хэл дэлхий дахинд шинэ ойлголт. Энэ нэр томьёо ердөө 10 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Хэдий ийм ч дэлхийн томоохон компаниуд, үндэстэн дамнасан корпорацууд аль хэдийн хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж, үйлдэл хийгээд эхэлжээ. Тухайлбал дэлхий дахины эмнэлгийн бээлийн хэрэгцээний гуравны хоёрыг хангадаг Малайз улсын үйлдвэрүүдэд гадаад ажиллагсдын хөдөлмөрийг мөлжсөн хэрэг илэрсний дараагаар АНУ тус компаниудын бүтээгдэхүүнд хилийн хориг тавьсан. Энэ бол бизнесийн салбарт хүний эрхийг хүндэтгэхийг шаардаж буй хамгийн тод жишээ юм. Энэ мэт дэлхийн улс орнууд бизнесийн салбарт хүний эрхийг хүндэтгэхэд тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлоод, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийг бууруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийг хүндэтгэж ажиллах нь бизнесийн байгууллагуудын ирээдүйн тогтвортой өсөлт хөгжлийг тодорхойлох хүчин зүйл болж байна.
Харин манайх шиг жижиг эдийн засагтай, идэвхтэй бизнес эрхлэгчдийн 90 орчим хувийг нь жижиг дунд үйлдвэрлэгчид эзэлдэг улсын хувьд бизнесийн салбарт хүний эрхийн ямар зөрчил гардаг бол? Энэ асуултад хариулахаар “Бизнес ба хүний эрх” төслийн судалгааны баг өнгөрсөн нэг жилийн хугацаанд 20 удаагийн хэлэлцүүлэг, мөн 100 гаруй аж ахуйн нэгжүүдийн дунд асуулгын судалгаа явуулж, 150 гаруй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийлээ.
Говийн болон зүүн бүсийн аймгийн хэлэлцүүлэг. 2021.11.11-12
“Бизнес ба хүний эрх” төслийн 19 дэх удаагийн хэлэлцүүлэг
Эдгээр ажлын эцсийн үр дүн биднийг “амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс авах эрхийн зөрчил” рүү хөтөлсөн. Өөрөөр хэлбэл 21 аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийн үеэр хамгийн их яригдаж, асуулгын судалгаагаар хамгийн их хандалт авсан асуудал бол “авч байгаа цалин хөлс амьжиргаанд хүрэлцдэггүй” тухай байсан юм. Түүнчлэн “Бизнес ба хүний эрх” төслөөс өнгөрсөн онд иргэний нийгмийн таван байгууллагад тэтгэлэг олгосон. Тэтгэлэгт хамрагдсан байгууллагуудын хийсэн судалгаагаар мөн л цалин хөлс бага гэсэн хариултууд хамгийн өндөр хувийг эзэлж байсан юм.
Барилгын салбарт ажиллагсдын дунд хийсэн судалгаанд хамрагдагсдын 80 гаруй хувь нь цалин хөлс хангалттай биш гэж хариулсан байна. (“Бизнес ба хүний эрх” төслийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ны тайлангаас)
Нийгмийн бүхий л бүлгийн дэвшүүлж буй “цалин хөлс хангалтгүй” гэх асуудлыг хүний эрхийн талаас нь тайлбарлая.
НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ конвенциудаар “хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хоол хүнс, орон сууц, бусад хэрэгцээтэй зардлуудыг оролцуулан амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх болон амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс авах эрхийг баталгаажуулсан байдаг. “Амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс” (living wage) гэдэг нь хүн өөрийн болоод гэр бүлийн гишүүдийг шаардлага хангасан орон байр, хоол хүнс, бусад хэрэгцээтэй зүйлсээр хангахуйц хэмжээний цалин хөлсийг хэлэх бөгөөд үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж ойлгож болохгүйг олон улсын баримт бичгүүдэд дурджээ.
Дэлхийн улс орнууд хөгжлийн түвшин, бүс нутгийн байрлал зэргээсээ хамаараад “амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлсний хэмжээг” харилцан адилгүй тогтоосон байдаг. Монгол Улсын хувьд “амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс” гэх ойлголтод хэр хэмжээний цалин оруулах тухай тодорхой хэмжих аргачлал, стандарт байдаггүй.
Олон улсын аргачлалыг харахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсний дагуу өдөрт авах ёстой шим тэжээлийг агуулсан хоол хүнсэнд зарцуулах зардал, хүний суурь хэрэгцээг хангаж чадахуйц орон байрны төлбөр, мөн эрүүл мэнд, цэцэрлэг сургууль гээд нийгмийн суурь үйлчилгээний зардлууд дээр үндэслэн “амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлс”-ний тооцооллыг гаргадаг.
Хэдхэн хоногийн өмнө ҮСХ-оос 2021 оны дөрөвдүгээр улирлын Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулсан. Дүн мэдээнээс харвал нэг ажилтанд ногдох дундаж цалин 1,4 сая төгрөг гэжээ. Гэр бүлийн ганцхан гишүүн нь хөдөлмөр эрхэлдэг 3-4 ам бүлтэй өрх ипотекийн зээлд 500-700 мянга эсвэл түрээсийн орон сууцанд нэг сая төгрөг зарцуулдаг гэж тооцоход цаана нь үлдэх 400-900 мянган төгрөгөөр гэр бүлийн гишүүдийнхээ бүтэн сарын хэрэгцээг хангаж чадах уу? Шим тэжээлтэй хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ гээд наад захын хэрэгцээнд хүрэх үү? Үүний цаана утас, тээвэр, халаалт, дулаан гээд олон зардлыг дурдахгүй орхиж болохгүй. Харамсалтай нь бодит байдал дээр иргэдийн гар дээр бидний тооцсоноос ч бага мөнгө үлдэх тохиолдол бий. Яагаад гэвэл ҮСХ-ны мэдээгээр ажиллагсдын талаас илүү хувь нь (67%) өмнө дурдсан дундаж цалингаас ч бага цалин авдаг байна.
Цаашид яах вэ? Асуудлыг шийдэх гаргалгаа нь юу вэ?
Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Бизнес ба хүний эрх” хөтөлбөр Азийн долоон улсад хэрэгжиж байна. Энэ төсөл хэрэгжиж буй бусад улс оронтой харьцуулахад Монгол улс гурван сая гаруй хүн амтай, жижиг эдийн засагтай, идэвхтэй бизнес эрхлэгчдийн 90 орчим хувийг хөлөө олох гэж хичээж буй жижиг дунд үйлдвэрүүд эзэлдгээрээ ялгаатай. Сүүлийн хоёр жил үргэлжилж буй Ковид-19 цар тахал, сүүлийн хоёр сарыг хамарсан Орос, Украины дайны нөхцөл байдал дэлхийн улс орнуудын эдийн засаг, бизнесийн салбарт сөргөөр нөлөөлж байна.
Манай улсын хувьд ч эдийн засгийн хямралтай нүүр тулж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартой харьцах ханш 3000 төгрөг давж, инфляц 14 хувьд хүрч, иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудлаа. Ийм эгзэгтэй цаг үед “Бизнес ба хүний эрхийн суурь үнэлгээ”-ээр тодорхойлогдсон хүний эрхийн зөрчлүүдийн нэг нь “амьжиргаанд хүрэлцэхгүй цалин хөлс”-ний асуудал байгаа нь Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагын хувьд том сорилт болж байна
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг (нийт 31 зарчим) баталсан. Энэхүү зарчмууд нь бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг ХАМГААЛАХ төрийн үүрэг, ХҮНДЭТГЭХ бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг СЭРГЭЭХ төр, бизнесийн үүрэг гэсэн гурван багана дээр суурилдаг. Бизнес ба хүний эрхийн нэгээс арав хүртэлх суурь зарчмуудад хүний эрхийг хамгаалах, мөн бизнесийн байгууллагуудад хүний эрхийг хүндэтгэж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр төрийн үүргийг тодорхой тайлбарласан байдаг.
Дэлхийн улс орнууд энэхүү зарчмыг бодлого, үйл ажиллагаандаа тусгах, бизнесийн салбарт хүний эрхийг хангах зорилгоор Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, “Бизнес ба хүний эрх” төслийн дэмжлэгтэйгээр үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн нэг жилд бизнес ба хүний эрхийн талаар төрийн алба, бизнесийн салбар, иргэний нийгэм, иргэд, олон нийт мэдээлэл, ойлголттой болж байна. Эдийн засаг, нийгэмд тулгараад буй цаг үеийн бэрхшээлүүдийг даван туулж, иргэдийн амьжиргаанд нь хүрэлцэхүйц цалин хөлс олгох, цаашлаад бизнест хүний эрхийг хангах тогтвортой механизмыг бий болгохын тулд бизнесийн эрүүл орчин бүрдүүлэх, байгаль орчин, хүний эрхийг дээдэлдэг ААН-үүдэд урамшуулал олгох, зөрчилтэй компаниудыг аливаа төрийн тендерээс хасах зэргээр төрийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгож, хуулиа хэрэгжүүлдэг байх хандлага зайлшгүй чухал байна.
Бизнес ба хүний эрхийн асуудал бол насан туршийн харилцаа. Бизнес өргөжин тэлэхийн хэрээр хүний эрхэд эерэг болон сөргөөр нөлөөлдөг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад иргэдийн амьжиргааны асуудлыг алга урвуулахын хооронд шийдэж чадахгүй ч, ажлын байрны дарамт, хүчирхийллийг үл тэвчих, аливаа ялгаварлан гадуурхалтгүй орчин бүрдүүлэх зэрэг хүний эрхийг дээдэлсэн хандлагыг хэвшүүлэхэд хөрөнгө, хүч бага зарцуулж, бүр зарцуулахгүйгээр ч шийдэх боломжтойг бизнес эрхлэгчид анхаарах биз ээ.
Бизнес ба хүний эрхийн харилцаа нь хүний эрхийн суурь ойлголт болох хүнлэг байх мөн чанар, хүн байхын утга учиртай холбоотой хүрээлэн буй бүхэндээ хүндэтгэлтэй хандах хүний нийгмийн үнэт зүйлс учраас хэзээд ярих ёстой, анхаарахгүй орхиж үл болох харилцаа юм.
Бизнес ба хүний эрх төслийн Мэдлэгийн менежмент,
харилцааны ажилтан Ц.Мөнхзул
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!