• 6 сарын 14, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Отгонцэцэг: АНУ-ын Сан Францискогийн Их Сургуульд ажиллахаар болж байгаадаа баяртай байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 4 сарын 13
iKon.MN
зураг
 
University of San Francisco

АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар доктор Эрхэмжамцын Отгонцэцэгийг томилжээ.

Тэрбээр шинэ ажлаа 2022 оны долдугаар сарын 1-нээс хүлээж авах юм байна. Түүний хувьд өмнө нь Бэнтлигийн их сургуульд Бизнес хариуцсан дэд захирал, стратегийн санаачилга хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 

Боловсролын хүртээмж, эрх тэгш байдлыг эрхэмлэдэг манлайлагч тэрбээр АНУ-д магистрантурт суралцсан анхны 20 монгол оюутны нэг бөгөөд 2005 онд санхүүгийн чиглэлээр доктрын зэрэг хамгаалсан анхны монгол хүн гэдгийг болохыг томилгооны мэдээнд онцолжээ. 

"Доктор Эрхэмжамц бол туршлагатай, үр бүтээлтэй эрдэмтэн бөгөөд шударга ёс, тэгш байдал, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг эрхэмлэгч, тууштай, хичээл зүтгэлтэй багш, зөвлөгч, шилдэг чадвартай удирдагч юм" хэмээн Сан Францискогийн их сургуулийн Эрдмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Опара хэлжээ. 

Доктор Э.Отгонцэцэг “Би Сан Францискогийн Их Сургуульд ажиллахаар болж байгаадаа баяртай байна. Эрхэм зорилгод тулгуурлаж, үнэт зүйлд суурилсан, олон талт, байнга өргөжиж буй нийгэмлэгийг тэжээн тэтгэдэг Сан Францискогийн Их Сургуульд ажиллахаар болсон нь нэр төрийн хэрэг юм. Нийгэмд шударга ёсыг тогтоох, илүү сайжруулах, оюутнуудад нийгмийн болон ёс суртахууны хариуцлагыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаад нь үнэхээр их бахархдаг" хэмээв. 

 

Эх сурвалж: University of San Francisco