ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Байгальд хог үлдээхгүй" гэсэн сэтгэлгээ ухамсар төлөвшсөн цагт л бид хогоос ангижирна

ikon.mn
2022 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Туул гол болон Улиастай, Гачуурт орчимд ажилласан. Голын эрэг дагуу хөглөрөх үүсмэл хог, иргэдийн  дур зоргоороо ухсан нүхэн жорлонгууд хөрсөөр дамжин голын усыг бохирдуулж байгаад асуудал хариуцсан албан тушаалтнуудыг буруутган зарим албан тушаалтныг  ажлаас чөлөөлөх арга хэмжээг авсан.

Одоо харин урин дулаан ч боллоо иргэд хотын ойролцоох хэдэн голоо бараадаж, хоорондоо хэдхэн алхмын зайтай хаяа нийлэн тухалж, идэж уун чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Ийм үед голын эрэг дагуух зүлэг ногоо олны хөлд гишгэгдэн халцарч, хог хаягдал, амрагчдын ялгадсыг шингээгч болдог. Урин цагт байгальд амрах сайхан ч байгалиа бохирдуулан байж таашаал аваад буцдаг буруу зуршлаасаа хэрхэн бид бүрэн ангижрах вэ?

Хэрэв та голын усны урсгал сонсон амарч тухлах дуртай бол байгалиа бохирдуулахгүй амарч сураарай, дараагийн амрагчдад цэвэр орчин үлдээгээрэй!. Ууланд гарч уушгиа цэвэрлэсэн бол ул мөрөө хогтой бүү үлдээгээрэй!.

зураг
 

Голын эрэгт үлдээсэн хог хаягдал, хөлчүүрч хагалсан үзүүртэй шилэнд тань гар хуруугаа хатгуулан байж цэвэрлэдэг хүмүүс байдаг. Жил бүрийн 4-11 дүгээр сарын хооронд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажилгүй иргэдийг цагийн ажлаар ханган Богд уул, Туул гол дагуу болон гэр хорооллын гуу жалга, үерийн далан суваг зэрэг бохирдол ихтэй газруудыг цэвэрлэх иргэдийн бүлгийг ажиллуулж хотын иргэдийн ая тухтай байх орчныг бий болгодог. 2021 онд Богд уул болон Туул гол дагуу цэвэрлэгээнээс 317т хог хаягдлыг түүж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

Нэг нь хаяж, нөгөө нь цэвэрлэж тээвэрлэдэг энэ “чөтгөрийн тойрог” олон жил үргэлжилсэн ч байгальдаа цэвэрхэн амарч сурах, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээг иргэдэд суулгаж чадсангүй ээ.

Энэ хавраас эхлэн голуудын сав газар болон нийслэлийн хэмжээнд аль л хүн хамгийн олноор цуглах боломжтой газруудад худалдаа, үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн чихэнд чимэгтэй мэдээ байсан болов уу. Нөгөө талд нь хогт дарагдаж, хөлд талхлагдсан байгаль үлдэх вий гэсэн болгоомжлол байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, ямар нэг тусгай зөвшөөрөл авахгүй зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээв. Ингэснээр Богд ууланд хүмүүс хамгийн олноор алхдаг гол маршрутууд болон Туул гол дагуу олны цуглардаг хэсгүүдэд улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдааны цэг, түргэн хоолны явуулын үйлчилгээнүүд цэцэглэнэ. Үр дүнд нь хог хаягдлын хэмжээ өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдэж таарна. Богд ууланд сард 36000 орчим иргэд гардаг, Туул гол дагуу 6-9 сард хүн ихээр цуглардаг 13 цэг байршилд сард 195000 хүн агаар салхинд амарч зугаалдаг.

Худалдаа эрхлэгчид болон аялагч, амрагчид байгальд хог үйлдвэрлэж байгаа мэт харагддаг. Гэтэл хог үйлдвэрлэхэд нөлөөлдөг гурав дахь субъектийн талаар хэн ч дурддаггүй. Тэд хэн бэ?

Голын эрэг дагуу үүссэн хог хаягдлын дийлэнх нь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодол байдаг. Тухайлбал, архи, ус, ундааны шил, гурилан болон нөөшилсөн бүтээгдэхүүний баглаа, боодол байдаг. Тэгэхээр үйлдвэрлэгчид маань хог хаягдлын тухай хуулийн дагуу бүтээгдэхүүний сав, баглаа, боодлоо эргүүлэн татах, байгаль орчноо цэвэрлэх, хогийг зайлуулахад санаачилгатай ажиллах учиртай.

Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн Туул гол дагуу амарч зугаалж байгаа иргэдээс судалгаа авч дүн шинжилгээ хийхэд тухайн газарт амарч зугаалж байгаа иргэдийн 39 хувь нь байнга ирдэг бол анх удаа ирж байгаа иргэд 29%, Хоёр дахь удаагаа ирж байгаа иргэд 19%, Гурав дахь удаагаа ирж байгаа иргэд 12%-ийг эзэлж байна.

Энэхүү үзүүлэлт нь хүмүүс гол дагуу дахин дахин ирдэг тул тухайн газарт тодорхой мессэж, мэдээлэл өгдөг цэг, ямар нэгэн мэдээллийн самбар байх ёстой, мөн зорилтод ухуулга нөлөөллийн ажлыг тогтмол хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Зуны дэлгэр цагт иргэд Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд руу зорьж, өргөн уудам газар нутгаа хөндлөн гулд сүлжин аялдаг ч “Байгальд хог үлдээхгүй” гэсэн сэтгэлгээ, ухамсар төлөвшсөн цагт л бид хогоос ангижрах нь. Аяны хүнсээ базаан гэр бүлээрээ замд гарах иргэн Та хогийн уутаа зайлшгүй хэрэгцээт зүйл хэмээн авч явдаг, түүндээ хогоо хийн ачаад буусан бууриа хоггүй үлдээж хэвшсэн цагт бид хогоосоо салах юм. Монгол хүн байна даа байгальдаа хүндэтгэлтэй хандаж суръя.