ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Өнөрлхам: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өв залгамжлалаар нийт 6,220 өмчлөх эрх шилжсэн байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхамтай ярилцлаа.

- Өв залгамжлалын асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад иргэд хэр их хандаж байна вэ. Сүүлийн үеийн судалгаа, статистик мэдээллийг танилцуулбал? 

- 2021 оны нэгдүгээр сарын эхээс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өв залгамжлалаар нийт 6, 220 өмчлөх эрх шилжсэн байна. Тодруулбал,

  • Нийслэлд 3,234
  • Орон нутагт 2,986 бүртгэл хийгдсэн талаарх мэдээлэл бий. Энэ нь өнгөрсөн онд хийгдсэн нийт бүртгэлийн 1.2 орчим хувийг эзэлж байгаа юм.

Иргэдийн зүгээс эд хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгох,  өвлүүлэгчийн өвөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах маргаан өв залгамжлалаар эрх шилжүүлэхэд түлхүү гардаг.  Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хүрээнд энэ төрлийн гомдол, маргаан голчилж байгаа юм.

Мөн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эрх шилжүүлэх бүртгэл хийсэн нотлох баримт хүчин төгөлдөр бус байх улмаар өв залгамжлалын маргаан үүсэж шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдол цөөн боловч гарч байна.

- Гэрээслэл гэдэгт юуг хамааруулан ойлгох вэ?

Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь /2021 он/-д “Гэрээслэл нь насан эцэслэсэн тохиолдолд эд хөрөнгөө захиран зарцуулах зорилгоор үйлдсэн онцгой хэлцэл...” гэж  тодорхойлсон байдаг. Гэрээслэл нь гэрээслэл үйлдэх замаар нас барсан тохиолдолд  өвлүүлэгчийн эд хөрөнгийг захиран зарцуулах арга юм.

Гэрээслэлийг гэрээслэгч өөрийн гараар бичиж, нотариат болон бусад этгээд / гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг дарга, цэргийн алба хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага/-ээр гэрчлүүлэх ба энэ шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус болно.

Гэрээслэлийг гэрээслэгч нас барсан тохиолдолд задлахаар үйлддэг бөгөөд гэрээслэгч нэгэнт үйлдсэн гэрээслэлээ цуцлах буюу өөрчлөх эрхтэй.

- Одоогийн байдлаар гэрээслэл үйлдэх соёл манай улсад ямар түвшинд байна вэ? 

-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 20 гэрээслэл үйлдэгдсэн талаарх тэмдэглэл эрхийн улсын бүртгэлд хийгджээ. Энэхүү тоон үзүүлэлтээс үзэхэд гэрээслэл үйлдэх нь манай улсад олон улсын жишгээс доогуур үзүүлэлттэй байна.

Монголчууд гэрээслэлийг эрт үеэс үйлдэж байсан нь түүхэн баримтаар нотлогддог талаар судлаачид дурдсан байдаг боловч “амны билгээс ашдын билэг” гэж  ярилцдаг монгол хүн амьд ахуйдаа гэрээслэл үйлдэх нь түгээмэл биш байдаг.

Гэрээсэл нь хүн насан эцэслэсэн тохиолдолд өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөө зарцуулах боломжийг бүрдүүлж өгдөг төдийгүй гэрээслэгч нас барсны дараа ойр дотнынхон нь хөрөнгийн маргаан гаргах улмаар эе эв эвдрэлцэхээс хамгаалдаг давуу талтай.

- Өв залгамжлалаар өв хэрхэн өвлөгддөг вэ?

- Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3-т заасны дагуу өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэдэг.

Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно. Өөрөөр хэлбэл иргэн хуульд зааснаар өвлөх эрхтэй өвлөгч болох нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх  болон бусад хуульд заасан өвлөгчөөс гадна өвлөх эрхгүй этгээдэд өвийг гэрээсэлж болдог.

Гэхдээ Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-т “Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно” гэж заасан байдгийг анхаарвал зохилтой.

- Гэрээслэлийг хэрхэн яаж, хадгалж үлдээх вэ? 

- Гэрээслэлийг бичгээр үйлдэж, нотариатаар болон хуульд заасан этгээдээр гэрчлүүлнэ.

Нотариатч гэрээслэлд тамга, баталгааны тэмдгээ дарж, он, сар, өдрийг бичин, гарын үсгийг зурж, нэг хувийг гэрээслэгчид гардуулж, үлдэх хувийг Нотариатчдын танхимд хадгалуулна.

Нотариатч гэрээслэл үйлдсэн тухай тодорхойлолтыг гарган, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад илгээх ба уг тодорхойлолтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийдэг.

- Олон улсын түвшинд гэрээслэл гэдгийг хэрхэн томьёолдог.Энэ чиглэлд хэрхэн анхаардаг юм бол? 

Гэрээслэл нь олон улсын хууль зүйн түгээмэл нэр томьёоны нэг юм. Гэрээслэлийг латин хэлээр testamentum гэж нэрлэдэг байна.

Монгол улсын 1926 оны Иргэний хуульд “гэрээслэл” гэсэн нэр томьёо, 1952 оны хуульд “гэрээс” гэсэн нэр томьёо хэрэглэж байсан талаар холбогдох ном, эх сурвалжид дурдагдсан байдаг.    

Монгол хэл бичгийн дэлгэрэнгүй тайлбар тольд “гэрээслэл”-ийг “захиас” гэсэн утгаар хэрэглэж байсан талаар тайлбарласан байна.

Мөн гадаадын улс орнуудын хууль тогтоомжид гэрээслэлд тавигдах хуулийн шаардлагыг тодорхой тусгасан байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

- Иргэний тухай хуулиар өвийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ. Мөн нотариатын тухай хуулиар нотариатчид өвийг нь тогтоодог уу?

- Өв гэдэг нь өмчлөгчийг нас барсны дараа өвлөгчид шилжсэн эд хөрөнгө ба эд хөрөнгийн эрх юм. Өв нь иргэн нас барсан өдрөөс нээгдэнэ.

Иргэний хуульд зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно.

Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох ба гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг  “нэг жил өнгөрсний дараа” гэх  хугацаанаас өмнө олгож болно.

Нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өв залгамжлалаар эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.9.40.61] 2022/4/7
Өв залгамжлах тухай шийдвэр гаргахад 1-2 жил болдог. 2021 онд шийдэгдсэн асуудлууд бол 2019-2020 онд гаргасан нэхэмжлэхүүд бгаа даа.
0 | 1 Хариулах
Зочин [203.91.114.244] 2022/4/7
covidoor nas baragsdiin uv zalgamjlal yvagdjdee
0 | 3 Хариулах