Индэр    
2022 оны 4 сарын 5
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Ч.Баянжаргал: Гэрээслэлийг муугийн ёр гэхээс илүү миний ард үлдэх гэр бүл, үр хүүхэд яах билээ гэж бодох хэрэгтэй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрээслэлээр эд хөрөнгөө өвлүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн иргэдийн дунд үл ойлголцол үүсэж, улмаар иргэний хэргийн маргаан нэмэгдэх сөрөг үр дагавартай юм. Манай улсын хэмжээнд энэ он гарснаас хойш зургаан гэрээслэл үйлдэгдсэн талаарх тоон мэдээллийг Нотариатчдын танхимаас өгөв. Тус үзүүлэлт нь 2019 онд нийт 57 байсан бол 2020 онд 18 болж буурсан байна. Харин 2021 онд улсын хэмжээнд нийт 66 болж өсжээ. 

"Ихэнх тохиолдолд хууль ёсны өвлөгч нарын хооронд өвлөх эрхийн маргаан үүсэж байна"

Монгол Улсын хууль тогтоомжид дээрх эрх, үүргийг хэрхэн тусгасан байдаг талаар хуульч М.Ганзоригоос тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ "Гэрээслэл бол хүний өөрийнх нь амьд ахуйдаа хүсэж байгаа хүсэл тул цээрлэх бус харин хүслээ бодит болгож буй үйл хэрэг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Иргэний хуулийн 515-538 дугаар зүйлд өвлөх эрхийг хуульчлан баталгаажуулсан байдаг. Харин гэрээслэлээр өвлөхөд Иргэний хуулийн 522-526 дугаар зүйлийг анхаарч уншиж, ойлгох хэрэгтэй. 

Гэрээслэлийг нас барахаасаа өмнө бичгээр үйлдэж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой. Хэрэв нотариат байхгүй тохиолдолд баг, Сумын засаг даргаар гэрчлүүлэхээр хуульд заасан. Үүнээс үзвэл, нас барагч захиа, бичиг үлдээх нь гэрээслэл үйлдсэн хэмээн үзэхэд хангалттай баримт болохгүй юм.

Ихэнх тохиолдолд хууль ёсны өвлөгч нарын хооронд өвлөх эрхтэй эсэх, энэхүү эрхээ алдсан эсэх, өвлөх хэмжээ зэрэг маргаан үүсэж байгаа юм. Хүн нэгэнт мөнх наслахгүйгээс хойш хожим нь үр хүүхдийнхээ дунд маргаан үүсгэхгүй байх зорилгоор гэрээслэлийг бичих учиртай. Нас барсан хойно нь эд хөрөнгө болон эрхийн асуудлаар маргаан үүсвэл сөрөг талтай гэдгийг ойлгож, гэрээслэлийг үйлдэх соёлд суралцах шаардлага тулгараад байна" хэмээн хэлээ.  

"Шүүхийн тайлангаас үзэхэд иргэний эрх зүйн маргаан 23 хувиар өссөн байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүнтэй холбоотойгоор Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал "Монгол Улсын шүүхийн тайланд дурдсанаар 2019 онтой харьцуулахад 2020 онд иргэний эрх зүйн маргаан 23 хувиар өссөн байна. Энэ нь өмч хөрөнгийн эрхтэй холбоотой маргаан гэсэн үг. Үүний дотор эд хөрөнгө өвлөх, гэрээслэхтэй холбоотой асуудал дагалдаж байгаа юм.

Магадгүй тухайн хүн, гэрээслэл үйлдээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг эхний ээлжид нас барагч этгээдийн хууль ёсны эхнэр нөхөр, үр хүүхэд, эцэг эх нь өвлөж авах эрхтэй. Эдгээр хүмүүс өвлөж авахаас татгалзаж эсвэл тухайн эрхээ алдаж болно. Энэ эрхээ алдвал дараагийн буюу хоёрдугаар шатны өвлөгч болох төрөл садан, ах дүүст хөрөнгө шилжинэ. Гэхдээ нэгдүгээр ээлжийн өвлөгч байгаа тохиолдолд хоёр, гурав дахь үеийн өвлөгчдөд эд хөрөнгө шилжинэ гэсэн ойлголт байхгүй. Заавал татгалзаж буюу өвлөх эрхээ алдсан тохиолдолд шилждэг практик бий.

Хууль ёсны өвлөгчийг хоёр янзын байдлаар ангилсан байдаг.
  • Нас барагчтай хамт амьдарч байсан
  • Нас барагч тусдаа амьдарч байсан өвлөгч гэж ялгаж үздэг гэсэн үг. Хамт амьдарч буй өвлөгч эд хөрөнгийг авахаас татгалзаагүй л бол автоматаар өвлөн авах эрх нээгдэнэ.

Тусдаа амьдарч байсан өвлөгч, нэг жилийн дотор эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтээ гаргасан тохиолдолд өв хүлээн авагчид тооцогдоно. Энэ хугацаа өнгөрвөл өвлөж авах эрхээс татгалзсанд тооцдог" гэв. 

 "Гэр бүлийн хүрээнд захисан захиас болон гэрээслэл нь хоёр тусдаа ойлголт"

Мөн тэрбээр "Гэрээслэлийг баталгаажуулахдаа дараах хоёр бичиг баримтыг заавал бүрдүүлэх ёстой байдаг. 

Нэгдүгээрт, тухайн хүн өөрийгөө оюун санаа, сэтгэцийн хувьд эрүүл гэдгээ баталсан мэргэжлийн эмчийн бичиг байх ёстой.
Хоёрдугаарт, тухайн өвлүүлэх эд хөрөнгө болон эрхтэй холбоотой баримт бичиг хэрэгтэй.

Нас барах болоогүй шүү дээ, муу ёр гэж гэрээслэлийг бодохоос илүү миний ард үлдэж буй гэр бүл, үр хүүхэд яах билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд захисан захиас гэдэг бол өөр ойлголт. Гэрээслэл гэдэг нь нэг тусдаа ойлголт болдог бөгөөд ёс суртахуун, хүндлэлийг асар их шаарддаг.

Манай улсад гэрээслэлийг хууль тогтоомжоос илүү зан заншилтай холбож ойлгох хандлага байдаг.Мэдээж аман захиастай хэн ч маргадаггүй, тэр хүний захиасыг ном ёсоор нь биелүүлдэг сайхан уламжлал бий. Гэхдээ бүх зүйлийг зан заншлын хэмжээгээр зохицуулах боломжгүй" хэмээн яриандаа онцолсон юм.

"Гэрээслэлийг нотариатчаар гэрчлүүлсний үндсэнд хүчин төгөлдөр болдог"

Гэрээслэл бичигч нь дараах зүйлд анхаарах шаардлагатай. 

  • Заавал өөрийн гараар бичсэн байх
  • Нотариатчаар гэрчлүүлсэн тохиолдолд гэрээслэл хүчин төгөлдөр болдог
  • Гэрээслэлийг хоёр хувь үйлддэг бөгөөд нэг хувийг нотариатын газарт хадгалуулж, нөгөө хувийг өөрөө авдаг. 

Хэрэв өөрийн бүх эд хөрөнгийг хууль ёсны бус этгээдэд гэрээсэлбэл тухайн хөрөнгийн ½ нь зайлшгүй хууль ёсны өвлөгчид үлдэх ёстой гэх зохицуулалт бий.

Гэрээслэлийг хэдийд ч үйлдэх боломжтой бөгөөд хэзээ ч өөрчилж, цуцалж, хүчингүй болгоод шинээр үйлдэх боломжтой байдаг. Хэт эрт гэрээслэл үйлдвэл эд хөрөнгөө захиран зарцуулж, барьцаалж зээл авах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, гэрээслэгдсэн эд хөрөнгийг үрэгдэж, устахаас сэргийлээд хамгаалалт тогтоогддог байна.

Гэрээслэл нь эрх зүйн соёлын асуудал юм. Аливаа зүйл нийгэмд дахин давтагдаж зөв голдиролд ороод ирэхээр соёл болж төлөвшдөг. Манайд хараахан соёл болж төлөвшөөгүй бүрэлдэх шатандаа явж байна гэдгийг тэрбээр хэлсэн юм.