Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланка улс эрчим хүчний ноцтой хямралд орж, цахилгааныг өдрийн 13 цагаар хязгаарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн далайн арал улс Шри Ланка эрчим хүчний ноцтой хомстолд орж, орон даяар цахилгааны хэрэглээгээ хязгаарлаж эхэлжээ.

Тус улсын цахилгаан станцууд дизель түлшээр голдуу ажилладаг. Гэвч засгийн газар нь дизель түлш импортлох гадаад валютын нөөцгүй болсон тул эрчим хүчний хомстолд оржээ.

Коронавирусийн цар тахлын нөлөө, мөн цагаа олоогүй татварын хөнгөлөлт Шри Ланкын гадаад валютын нөөцийг сүүлийн хоёр жилийн хугацаанд 70 хувиар бууруулсан юм.

Ган гачгийн улмаас усан цахилгаан станцуудын нөөц усны түвшин түүхэндээ байгаагүй хэмжээнд буурсан нь давхар нөлөөлжээ.

Үүний улмаас 22 сая хүн амтай Шри Ланка улс даяар цахилгааны хязгаарлалтыг өдөрт 13 хүртэл цаг болгосон байна.

Мөн шөнө оройн цагаар гудамжны гэрэл, гэрлэн чимэглэлүүдийг асаахыг хоригложээ.

Коломбо хотын хөрөнгийн бирж өдөрт явуулдаг арилжааны хугацаагаа дөрвөн цаг хагасаас хоёр цаг болгон богиносгосон нь бас цахилгаан эрчим хүчний хомстолтой холбоотой юм.

Пүрэв гарагийн арилжаа нээгдмэгц тэргүүлэх компаниудын хувьцааны ханш доод тал нь 5 хувиар унасан тул 30 минутын дараа арилжааг зогсоожээ.

Сүүлийн хоёр өдрийн дотор тус бирж гурав дахь удаагаа ийнхүү арилжаагаа хүчээр зогсоосон байна.

Шри Ланкын засгийн газар хөрш Энэтхэгээс $500 саяын дизель түлш зээлээр авахаар болсон нь Бямба гарагт ирэхийг тус улсын эрчим хүчний сайд Павитра Ванниарачи өчигдөр мэдээлсэн юм.

Гэхдээ энэ нь хямралыг шийдэж чадахгүй гэж сайд хэлсэн байна.

Үүнээс гадна Олон Улсын Валютын Сантай зээлийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх гэж байгаагаа Шри Ланкын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters