Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: 2021 он хөрөнгийн зах зээлийн хувьд түүхэн жил боллоо

ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-МХБ-ийг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй биржээр шалгаруулсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Энэ оны хувьд хэдийгээр Ковид-19 цар тахлын нөлөө ихтэй байсан хэдий ч төр засгийн дэмжих бодлого, хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд хөрөнгийн зах зээлийн хувьд түүхэн амжилт, ололтууд арвинтай, хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын хувьд тун завгүй жил байлаа.

Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлийн голлох мэдээллийн агентлаг болох Bloomberg-ээс МХБ-ийг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр онцолсон. Үүнд зах зээлийн ерөнхий чиг хандлагыг  тодорхойлогч ТОП 20 индексийн үзүүлэлт 2021 оны 12-р сарын 5-ны байдлаар 104 хувь буюу 2 дахин өссөн нь голлох нөлөөллийг үзүүлсэн.

Энэхүү өсөлтийн зэрэгцээ дэлхийд тэргүүлэгч санхүүгийн судалгааны агентлаг болох Их Британийн FTSE Russell группээс Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны 9 сард “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан нь дотоодын зах зээлийг олон улсын хэмжээнд таниулж, олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд нэвтрүүлэхэд чухал дэмжлэг болох бөгөөд цаашид зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Энэ онд мөн нийт арилжаа түүхэндээ анх удаа 1.4 их наяд төгрөгт хүрсэн төдийгүй нийт 9 шинэ үнэт цаас бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.

-Сүүлийн үед иргэдийн хөрөнгө оруулалтын сонголтод койн цоо шинээр гарч ирсэн. Үүнийг дагаад цахим хөрөнгийн бирж олноор мэндэллээ. Энэ хандлагаас хоцрохгүй байхыг хэрэглэгчид шаардах болно. Хөрөнгийн бирж энэ талаар ямар байр суурьтай, юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Техник технологийн дэвшлийн нөлөөгөөр криптовалютын зах зээл асар хурдацтай хөгжиж манай улсад төдийгүй дэлхийн нийтэд криптовалют, койны арилжаа идэвхжиж байна. Энэхүү шинэ орчныг зохицуулах хууль эрх зүйн орчин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон түүнийг дагалдан гарах дүрэм журмуудын дагуу бэлэн болно. МХБ ирэх онд олон улсад төдийгүй дотоодын зах зээлд тренд болоод байгаа виртуал хөрөнгийн арилжааг туршилтын журмаар эрхлэхээр төлөвлөж байна. 

-Банкны тухай хуулийн шинэчлэлийг дагаад анхны банк нь 2021 онд амжаад хувьцаагаа гаргачихлаа. Цаана нь системийн томоохон банкууд олон нийтэд нээлттэй болох хүлээлт бий. Хөрөнгийн биржийн чадвар, багтаамж үүнд бэлэн үү?

Монголбанкнаас гаргасан судалгаагаар нийт банкууд дээр 22 их наяд орчим төгрөгийн харилцах болон хадгаламж байна. Сүүлийн үед банкны хадгаламжийн хүү нэлээд буурч байгаа. Үүнийг дагаад төгрөгийн хадгаламж эзэмшиж буй хүн илүү өгөөж хүртэхийн тулд арай ашигтай хөрөнгө оруулалт хийх сонголтыг хийнэ.

Хэрвээ хөрөнгийн бирж дээр манай томоохон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ илүү гаргаад эхэлбэл иргэдийн харилцах хадгаламжийн үлдэгдлийн тодорхой хувь нь хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө  шилжих бүрэн боломжтой. Одоогийн байдлаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд төгрөг байна. Энэ нь манай ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа юм.

Хөрөнгийн биржид олон сонголт бүхий бүтээгдэхүүнүүд хэдий их гарна, төдий чинээ энэ багтаамж нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн банкны харилцах, хадгаламж бус гаднын хөрөнгө оруулалтыг татах томоохон суваг болно. Тэгэхээр багтаамжийн хувьд бүтээгдэхүүн нь өөрөө сайн байвал хөрөнгө оруулах нөөц хангалттай байгаа гэж харж байна.

Түүнчлэн, олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлын үр дүнд зах зээлийн багтаамж тэлж, хөрвөх чадвар нэмэгдэх боломжтой гэж харж байна.

Хэрэв тэтгэврийн шинэчлэлийг үүнтэй уялдуулаад өгвөл багтаамжийг нэмэгдүүлэхэд маш чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн шинэчлэл болон тэтгэврийн шинэчлэл Монголын эдийн засгийг цоо шинэ шатанд хүргэх тулгуур хууль болно гэж харж байгаа.

-2022 онд хөрөнгийн зах зээлийн ерөнхий төлөвийг яаж харж байна?

2022 онд банкуудын IPO, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төрийн өмчит компаниудын IPO, гадаадын биржид бүртгэлтэй компаниуд үнэт цаасаа давхар бүртгүүлэх үйл явцын нөлөөгөөр зах зээлийн өсөлт үргэлжлэх хандлагатай байна.

Мөн, старт-ап компаниудад шаардлагатай санхүүжилтийг түргэн шуурхай босгох боломжийг олгох туслах захыг олон улсын бусад биржүүдийн жишгийн дагуу бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр шинээр байгуулагдсан компаниуд банкны зээлээр бус олон нийтээс хямд өртөгтэй санхүүжилтийг богино хугацаанд татах, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн МХБ-ийн 1,2-р ангилалд үнэт цаасаа бүртгүүлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн, олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг ETF буюу биржээр арилжаалагддаг санг МХБ-д бүртгэж арилжаалахаас гадна Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан тохиолдолд short sale буюу олон улсын жишгийн дагуу үнэт цаасны зээлийн арилжааг нэвтрүүлэх боломж бий болж, зөвхөн үнийн өсөлтөөс бус үнийн бууралтаас ашиг хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгох юм.