Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт Дэлхийд тэргүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн тэгш боломжийг олгодгоороо хөрөнгийн зах зээл хамгийн чухал салбар.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ой 2021 онд тохиосон. Хагас жарны хөгжлийг туулахдаа Монголын хөрөнгийн бирж 2021 оных шиг амжилттай ажиллаагүй билээ.

Ялангуяа цар тахлын хүнд жилүүдэд иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь энэ салбарыг урагш том алхам хийх хөшүүрэг болсон гэж болно. 

Тус салбарт 2021 онд гарсан ГОЛ ӨӨРЧЛӨЛТ юу байсныг эргэн сануулж байна. 

НЭГ. Цар тахлын хүнд үед Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮5.8 их наядыг давав

2020 болон 2021 он бол Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй эдийн засгийн томоохон хямрал дэлхий нийтэд нүүрлэсэн он жилүүд болон түүхэнд бичигдэж байна. Улс орон болгон халдварт өвчинтэй тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийн хүндрэлийн нөлөөллийг бууруулж, ажлын байраа хадгалж, өрхийн орлогыг дэмжихийн тулд бэлэн мөнгө хүртэл тарааж байв. 

Монгол Улсын хувьд дотоодын халдвар 2020 оны сүүлчээр бүртгэгдсэн ба 2021 оны дөрөвдүгээр сард хамгийн сүүлчийн хатуу хөл хориог тогтоохдоо иргэн бүрд 300,000 төгрөг бэлнээр тараасан юм. Үүнээс өмнө НДШ-ийг тэглэж, ипотекийн зээл төлөлтийг хойшлуулж, хэрэглээний ус, цахилгаан, дулааны үнийг төрөөс даах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Харин дэлхий даяар энэ мэт цар тахлын эсрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн нь хүмүүсийн хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, орон зай бий болгосон хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж буй.

Монголд ч мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрэхэд энэ үзэгдэл нөлөөлсөн гэж болно. Тодруулбал, Монгол Улсын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа ₮5.8 ИХ НАЯД гэсэн хэмжээнд хүрсэн юм. Арванхоёрдугаар сарын 20-ны байдлаарх энэхүү дүн нь өмнөх оноос ХОЁР ДАХИН тэлсэн үзүүлэлт.

Дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20 индекс л гэхэд 49,252 нэгжид хүрсэн нь өнгөрсөн оноос 121% ӨССӨН үзүүлэлт болов. Үүгээрээ Монгол Улс Дэлхийн хөрөнгийн захад 2021 онд өсөлтөөрөө тэргүүлсэн юм. Энэ үзүүлэлтийг харгалзан олон улсын санхүүгийн мэдээллийн Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр Монголыг нэрлэсэн. 
 

Дээрх график нь зах зээлийн бүх үзүүлэлт өссөн дүнтэй байгааг харуулж байна.

Ийнхүү өсөлт гаргаснаар Хөрөнгийн зах зээл Монгол Улсын ДНБ-ий 12%-д хүрлээ.

ХОЁР. 1.4 их наяд төгрөгийн АРИЛЖАА

Монгол Улсын нийт хүн амын 75% буюу 2.5 сая иргэн үнэт цаасны данс эзэмших болов. Хэдийгээр бүгд идэвхтэй гэж хэлэхгүй ч данстай болж байгаа нь энэ зах зээлд хөрөнгө оруулах эхний алхам билээ. 

​​​​2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж нийт 1.4 ИХ НАЯД төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь мөн л 30 жилийн түүхэнд дээд үзүүлэлт болж байна.

Өдрийн дундаж арилжаа л гэхэд 5.8 тэрбум төгрөгт хүсэн нь өмнөх оныхоос 22 ДАХИН ӨССӨН үзүүлэлт юм. 

 

ГУРАВ. Хөрөнгийн зах зээлд ЕСӨН шинэ БҮТЭЭГДЭХҮҮН

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах потенциал байвч бүтээгдэхүүний сонголт муу байгаа талаар олон жил ярьж ирсэн. Тэгвэл 2019 оноос хойш Хөрөнгийн бирж дээрх шинэ бүтээгдэхүүний төрөл хэмжээ өссөөр 2021 онд л гэхэд ЕСӨН шинэ бүтээгдэхүүнийг санал болгов. 

Ялангуяа, Банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд монголчууд анх удаа арилжааны банкны хувьцаа эзэмших боломж бүрдсэнийг онцлох хэрэгтэй.

Улирч буй 2021 онд есөн шинэ бүтээгдэхүүний хувьцаа гаргахад бүгд 100% биелсэн бол "CU" хувьцаа 160% биелсэн нь мөн онцлох тоо юм. 

 

ДӨРӨВ. 37 компани ₮162 тэрбумын НОГДОЛ АШИГ тараав

Иргэдийн хөрөнгө оруулалт үнэ цэнтэй байх ёстой. Ашиг өгөхгүй бол дахин хөрөнгө оруулахгүй.

Тэгвэл түүхэндээ анх удаа 37 компани хувьцаа эзэмшигчдэдээ нийт 162 ТЭРБУМ төгрөгийн НОГДОЛ АШИГ хүртээв. Энэ нь өнгөрсөн оноосоо 6% өссөн дүн юм. 

Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 192 компанийн үнэт цаас, бондыг арилжаалж байгаа ба 2021 оны нийт арилжааны дүнгийн 75%-ийг компанийн бонд эзэлжээ. 

 

Харин хоёрдогч зах зээлд 148 компанийн үнэт цаасыг гаргаж, 226 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. 

ТАВ. FTSE RUSSELL группийн “Watch list”-д орлоо 

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч FTSE RUSSELL-ийн хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтад оров. Монгол улсын хөрөнгийн зах зээл 2017 онд тус жагсаалтаас хасагдсан хэдий ч зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, МХБ болон FTSE Russell группийн олон удаагийн уулзалтын үр дүнд “Ажиглалтын жагсаалт”-д эргэн орсон нь энэ байв. Энэхүү “Watch list” -д багтсанаар олон улсын хөрөнгө оруулагчид нэмэгдэх, зах зээл тэлэх зэрэг давуу талтай. 

2021 он эрх зүйн зарим шинэчлэлтээс гадна хамтын шинэ ажиллагааны эхлэлийг тавьсан жил байв. 

Монголын Хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Дэлхийн ТОП таван биржийн нэг болох тус хөрөнгийн биржтэй хамтран ажиллах болсон нь цаашдын гадаад хамтын ажиллагааны нэг чухал алхам байв. Харин Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийг олон улсын санхүүгийн төвүүдэд сурталчлах ажлыг төр засаг, хувийн хэвшил хамтран эрчимтэй хийх шаардлага үүний цаана хэвээр бий.

Эрх зүйн хувьд шинэчлэлүүд хийгдсэнийг дээр дурдсан. Тухайлбал, 

  • “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”, “Биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн журам”, “Бүртгэлтэй компаниас олон нийтэд мэдээлэл хүргэх журам” шинээр боловсруулав.
  • “Анхдагч зах зээлийн арилжааны журам”, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын нэмэлт өөрчлөлт оров.
  • ESG буюу Байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.