Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Цөмөөхэй” бүжгэн жүжиг эргэн ирж байна

A.Жаргал
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Цөмөөхэй” балетын талаар сонсож байгаагүй, мэддэггүй хүн гэж байхгүй биз ээ. Хоффманы үлгэрээс сэдэвлэгдэж суут П.И. Чайковскийн хөгжим, М.Петипа болон Л.Ивановын дэглэлттэйгээр анх 1812 онд Санкт-Петербург хотод 2 үзэгдэлт балет тавигдаж байсан нь өнөө үед дэлхийн хамгийн алдартай, үзэгчдийн хайртай бүжгэн жүжиг болсон билээ.

Дэлхийн хөгжингүй улсуудад Зул сар, Шинэ жилийн баяраар сонгодог бүжгийн театрын тайзнаа тоглогддог энэхүү бүжгэн жүжгийг Монгол Улсад шинээр найруулан тавьж, бүжигт хайртай хүүхэд багачуудыг оролцуулан ид шидийн гэмээр дурсамж үзэгчид болон оролцогчдод аль алинд нь мэдрүүлэх төслийн санаачилгыг МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг гаргаж 2014 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа амилуулсан.

 

“Цөмөөхэй” балет нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна олон мянган оролцогч хүүхэд багачуудад баяр баясал бэлэглэх, мэргэжлийн бүжигчин болох мөрөөдөлтэй бяцхан бүжигчдэд анхны гараагаа хийх боломж олгох гэх зэрэг олон ач холбогдолтойн учир цаашид жил бүр уламжлал болон Монгол Улсын үзэгчдэд хүрсээр байх болно.

2020 онд цар тахлын улмаас нэг жил өнжсөн “Цөмөөхэй” балет нь 2021 оны 12-р сарын 18, 19, 24, 25, 26-ны өдрүүдэд тоглогдох баяртай мэдээ байгаа билээ. МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг биечлэн ирж найруулан, бүжигчид болон оролцогч хүүхдүүдтэй бэлтгэл сургуулилалт хийж “Цөмөөхэй” балетыг УДБЭТ-ын тайзнаа амилуулахад бэлэн болоод байна. 

 
 

Энэ жил цар тахлын улмаас цөөн хүүхэдтэйгээр тавигдаж байгаа бөгөөд бяцхан бүжигчдээс тоглолтын гол дүр Клара охинд  Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Г.София, Н.Аззаяа, Т.Есүй, Х.Тэгшжаргал болон Монгол Улсын консерваторийн сурагч Б.Буянхишиг нар тоглоно. Харин мэргэжлийн бүжигчдээс Амттаны дагинад УДБЭТ-ын тэргүүн гоцлоочид болох МУГЖ, Монгол Улсын Соёлын элч О.Анужин, МУСТА Б.Саранбямба, МУСТА Г.Батчимэг, МУСТА М.Нандинцэцэг нар, Цөмөөхэй ханхүүд МУСТА А.Эрдэнэболд, МУСТА Д.Нацагдорж, Ө.Мөнхжин, Х.Галтулга нар тоглох билээ. Энэ удаагийн “Цөмөөхэй” тоглолтыг Сонгодог урлагийг дэмжигч Хаан банк, Эрхэт Монгол Групп албан ёсоор дэмжиж нэрээ тамгалж байна.

 

Жил бүрийн хамгийн эрэлттэй тасалбарыг та захиалж хараахан амжаагүй байгаа бол УОК-ийн зааварчилгааны дагуу зөвхөн вакцины 3-р тунд хамрагдсан үзэгчдийг гэрчилгээг харгалзан танхимд оруулахыг анхаараарай.

Мөн 12 болон дээш насны хүүхдүүд вакцины 2-р тунгийн гэрчилгээгээ үзүүлэн “Цөмөөхэй” балетаа үзэх боломжтой.

Хоол хүнсний зүйл тоглолт болох газар борлуулах хориглогдсон хэвээрээ байгаа тул үзэгч олон мөн анхааралдаа авах нь зүйтэй биз ээ. “Цөмөөхэй мухлаг” нь энэ жил дахин ажиллах бөгөөд том жижиг модон цөмөөхэй тоглоомууд, жинжер хүүхэлдэй, чамин чимсэн балетын шаахайнууд болон балетын хувцас хэрэгслийн үзэсгэлэнг та уламжлал ёсоор тоглолтын өдрүүдэд УДБЭТ-ын фойенд үзэж сонирхоорой.

Үзсэн хүн бүхний сэтгэлийн гүнд тодхон үлддэг “Цөмөөхэй” балет сонгодог бүжгийн олон мянган бишрэгч, дэмжигч болон хүсэл мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэдэг зуу зуун бүжигчдийг цаашид төрүүлэх нь дамжиггүй.