“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 304,874 ам.доллар буюу 868,733,373 орчим төгрөг бүхий “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл” -ийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зураг ёслолын арга хэмжээнп Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар оролцов.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 572 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих анхны төсөл болсон байна.
Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!