Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын төв болон өмнөд мужуудыг дайрсан хуй салхины (tornado) туулсан зам түүхэнд хамгийн уртад тооцогдож болзошгүйг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Уг хуй салхи Баасан гарагийн оройгоос Бямба гарагийн өглөө хүртэл үргэлжлэхдээ зөвхөн Кентаки мужид 74 хүний амийг хөнөөсөн нь одоогоор тогтоогдоод байна. Бусад дөрвөн мужид 14 хүн амь үрэгджээ.
Сураггүй болсон хүмүүсийн хувь заяа тодорхой болсны дараа энэ тоо нэмэгдэх юм.
Кентаки мужийн захирагч Энди Бешир “Энэ бол бидний урьд өмнө үзэж байгаагүй хор хөнөөлтэй хуй салхи байлаа” гэж ярьжээ.
Арканзас мужаас Кентаки хүртэл маш хурдтай шилжсэн хуй салхи нийтдээ 358 км зам туулсныг Америкийн зарим хэвлэлүүд мэдээлжээ. 1925 оны гуравдугаар сарын 18-нд Миссоури, Иллиноис, Индиана гурван мужийг дайрсан хуй 352 км зам туулсан нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт юм байна.
Салхины үзүүлэлтүүдийг албан ёсоор бүртгэж эхэлсэн 1950 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сард тохиолдсон хуй салхинуудаас зөвхөн ганц нь 160 км-аас урт зам туулж байсныг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Харин 80 км-ээс урт зам туулсан хуй салхи арванхоёрдугаар сард ердөө 17 бүртгэгдэж байсан байна. Жил бүр АНУ даяар дунджаар 1,200 хуй салхи бүртгэгддэг. Хуй салхины хамгийн идэвхтэй үе хоёрдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг байна.
Тэгвэл 2010-2019 оны хугацаанд жилийн аль ч үед бүртгэгдсэн хуй салхинууд дотроос 160 км урт зам туулсан тохиолдол дөрөв л байжээ. Гэхдээ тэдний аль нь ч 240 км хүрээгүй байна.
Сүүлийн үед хуй салхины хүч нэмэгдэх болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй хамаатай эсэхийг эрдэмтэд судалж байгаа ажээ. “Хуй салхи болон уур амьсгалын өөрчлөлт хоёрын хамаарлыг яг тогтоож чадаагүй. Одоо маш олон судалгааны ажлууд хийгдэж байна” гэж AccuWeather байгууллагын цаг агаарын судалгаа хариуцсан захирал Дэн ДеПодвин ярьж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!