Уншиж байна ...

Р.Болд: "Хүний нохой хооллоно" гэж зүтгэдэг Засгийн газар бас байдаг аа

Г.Мөрөн, iKon.mn
6 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хэрэгжүүлэх зарим төсөл эдийн засгийн хувьд үр ашиггүй, ирээдүйд өр болоод үлдэх гэж байна хэмээн эдийн засагч Р.Болд шүүмжилж байна. Тэрбээр "Улстөрчийн “хорин минутын хот” гэх уянгалаг урианд автаж 50 минут явах газрыг богиносгоод 20 минут явахын тулд дархан цаазат уул, унаган байгалиа сүйтгэх, түүндээ өөрт байхгүй их мөнгийг зарцуулах гэж буй бол энэ нь манай гараг дээр урьд өмнө тохиолдож байгаагүй мунхаглал болох байх" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүний бичсэн нийтлэлийг хүргэе. 



Сүүлийн жилүүдэд монголчууд бид их бүтээн байгуулалт нэрийн дор нэлээд хэдэн мухар зам барих шив дээ. Уул нь аливаа зам нэвт шувт явж, холбогдож байж үүргээ гүйцэтгэдэг билээ. Гэтэл манайхны сүр дуулиан болгон, сүүлчийн зоосоо шавхан байж барьсан зам маань ихэнхдээ мухар, ажиллагаагүй байна. Бүүр санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй олон арван километрээр зөрүүлж барьсан байх юм.

Гашуун сухайтын 233 км, Шивээ хүрэнгийн 227 км, Хангийн 226 км төмөр зам барьжээ. Эдгээр замууд бүгд мухар, ажиллагаа байхгүй. Таван толгой – Зүүнбаян чиглэлийн 416 км ажилтай, ажилгүй нь үл мэдэгдэх зам бас барив. Төмөр замуудад зарцуулсан хөрөнгө мөнгө 10 их наяд руу ойртжээ. Арван их наяд гэж үзвэл алдагдал нь жилд хамгийн багадаа нэг их наяд төгрөг юм уу даа. Төмөр замууд ашиглалтад ороод олон жил өнгөрчихлөө, алдагдал нь олон их наяд төгрөг боллоо. Одоо хил холболт хийхэд ахиад олон их наяд зарцуулна гэнэ ээ. Олон жил шаардлагатай юм байх. 1,100 км төмөр зам зэврээд дууслаа.

Энэ их алдагдал, үр ашиггүй “бүтээн байгуулалт”-ын төлөө нэг ч албан тушаалтан, мяндагтан ямар ч хариуцлага хүлээсэнгүй, авч хэлэлцсэн нь ч үгүй, аудитор нь ганц үг ч ган хийсэнгүй. Орлого олдоггүй, зөвхөн алдагдал үйлдвэрлэдэг, овойж товойсон ажилгүй атлаа оцойтол, гэдийтэл урамшуулал, шагнал авдаг дарга нартай болов оо. Хулгай хийж, хумсалсныг нь ч барьж чадалгүй удлаа. Тэрхүү аугаа бүтээн байгуулалтаас төрсөн хөдөлмөрийн баатар нь хулгайлсан доллароо чемодалж аваад алга болсон, олддоггүй ээ.

Өдгөө мухар зам барих хобби төмөр замаас авто зам руу халдварлаж байна. Яармагийн дэнжээс Туул гол дээгүүр дамнуулж тавьсан 80 тэрбумын өртөгтэй зам гүүр мухарджээ. Үндсэн зорилгоо биелүүлж төв замтай холбогддоггүй ээ. Түгжрэл буурдаггүй ээ, улам нэмэгдээд байх боллоо.

Бид түүхэн гэмээр сонголтын өмнө байна. 190 мянган хар утаа савсуулдаг яндан, 680 мянган хорт угаар гаргадаг нүхэн жорлонгоос салах уу, эсвэл хорин минут давхих хонгил барих уу гэдэг сонголт

Одоо дараагийн “их бүтээн байгуулалт”-аа хийн ээ гээд хөрөнгө мөнгийг үрж эхэллээ. Бидний хувьд асар их өртөгтэй бас нэг “мухар” зам барих гэж хийрхэх боллоо. Их бүтээн байгуулалт – Мега төсөл - 5.5 их наядын туннел. Зураг төсөл боловсруулах, дарга цэрэггүй гадаадад явж туршлага судлах танилцах, зөвлөх үйлчилгээ авахад нэмэлтээр бараг хагас их наяд төгрөг зарцуулах төлөвтэй. Нийтдээ 6 их наяд төгрөг. Ард түмний амьдрал ахуй дээшилж, авто замын түгжрэл буурна гэнэ. Өөдөө үсрэнгүй тэмүүлэх юм байх аа. Сая Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу Шанхайд морилж хонгилын тухай кино ший үзэж байх юм. Хонгилдох киног Монголдоо авчруулаад айван тайван үзэх боломжтой атал заавал зардал гаргаж Шанхайдах хэрэг байна уу. Тэдний тансаглалд татвар төлөгчдийн хөлс хүч, мөнгө үрэгдэж буй учраас бухимдаад байна.

За би энэ туннелээр сайхан давхилаа, уулын цаад талд учиргүй их юу байна аа? Их хот байна уу, олон жил ярьж олон тэрбум төгрөг захиргаанд нь үрсэн Хөшгийн хөндийн нөгөө дагуул хот чинь ярайж язганаж байна уу?  Эсвэл Их Майдар хот нь нүржигнээд нүүгэлтээд байж байна уу. Үгүй юм аа, олон сонгууль дамнан сүржигнэсэн боловч харамсалтай нь тэр хөндийд бидний босгосон нэг ч байшин, модон амбаар ч алга. Харин япончуудын барьж байгуулсан нь байна аа, найдвартай ажиллаж байгааг харлаа. Энэ туннел чинь үндсэндээ мухар юм байна шүү.

Богд уулын цаад аманд Засгийн газрын байгууллагуудын цогцолбор барих гэнэ. Дарга нарын энэхүү цогцолборт зориулж хонгил барих гэж байгаа юм уу даа, түгжрэл үнэхээр буурах юм уу, шинжлэх ухааны нотолгоотой үнэн бодит хариу өгөөч!

6,000,000,000,000 төгрөг, ядарсан монголд их мөнгө шүү. Хоёр өрөөтэй 56 м.кв талбайтай 50,000 шинэ орон сууц бий болгох мөнгө. Орон сууцыг борлуулбал 7 их наяд өлхөн давна. 50 мянган боловсон орон сууц барьчихвал Улаанбаатарчуудын уушгинд мөн ч их тустайсан. Амьсгалж буй агаар нь бодитоор сайжирна, хөрсний бохирдол, өвчлөл эрс буурна.

200 мянган хүн өвлийн тэсгим хүйтэнд гадаа гарч нүхэн жорлонд бие засдаг явдлаас сална. Идэр ес тачигнасан шөнө бие давхар эх, бяцхан багачуул гадаа баах зовлонг ордны ихэс дээдэс яахан мэдэх билээ. УИХ, Засгийн газрын гишүүн эрхэмсэг хатагтай нар маань түүгээр нэг очоод хүндэрч мэдрээсэй. Жорлон бол эрүүл ахуй, таашаалтай амьдралын эхлэл.

Харин уул нүхлэх 6 их наядаа ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулбал гэр хорооллын 190 мянган өрх бараг бүгдээрээ шахуу боловсон орон сууцанд морилж Утаанбаатар чинь 90 хувиар хорт утаанаас ангижрах боломж харагдаж байна. Утаа гаргадаг яндангүй хот болно, утаанаас баталгаатай сална.

Ипотекийн зээлд очсон мөнгө үржигдэнэ, өснө, эргэж ирнэ. Уул ухахад зарцуулсан мөнгө өр болж үлдэнэ. Өр ард түмний нуруун дээр л ирнэ. Орон сууц барих мөнгө үндэсний компанид очно, татвар болж төсөвт дэмжлэг болно. Хонгилд очсон мөнгө хойшоо урагшаа гараад явчихна, эргэж ирэхгүй. Үүгээрээ энэ хоёр мөнгө ихээхэн ялгаатай.

Бид түүхэн гэмээр сонголтын өмнө байна. 190 мянган хар утаа савсуулдаг яндан, 680 мянган хорт угаар гаргадаг нүхэн жорлонгоос салах уу, эсвэл хорин минут давхих хонгил барих уу гэдэг сонголт. “Үхлийн хөндий” юу, эсхүл аз жаргалтай Улаанбаатар уу? УИХ улсын төсвөө дахин нягталж хэлэлцэхээр боллоо, алтан агшныг алдаж болмооргүй байна.

Улстөрчийн “хорин минутын хот” гэх уянгалаг урианд автаж 50 минут явах газрыг богиносгоод 20 минут явахын тулд дархан цаазат уул, унаган байгалиа сүйтгэх, түүндээ өөрт байхгүй их мөнгийг зарцуулах гэж буй бол энэ нь манай гараг дээр урьд өмнө тохиолдож байгаагүй мунхаглал болох байх. Бидний өмнийн говьд хийсэн зууны мунхаглал багадаагүй шүү. Мянганы хүн төрүүлсэн үндэстэн мянганы мунхаглал хийж бөмбөрцгийн элэг доог болох вий дээ. Монголын төр монгол үндэстнээ эвгүй байдалд оруулж, ичгэвтэр болгохгүй шүү. Долоо хэмжиж нэг огтолно оо, инженер, эдийн засагч даа, эрхэмсэг түшмэд ээ, төрийн түшээд ээ!

Ерөөс энэхүү хонгил өртөгтэйгөө харьцуулахад үр ашиг нь тодорхой бус аж. Хонгилын үзүүрт мэдэгдэхүйц тод гэрэл гэгээ харагдахгүй байна. Их удирдагчийн улстөржсөн амбицаас болж татвар төлөгчдийн мөнгийг тавиад туух гэж байна.

Гадны компанийг тэтгэхийн оронд монголчуудаа орлоготой болговол яасан юм бэ? Мөнгө санхүүжилт нь саадгүй байвал монгол барилгачид 190 мянган орон сууцыг 100 хувь өөрсдөө барьж чадна, тэд энэ ажлыг зургаан жилд л гялалзуулна. Тэдэнд итгэ!!! Тэд төрөл бүрийн түвшний орон сууцыг барьж чаддаг гэдгээ амьдрал дээр батлан харуулсан билээ. Бидэнд орон сууц мэтийг барих потенциал, туршлага байна. Иргэд нь ажил, орлоготой байвал төр нь түмэндээ буянаа түгээж байна гэсэн үг. “Үхлийн хөндий”-г аз жаргалтай, хийморьтой хөндий болгох бодит боломж байгааг ашиглаач.

Нэгэнт өөрийн иргэд нь хийж чадах бүтээн байгуулалтыг юун түрүүнд дэмжих нь зүйтэй мэт. Мөнгөө гаднын компанид өгнө гээд буй төр засгийг ойлгоход бэрх байна аа. “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэдэг. Хүний нохой хооллоно гэж зүтгэдэг Засгийн Газар бас байдаг аа. Ер бусын үзэгдэл юм уу даа. Аль эсвэл ах нам маань ардчилал, тэгш байдалд суралцаж байгаа юм болов уу. Тэгш байдалд тэчъяадан тэмүүлэх нь угтаа бол тэнэглэл шүү. Тэгш боломж бол өөр хэрэг. Ерөөс хүний нохой тэжээх сонирхолтой засагтай байхад Монгол өөдлөхгүй ээ.

Хэмнэх гэж буй 30 минут нь хөрөнгө мөнгө муутай Монголд бол арай л дэндсэн үнэтэй байна. 30 минут = 6,000,000,000,000 төгрөг. Галзуурсан засгийн цацах мөнгө. Хэмнэлт бус хэтэрхий үрэлгэн байдал. Мөнгө зоос нь бялхсан баян оронд ч ийм үрэлгэн зүйл хийхээс эмээдэг юм. Ингэж мулгуутахын оронд Туулын хурдны зам, метро, холбоос замуудаа даруй барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Хөшигийн хөндийн дагуул хотоо бодитоор барьж эхэлмээр байна. Ярих нь ихдээд, янцаглах нь удаан байна. Дарга нар олон гоё хот байгуулна, гийгүүлнэ хэмээн дөвчигнөж ханахгүй юм. Зураг төсөл, хөдөлгөөнт график, зураг дизайн, анимишн хийж амьтны тархи угаахад яасан их мөнгө цацаж байна аа, энэ эрхтэн дархтнууд.

Өнгөрсөн сонгуулиар Алтантэвшийн хөндийд арван дөрвөн хот ярайтал боссон. Миний тоолсноор баруун бүсэд 100 үйлдвэр босох шиг болсон. Сонгуульдаад байвал үйлдвэр, хотууд язганатал босоод байх юм биш үү, Таминь ээ.

Эхлээд ганцхан ширхэг “гоё” хотоо л цаасан дээр биш тал дээр байгуул л даа. Тэр ажлаасаа туршлага ав л даа, суралц л даа, алдаа оноогоо засаад дараагийн супер хотоо байгуул л даа. Нэгэн зэрэг олон хот цогцлоох чадал чансаа Монголд одоогоор байхгүй ээ. Тэгээд ч олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог жамтай. Ер нь манай их удирдагчид цээжээ дэлдсэн, романтик, нялхсын өвчнөөсөө нэн даруй салмаар байна, хөрсөн дээрээ бууж хөнжлийнхөө хэрээр хөлөө жиймээр байна. Чөлөөт бүс, үйлдвэр технологийн парк гэх үлгэрээсээ хагацал даа. Эдгээр үлгэрийг гучин жил ярилаа, үнэхээр их мөнгө зарлаа, одоо болих хэрэгтэй. Улсын мөнгө уйлдаггүй тулдаа л тэсэж байна. Татвар төлөгчдийн хайран хөлс, мөнгө. Эдийн засгийн чөлөөт бүс бол үеэ өнгөрөөсөн үлгэр шүү, балчир хүүхэд ч сонсохоос өнгөрсөн.

Хэмнэх гэж буй 30 минут нь хөрөнгө мөнгө муутай Монголд бол арай л дэндсэн үнэтэй байна

Алив бүтээн байгуулалт алдаа оноогүй, эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Эдийн засгийн ашгийг эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шалгуур болгохгүй нь мэдээж. Бусад нь бол эдийн засгийн үр ашгийн шалгууртай байх учиртай. Хувьсгалт уриа лоозонгоор халхавчилж бүтээн байгуулалтын мөн чанар, үр ашгийг орхигдуулж байгаа нь биднийг алдагдал, мухардалд оруулж, улмаар дааж давшгүй өрөнд унагаж ард түмний амьжиргааг доройтуулж байна. Өр төлөх гэж иргэд чинь зовлогоо зовоож, үйлээ үзэж байна.

Иймээс хонгилдохоо хорин жилээр хойшлуулъя, ирэх оны төсөвт хонгилын зураг зурна гэж суулгасан 55 тэрбумаа төсвийн тодотголоор өөрчилж орон сууцны хорооллын зураг төсөлд зарцуулъя. Уул нүхлэхэд зарцуулах 6 их наядаа иргэдээ тохилог орон сууцтай болгоход зориулъя, утаанаас ангижиръя, угаартаж үхэж байгаа явдлаас салъя. Улаанбаатар хотын хөрс усыг бохирдуулж байгаа 680 мянган нүхэн жорлонгоос салъя. Зөвхөн үүнийг хийхэд л ирэх сонгуульд Та бүхэн ялна. Монгол жинхэнэ ёсоор ялна. Уул ухвал унана. Унах нүхээ урьдчилан ухаж муу ёрлодог улс төрийн бүлэглэл байж болохгүй, Ардын намынхаан. Бусад нь бол явцгүй болсон, булшныхаа аманд ойртсон. АН маань аальгүйтэх зан нь хөдлөөд ах намтайгаа амраглахыг илүүд үзэх болсон нь амьтны дургүйг хүргэсэн. Авралын од нь мөддөө ирэхээргүй болсон. Ард иргэд аальгүй, албан тушаалд дурлагсдад итгэл алдарсан.

Ордонд байгаа эрхмүүд жаахан тоо боддог, харьцуулдаг болмоор байна. Алив төслийг шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурлаж ярьж хэлэлцмээр байна. Том даргын үгийг үнэмлэхүй үнэн мэт дагаж хуйлардгаа эргэцүүлж нэг бодвол яасан юм бэ, Эрхэм гишүүд ээ. Салхи дагаж санжигнах нь алсдаа явуур муутай шүү.

Өөрсдөө баян чинээлэг байж болно, харин удирдаж байгаа ард түмэн тань тийм баян цатгалан биш шүү дээ. Сүрэг сүргээрээ гадаадад явж том том бүлтэрнэ, дотооддоо бол чамин нэртэй хурал чуулган, симпиозум хийгээд цэцэн мэргэнээ гайхуулаад, өөрсдийгөө магтаад салахгүй. Байгаль эхийн бүтээсэн баялгаар зогсоо зайгүй бахархаж даналзаад байх нь амьтны хөх инээд хүргэхээс цаашгүй, тийм ч оновчтой бахархал биш ээ. Өдгөө татвар төлөгчдийн мөнгөөр хийдэг тансаг хурал чуулганд нь гадаадын хөрөнгө оруулагчид тоож ирэхээ болив оо, хууль журам нь тогтворгүй, худлаа ярьдаг, хулхиддаг улстай юугаа ч ярих вэ, цаг мөнгөний гарз гэж байна.

Өнгөрсөн зуунд бид алтан дээр суусан гуйлгачингууд байсан бол шинэ зуунд утсаа маажсан гуйлгачин нэртэй болсныг нуугаад яах вэ.

Хөшгийн хөндий бол УБ-аас говийнхны ярьдгаар жирэмсэн эмэгтэйн шээх төдий л зайтай газар. Түүнийг товчиллоо гээд эдийн засгийн ихээхэн үр ашиг гарах уу, Таминь ээ. Бодох, харьцуулах, шинжлэх, сонжих шаардлагатай байна. Дарга нар гадаадад их явдаг тул нисэх буудалдаа хурдан очих сонирхолтой юм шиг байна лээ. Саявтар Засгийн газрын гишүүн, нэгэн сайд тэр тухай ярьсныг уншсан. Мань сайд ч галзуу баян эр л дээ. Тэгэж яараад байгаа бол нисэх буудал руугаа хувийнхаа нисдэг тэрэг, тийрэлтэт хөлгөөрөө хүргүүлнэ биз дээ. Заавал ард түмний асар их мөнгө зарж дархан цаазат уул нүхэлж тансаглах хэрэг юу байна ?!  Амин хувийн ая тухыг бодож ажил хийхгүй шүү, ард нийтийнхээ ахуй амьдралыг анхдагчаар бодно шүү, сайд дарга нар аа.

Ядаж байхад Засгийн газарт байгаа АН-ын хэдэн сайд сул дорой, дэндүү өлбөгөр, бөөрөнхий байх юм. Өлбөгөр үхээнц, гөлөг царайлсан байдлыг нь харахаар үнэхээр эгдүүтэй, цохиод авмаар. Энэ нам идэр насандаа ингээд эгдүү, инээд хүргээд эрүү толгой салгах гээд байдаг боллоо. Ах намын дарга засгаа бүрдүүлэхдээ АН-аас далайсан үед далд орж, далласан газар ил гарч ирэх, ноолоход амар, үхсэн амьд нь үл мэдэгдэх нөхдүүдийг сонгож авсан байдаг. ХҮН намаас хөөрхөн хүүхэлдэйнүүдийг нь авч таарсан. Эндээс иргэдийн уур бухимдал төрөх болсон. Даанч харамсалтай нь парламентад олигтой дуугарчих сөрөг хүчин алга. Бүгд нэг хөнжилд орчихсон самуурч байна. Ажиглаваас төрийн ордон дахь морь унасан толгойгүй хүний тоо өмнөхөөсөө буураагүй бололтой.

Эцэст хэлэхэд монголын эдийн засгийг монголын улстөрчид л алдаг шүү. Манай мундаг улстөрчдийн хийдэг хамгийн дуртай ажил бол бусдын тархийг угаах. Харин тэд өөрсдийн бөндгөрийн хир буртгийг угааж цэвэрлэх, салхи оруулах тун дургүй байх юм даа.

Эдийн засагч Р.БОЛД