Уншиж байна ...

"Төрийн албан хаагч иргэдийн хүсэлтийг шийдэхэд сэтгэл гаргаж ажилладаг байх тал дээр анхаарах хэрэгтэй"

Б.Манлай
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын 300 албан хаагч оролцож байгаа аж.

Энэ талаар Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг үүрэг, хариуцлагыг тогтоож өгсөн.

Тухайлбал төрийн албан хаагч иргэдийн асуудлыг анхааралтай сонсож, хууль тогтоомжоор олгосон үйл ажиллагааны хүрээнд хариу өгдөг байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч мэргэжил болон харилцаа хандлагын хувьд ямар үүрэг хүлээж байна вэ гэдгийг сургалтаар хэлэлцэн таниулж байна.

Мөн албан хаагч алдаа гаргах нөхцөл байдал хэрхэн үүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, алдаа, зөрчил гаргахгүй байлгахад сургалт чиглэлээ.

Өнөөдрийн сургалтад оролцож байгаа нийслэл болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд эдгээр хэм хэмжээ, үүрэг, зарчмыг манлайлан мөрдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч, шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх ёс зүйн зарчмыг баримтална” хэмээн заажээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлж сайжруулдаг. Албан хаагч хувийн харилцаа, хандлага болон иргэдийн хүсэлтийг шийдэхэд сэтгэл гаргаж ажилладаг байх тал дээр анхаарах хэрэгтэйг сургалтын үеэр онцлов.

Төрийн албан хаагч ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх үүрэгтэй байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг