Уншиж байна ...

Германы канцлер асан Меркел удахгүй хэвлэгдэх дурсамждаа Трампын зан аашны талаар илэн далангүй бичжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Европын удирдагчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шинэ засаг захиргаатай хэрхэн ажиллахаа тооцоолж, Цагаан ордон шинэ эзнийхээ дургүйг хүргэх зүйл ярихаас цэрвэж буй энэ цаг үед Германы канцлер асан Ангела Меркелийн дурсамж ном худалдаанд гарах гэж байна.

2021 оныг хүртэл 16 жил Герман улсыг удирдсаны дараа олны нүднээс хол нам гүм амьдарч байгаа түүний хувьд ялгаатай нь Трампаас огт айж эмээхгүй байгаа юм.

Германы Die Zeit сонин канцлер асны дурсамжаас Трамптай холбоотой зарим хэсгийг нийтэлжээ.

“Тэр бүх зүйлд улс төрд орохоосоо өмнө хийж байсан үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчийн байр сууринаасаа ханддаг. Үл хөдлөх хөрөнгийг авах боломж ганцхан удаа гардаг. Хэрвээ тэр биш бол өөр хэн нэгэн авна. Тэр дэлхий ертөнцийг яг ингэж хардаг. Түүний хувьд улс орнууд хоорондоо өрсөлдөж, нэгнийх нь амжилт нөгөөгийнх нь ялагдал болдог. Хамтран ажиллаж нийтээрээ хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжтой гэдэгт тэр итгэдэггүй” гэж Меркел бичсэн байна.

Трамптай харилцах нь түүний хувьд маш хэцүү асуудал байсан тул нэг удаа Ромын папаас хүртэл зөвлөгөө авч байжээ.

“Нэрийг нь хэлэлгүйгээр би түүнээс нөлөө бүхий хүмүүсийн зарчмын зөрүүтэй санал бодлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан. Тэр хэнийг хэлээд байгааг шууд ойлгоод ‘Уян хатан бай, гэхдээ хугарч, нугарахгүй байх нь чухал’ гэж зөвлөж байв. Надад энэ зөвлөгөө их таалагдсан” гэж Меркел дурссан байна.

АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнээс гаргахаар Трамп сүрдүүлж байх үед Меркел паптай уулзаж байжээ.

Түүний дурсамж номд 2017 оны гуравдугаар сард Цагаан ордонд болсон анхны уулзалтын талаар сэтгэгдэл нэлээд зай эзэлсэн байна.

“Бид хоёр өөр түвшинд ярилцаж байлаа. Трамп сэтгэл хөдлөлийн, би бодит байдлын түвшинд. Тэр миний ярьсан зүйлд анхаарлаа хандуулахдаа ихэвчлэн алдаа, буруутгах өнцөг олохыг хичээж байсан. Буцах замдаа би тийм ч таатай сэтгэгдэлтэй байгаагүй. Уулзалтаас би нэг дүгнэлттэй буцсан. Эвлэлдэн нэгтгэх зорилгоор Трамптай хамтран ажиллах боломж байхгүй юм байна” гэж Меркел бичжээ.

2017 оны уулзалтаар Трамп түүнээс ОХУ-ын ерөнхийлөгч Путиний тухай асууж байсан байна.

“Трамп надаас хэд хэдэн асуулт асуусан. Тэр дундаа миний Зүүн Германы гарал үүсэл, Путинтэй харилцах харилцааны талаар. Тэр Оросын ерөнхийлөгчийг их хүндэлдэг нь ойлгомжтой байсан. Дараа дараагийн он жилүүдийн харилцаанаас дарангуйлагч болон дарангуйлагч шинж чанартай улс төрчид түүнд таалагддаг юм шиг сэтгэгдэл надад төрсөн” гэж Меркел дурсжээ.

 

Эх сурвалж: Reuters