Уншиж байна ...

Трамп мэргэжлийн бөхийн том зүтгэлтнийг боловсролын сайдын албан тушаалд нэр дэвшүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп шинэ засаг захиргааныхаа гол албан тушаалуудад нэр дэвшигчдийг зарласаар байна.

Өчигдөр тэр Америкийн мэргэжлийн бөхийн гол байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг Линда Макмахоныг боловсролын сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа зарлажээ.

Макмахон нь мэргэжлийн бөхийн WWE (World Wrestling Entertainment) компанийг үүсгэн байгуулалцаж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан хүн юм.

Тэрбээр анх Дональд Трампыг улс төрд ороход нь гол хандивлагч байж, 2016-2020 оны засаг захиргаанд нь жижиг бизнесийн асуудал хариуцсан албан тушаал хашиж байжээ.

Дональд Трампын хувьд боловсролын яамыг тараахаа удаа дараа мэдэгдэж байсан. Тэрбээр ийм яам холбооны засгийн газрын бүрэлдэхүүнд байх хэрэггүй, боловсролын асуудлыг мужууд өөрсдөө хариуцах ёстой гэж үздэг.

Гэхдээ боловсролын яамыг тараахад Конгрессын дэмжлэг хэрэгтэй тул Трампын эрх мэдэл дутах магадлалтай.

Линда Макмахоны нөхөр Винс Макмахон нь мэргэжлийн бөхийн алдартай промоутерын хүү юм.

Тэрбээр аавынхаа бизнесийг үргэлжлүүлж, WWE компанийг байгуулсан нь өнөөдөр энэ салбарын тэргүүлэгч, Америкийн соёлын салшгүй нэг хэсэг болоод байна.

“The Apprentice” реалити шоуны од байх үедээ Трамп өөрөө мэргэжлийн бөхийн шоунд оролцож байсан. 2007 оны Wrestlemania шоунд оролцохдоо тэр бичигдсэн зохиолын дагуу өрсөлдөгчидтэйгөө тэмцэлдэж, дэвжээний голд Винс Макмахоны үсийг хусаж байжээ.

Линда Макмахон WWE байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалаас буусныхаа дараа улс төрч болсон. Тэрбээр 2010, 2012 онуудад хоёр удаа АНУ-ын Сенатын суудалд Коннектикут мужаас өрсөлдсөн ч аль алинд нь ялагдаж байжээ.

Эх сурвалж: Reuters