Уншиж байна ...

А.Ариунзаяа: Хүүхдийн төлөөх санд ₮22 тэрбумыг төвлөрүүлсэн. Үүнээс олон улсын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хүүхдийн Ордон нь хүүхдийн төлөөх үйлчилгээ, үйл ажиллагааны чанарыг сайжруулах, судалгаанд суурилсан шинэлэг арга зүйг хөгжүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн гурван жилд нэг удаа "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд" Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран зохион байгуулах болсон.

Зургаан жилийн өмнө болсон анхдугаар хурлаар хүүхдэд тулгамдаж буй асуудлын гарц, шийдлийг тодорхойлоход чиглэсэн бол 2021 оны хоёрдугаар хурлаар хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулахад хэрэгцээ шаардлага, түүний үр нөлөө, олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж байв.

Энэ удаагийн хурал нь Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 385 жилийн ойн хүрээнд таван салбар хуралдаанаар боллоо. 

Хуралд Монголын Хүүхдийн Ордны захирал Б.Цэнгэлмаа, Монгол дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, НЗДТГ-ын орлогч А.Амартүвшин, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн А.Ариунзаяа нар оролцлоо.

"Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд зарцуулах төсвийг найм дахин өсгөсөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "2024 оны нэгдүгээр сард "Хүүхэд хамгааллын тухай хууль"-д өөрчлөлт оруулснаар өмнө нь хүүхдийн аюулгүй байдалд төвлөрдөг байсан бол одоо хөгжилд мөн анхаардаг болсон.

Манай улс 2017 онд хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг санаачилгад нэгдсэн түүхтэй. Түншлэлийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхдийн сайн сайхан байдлын төлөө олон үе шаттай арга хэмжээ авсан. Ингэснээр 2017 онтой харьцуулахад хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг найм дахин өсгөж чадсан юм.

Энэ шинэчлэлийг хийхийн тулд эрдэмтэн судлаач, багш нарын үүрэг их чухал нөлөөтэй гэдгийг онцолъё.

Манайд одоогоор тулгамдаж буй зүйл нь хүүхдийн хүчирхийллийн асуудал. Эхний ээлжид түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээг аймгийн төвүүдэд байгуулах зорилго тавьсан. 

Энэ хүрээнд аймаг тус бүрд хамтарсан баг байгуулсан. Тэгвэл Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн хөгжилд анхаарсан нийгмийн ажилтны орон тоог бий болгосон. 

Мөн Хүүхдийн төлөөх санг байгуулсан. Энэ санд одоогоор ₮22 тэрбум төвлөрсөн байна. Үүгээр олон улсын тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлсэн хүүхдүүдийн шагнал, урамшууллын системийг санхүүжүүлж байна. 

Соёлын Яамнаас хүүхдийн хөгжилд анхаарсан бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дэмжиж байна. Харамсалтай нь олон нийтэд сайн ойлгуулж чадаагүйгээс шүүмжлэлд өртсөн. Хүүхдийн хөгжилд анхаарсан бодлого дутмаг байна.

Саяхан Колумб Улсад болсон НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан Дэлхийн Хүүхэд хамгааллын чуулганд оролцоод ирсэн.

Энэ чуулганаар манай улсын зүгээс

  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох талаар хийж буй арга хэмжээний тогтвортой байдлыг хадгалах,
  • Сум, хороо бүрд нийгмийн ажилтан ажиллуулж, эрсдэлд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд бүрд хамгаалах үйлчилгээг хүргэх,
  • Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, мэдээллийн сан байгуулах,
  • Гэр бүлийн хөгжлийн цогц төвийг аймаг, дүүрэг бүрд байгуулж, асран хамгаалагчийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх,
  • Бага насны хүүхдийн цогц хөгжлийг боловсрол, эрүүл мэндийн болон бусад салбарынхантай хамтран хэрэгжүүлэхээр олон улсад амлалт өгсөн" гэж ярилаа.